Өнөөдрөөс зургаан өдрийн өмнө буюу есдүгээр сарын 30-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд нийлэн хэвлэл мэдээллийнхэнд хандсан билээ.
Тэд Улаанбадрах сумын нутагт ураны орд түшиглэн, төсөл хэрэгжүүлдэг "Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэн нутгийн иргэд, мал амьтан хордож байна гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, цацраг, хөрс ус ургамалд хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон аж. Түүнчлэн хяналт, шалгалт хийсэн Ажлын хэсгээс өнөөдөр /2020.10.05/ дүгнэлтээ танилцууллаа.
Улаанбадрах сумын Ураны үйлдвэр орчимд шинжилгээ хийсэн Ажлын хэсэг нь хүний эрүүл мэнд, цацраг, хөрс, ус ургамал үйл ажиллагааны судалгааны эрх бүхийн шинжээчдийн багаас бүрдсэн гэж тайлбарлалаа.
Цөмийн энергийн комиссын ажлын албаны Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Э.Нямдаваа хэлэхдээ "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори, Улсын мал эмнэлгийн төв лабораторид цацрагийн хэмжээг шинжлүүлсэн дээжинд зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тун хэмжээ илрээгүй. Улаанбадрах сумын нутагт тохиолдож буй малын гажиг нь ураны улмаас бус цус ойртолт зэргээс хамаарсан малын гажиг байсан” гэсэн юм.
“Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс өгч буй мэдээлэлд “Дулаан-Уул, Зөөвч-Овоо хайгуулын ангиуд дээр Монгол Улсын МХЕГ-ийн баталсан цацрагийн хамгаалалтын төлөвлөгөөнд тусгасан цацрагийн хэмжилтийг тогтмол хийж байна. Цацраг хэмжилтийн багаж, төхөөрөмжийг талбай дээр ашиглахын өмнө МХЕГ-ын цацрагийн хяналт, шинжилгээний лабораторид шинжлүүлж, тохиргоо хийлгэж баталгаажуулдаг. Хөрсний цацрагийн түвшинг Сайншандын бүс дэх тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын хэмжээнд 30 байрлалд хянаж байна. Хөрсний дээжийг Цөмийн судалгааны төвийн лабораторид хүргүүлж, цацраг идэвхт изотопыг тогтоодог” гэсэн мэдээллийг өгч буй.
Тэгэхээр орон нутгийн иргэд, Иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн мэдэгдлийг төрийн холбогдох байгууллагуудын шинжилгээ болоод компанийн зүгээс ийнхүү няцаалаа.
Нэг зүйлийг тодотгоход, “Арева” компанийн үйл ажиллагаанаас болж мал амьтан хордлоо гэсэн мэдээллийг олон жилийн өмнөөс л Дорноговийн иргэд өгч ирсэн байдаг юм. Тухайн үед, “Арева”-гийн охин компани “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбон тайлбарладаг байлаа.
Тэгвэл өдгөө нэр нь дурдагдаж буй "Бадрах Энержи” компанийн 66 хувийг эзэмшигч нь Францын “Орано Майнинг”, Японы “Мицубиши корпораци”-ийн хувь нийлүүлсэн “Арева Монгол” ХХК эзэмшдэг. “Орано Майнинг” нь “Арева Монгол” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.
Улаанбадрахын мал амьтныг хордуулсан гэх асуудалд олон жилийн өмнөөс холбогдсон Францын “Арева” нэрээ “Бадрах Энержи” ХХК болгож өөрчилсөн ч асуудалд холбогдсон чигээрээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Сануулбал, Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсон нь Францын “Арева” компанийн охин компани “Кожеговь” компанийн үйл ажиллагаатай холбоотой гэх асуудал одоогоос долоон жилийн өмнө яригдаж байлаа.
Тухайн үед шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын зүгээс иргэдийг сонсдог “11 11” төвийг ажиллуулж байсан билээ.
Нэгэн малчин иргэн “11 11” төвд хандан асуулт тавихад анхаарал татсан хариулт бас залруулгыг Мал Эмнэлэг, Үржлийн газраас хийж байсан түүхтэй. “11 11” төвд ирсэн малчны саналыг Тодруулбал:
“МАНАЙ НЭГ БЯРУУ 2013.01.11 НД ҮХЛЭЭ, НОРСҮРЭНГИЙН 2 БЯРУУ ДАХИЖ ҮХСЭН. ТҮРҮҮ АВСАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЯАЖ ГАРСАН БОЛОО. ОДОО БИД ХААШАА ХЭНД ХАНДАХ ВЭ? ХЭРЭВ МОНГОЛД ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭНЭ МАЛЫН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООЖ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧ ЭЭ !!! ТҮРҮҮ 15 БЯРУУ ҮХСЭН ГЭЖ МАЛЧИН ХЭЛЭЭД БАЙХАД ШАТААСАН СЭГЭЭ ОРУУЛАХГҮЙ 5 ҮХЭР ГЭЖ АЛБААР ДАРЖ МЭДЭЭЛСЭН БАЙНА. ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААНБАДРАХ СУМЫН МАЛЧИН Э.ГЭРЭЛТ-ОД” гэсэн байдаг.
