УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын төлөөлөл хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Насандэлгэр гэдэг шүүгч өөрийнхөө Захиргааны хэргийн шийдвэрээ хүчингүй болго. ХҮН дүүргийн сонгуульд орж байгаа. Нийслэлийн сонгуульд дэвших боломжгүй болсон 27 залуугийн сонгогдох эрх чөлөөг хааж байгаад бухимдалтай байгаа. ХҮН-ын 27 залуу ялах, ялагдах эсэх нь 30 дугаар асуудал. Иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халд. Энэ сонгуулийг сонголттой сонголт болгох нь зүйтэй гэж 10 мянган иргэн гарын үсэг зурсан. ХҮН яагаад сонгуульд орохгүй байна вэ гэвэл дотоод зөрчил, бичиг баримтаа дутуу өгсөн гэх мэдээлэл түгээж байна. Яг энэ асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийхдээ ХҮН-ын бичиг баримт бүрэн байна гэж мэдээлсэн. Гэтэл НИТХ-д нэр дэвших боломжийг Захиргааны хэргийн шүүгч н.Насандэлгэр хаалаа. Иймд нийслэлийн Сонгуулийн хороогоор дамжуулж манай залуус нэр дэвших эрхээ олж авна. Хэрэв хуульч Насандэлгэр гаргасан шийдвэрээ хүчингүй болгохгүй бол бид аравдугаар сарын 8-нд жагсаал хийнэ. Ингээд ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бид сонгогдох нь чухал биш. Сонгуульд оролцох нь чухал юм. Дүүргийн сонгуульд оролцож болдог, нийслэлийн сонгуульд оролцохгүй байж болохгүй” гэлээ
ХҮН нам НИТХ-ын сонгуульд оролцох боломжгүй болсон ч дүүргийн ИТХ-ын сонгуульд л оролцож болно
Сануулахад, Хөдөлмөрийн үндэсний намын нэр дэвшигчтэй холбоотой нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан асуудлыг нийслэлийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.Амартүвшин “Нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Бямбадэлгэр нарын нэхэмжлэлтэйгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр гомдол гарсан. Тус гомдлын дагуу 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас шүүгчийн захирамж албан ёсоор нийслэлийн Сонгуулийн хороонд ирлээ. 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 7337 шүүгийн захирамжаар нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн А/21 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн үндэсний намын 27 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг түдгэлзүүлсэн байгаа. Түдгэлзүүлсэн шийдвэртэй холбоотойгоор нийслэлийн Сонгуулийн хороо Хөдөлмөрийн намтай холбоотой аливаа үйл ажиллагаа явагдахгүй” гэж тайлбарлаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )