ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Өнөөдөр 2020.10.07. Энэ оны 281 дэх өдөр бөгөөд он дуусахад 85 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 00 минутад мандлаа. 18 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Лаост Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Их Британийн уран гулгагч, олимпын аварга Жейн Торвилл, Америкийн жүжигчин Дилан Бейкер, дуучин Тони Брэкстон, Японы дуучин, жүжигчин Тома Икүта, Америкийн уран гулгагч, тивийн аварга Жан-Люк Бейкер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1937: Улаанбаатар хот, Засгийн газрын хамтарсан хурлаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ламжав, Нарийн бичгийн дарга Ширнэн нарыг өөрчилж, Д.Лосолыг хотын орлогч дарга, Дамдинсүрэнг нарийн бичгийн даргаар томилжээ. Д.Ламжавыг “П.Гэндэн, Г.Дэмидийн эсэргүү бүлгэмийн гишүүн” гэсэн хэрэгт хилсээр шийтгэжээ. Түүнийг 1962 онд цагаатгасан.

1967: Монголын зурагт, радиогийн хүүхдэд зориулсан анхны нэвтрүүлэг “Бидний шинэ танил” нэртэйгээр цацагдав.

2015: Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1966: ЗСБНХУ-аас бүх хятад оюутныг гаргажээ.

1999: Их Британийн эрдэмтэд нарны аймгийн хамгийн хол, хамгийн том арав дахь гараг оршин байж болох талаар мэдэгдэв.

2001: АНУ Афганистанд цэргийн ажиллагаагаа эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал өлсөж ундаасна гэжээ.

Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдаж авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн бол цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top