Харин малчин Э.Гэрэлт-Одын асуултад Мал Эмнэлэг, Үржлийн газраас 2013 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:47 минутад дараах хариултыг өгчээ.
ХАРИУЛТ: “2012 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2013 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд ЦАЦРАГ БОЛОН ХҮНД МЕТАЛЛЫН бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно” гэжээ.
Тэгэхээр энэ хариултыг уншсан хэн ч байсан тугалуудын үхэл цацрагийн бохирдолтой холбоотой юм байна гэх ойлголтыг авахаар байдаг.
Гэтэл Мал Эмнэлэг, Үржлийн газар дээрх хариултыг өгснөөс хойш хоёр хоногийн дараа буюу 2013 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 09:57 минутад дараах залруулгыг хийжээ.
ЗАЛРУУЛГА: 2012 оны арваннэгдүгээр сарын 28-наас 2013 оны нэгдүгээр сарын 31-ний хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн хүнд элементийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд ХҮНД МЕТАЛЛЫН БОХИРДОЛТОЙ БОЛОХЫГ ТОГТООВ. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэжээ.
Эхэлж өгсөн ХАРИУЛТ-аас дараа нь өгсөн ЗАЛРУУЛГА-ын ялгарах ганц том ялгаа нь “Эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэх төгсгөлийн хэсэг юм.
Тэгэхээр эдгээр мэдээллүүдэд тулгуурлан авч үзэхэд 19 тугал цацрагийн бохирдлоос шалтгаалсан ужиг хордлогын улмаас хорогдсон нь тогтоогдсон гэж ойлгогддог.
Тэгвэл Мал эмнэлэг, үржлийн газраас ийм анхаарал татсан ХАРИУЛТ болон ЗАЛРУУЛГА гаргасны дараа тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүрэг даалгавраар шинжилгээний баг Дорноговь аймагт очин ажиллахдаа, тугалуудын үхлийн шалтгаан нь СЕЛЕНИЙ УЖИГ ХОРДЛОГО гэсэн дүгнэлт гаргаж байв.
Шинжилгээний багт эхний дүгнэлтийг гаргасан Мал, эмнэлэг, үржлийн газрын төлөөлөл байсныг ч хэлэх нь зөв байх.
Менделеевийн үелэх системийн 34 дүгээрт байрлах селен нь хүн ба амьд организмд нэн шаардлагатай элементүүдийн нэг боловч селений агууламж ихдэх буюу цэвэр хэлбэрээрээ маш хүчтэй хор гэж эрдэмтэд тайлбарладаг. Үүх түүхийг нь хөөвөл 1817 онд хүхрийн хүчлийн үйлдвэрийн хаягдлаас селенийг анх нээсэн байдаг.
Тухайн үед Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нарын хүмүүс тугалуудын үхлийн шалтгаан нь уран биш гэсэн ойлголтыг өгсөн боловч яагаад тухайн мал амьтан бэлчдэг газар селений хэмжээ ихэссэн талаар албан ёсны тодорхой тайлбар хийж байгаагүй юм. Харин ураны хайгуул, шар нунтагийн туршилтын олборлолтын үеэр газрын гүнээс газрын гадарга дээр гаргаж ирж байгаа олон төрлийн химийн бодисуудын зөвхөн нэг нь Селен гэдгийг тухайн үед зарим эх сурвалжууд хэлж, ярьж байсан юм.
Тодруулбал, шар нунтагийг газар доор уусган баяжуулах аргаар авахын тулд хоёр цооног ашигладаг. Нэг цооногоор нь хүхрийн хүчилтэй ус шахаад нөгөө цооногоор нь соруулаад авчихдаг технологийг хэлж буй юм. Хүхрийн хүчилтэй усыг ураны хүдэр байгаа чулуулагт шахдаг. Хүхрийн хүчилтэй уусмал зөвхөн ураныг нь уусгаад авдаг. Шахаж байгаа болон соруулж байгаа цооног дундуур ус цикл маягаар эргэдэг. Тэр нь хаашаа ч алдагдаж урсаж халихгүй гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд өгдөг.
Мэргэжилтнүүд ийм тайлбар хийж буй ч тугалууд селений ужиг хордлогоор үхсэн гэсэн шинжилгээний дүгнэлтийг үзэхэд ураны төсөл явагдаж буй тус бүс нутагт селений тархалт их байсан учраас л мал, амьтан үхжээ гэж үзэхэд хүргэдэг юм.
“Арева” компанийн зүгээс бол өөрсдийн олборлох технологио асуудалгүй найдвартай гэсэн байр суурийг дандаа илэрхийлдэг. Түүнчлэн үе үеийн Ерөнхий сайд нарын даалгавраар ажилласан Ажлын хэсгүүд “Арева” асуудалгүй гэсэн дүгнэлтийг гаргаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
Миний сэтгэгдэл алга болчихсон бн
huuliin daguu ayulaas hamgaalj ajillahgui bol naad kompanidaa dollar-aar olon terbumiin torguuli hoogduul...!!!!\ndelhiin busad ornuud naad kompanias chin mash indoor toolbar torguuli avdag
ТУРЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА БИШ СДА ЗААВАЛ УРААН ЭНЭЭ ТРЭЭГЭЭ БОЛЬЧУУЛ БОЛДГҮЙМУУ СДА ЮМА