Монголын удирдагчид Орос, Америк, Хятадыг “байлдан” дагуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

 Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хойд, урд хоёр хөрш болон Америкт хийсэн айлчлалыг анхааралтай ажиглаж байлаа. Энэ талаар дэлхийн нөлөө бүхий улс төрч, ажиглагч, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд янз бүрээр л бичиж байна. Гэхдээ нэг л зүйлд төвлөрөв. Тэр нь Монголын эдийн засгийн өсөлт, байгалийн нөөц баялаг. Цаашдаа баялаг нь дэлхийн эдийн засагт  нөлөөлөхүйц тул Орос, Хятад, Америкийн төр засгийн тэргүүнүүд Ц.Элбэгдорж, Сү.Батболд нарыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзлаа. Эдгээр гүрнүүд дэлхийн бодлогыг тодорхойлогчид юм. Тиймээс Орос, Америкийн Ерөнхийлөгч нар Монголын Ерөнхийлөгчийн айлчлалыг чухалчиллаа. Шинэ зууныг Хятадын зуун хэмээн дэлхийгээрээ нэг шуугиж байгаа. Яах аргагүй Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил тэргүүлэх хандлагатай байна. Гэхдээ тэдэнд  мөнхийн хөрш монголчуудын боломж нөхцөл нэн хэрэгцээтэй хэвээрээ. Тиймээс Хятадын эрх баригчид хамтын ажиллагаагаа чанаржуулахыг хүсч байна. Хятад, Орос хоёр гүрний дунд оршдог манай орны хувьд аль алинтай нь тэгш харьцахыг хичээсээр ирсэн. Цаашдаа ч тэдний Монгол дахь эрх ашгийн тэнцвэрийг хадгалж сайн хөршийн ёсоор нягт хамтарч ажиллах нь бидэнд болоод орос, хятад иргэдэд аль алинд нь ашигтай. Америк бол бас л далайн чандаас биднийг харж яваа том гүрэн. Манай хоёр орны хамтын ажиллагаа чансаажиж байгаа. Саяхан болж өнгөрсөн “Их найм”-ын уулзалтын дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос, Америкт, Ерөнхий сайд Сү.Батболд  Хятадад айлчилсан нь түүхэн чухал үйл явдал яах аргагүй мөн. “Их найм”-ын уулзалтаар Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэхийг дэмжих тухай яригдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Оросын төрийн тэргүүнтэй уулзахдаа үүнд талархаж буйгаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж хүссэн ч, эс хүссэн ч том гүрнүүдийн эрх ашгийн солбилцолд орших Монголын төрийн тэргүүнийхээ хувьд Орос, Америк нөхөдтэйгөө эн тэнцүүхэн харилцахаа давхар харуулсан юм. Довилд болсон “Их найм”-ын уулзалтаар дэлхийн бодлогыг  тодорхойлогч улс орнуудын эгнээг өргөжүүлэх талаар мөн ярилцаад авна лээ. Магадгүй үүнд цаашдаа Монголыг багтаахыг байг гэх газаргүй болж байна. Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх нь манай улсад ч ашигтай. Монголчууд аль эрт бүр ХVII-XIX зуунд алдарт “Цайны зам”, “Торгоны зам”-аараа Ази-Европыг холбон арилжаа наймаа хийж байсан түүхтэй. Энэ уламжлал одоо ч үргэлжилсээр байгаа. Гэхдээ ердийн хөсгийг төмөр зам, агаарын болон далайн тээвэр орлох болсон. Оросууд манайхтай уран, нүүрс бусад ашигт малтмалыг ашиглахад хамтран ажиллахаас гадна соёл шинжлэх ухаан, худалдааны харицааг улам сайжруулна гэлээ. Худалдааны нөхцөл улам нээлттэй, чөлөөтэй болно. Ийм болохоор монголчууд Европын холбоотой харилцах харилцаанд ч ихээхэн ахиц гарч таарна. Ойрхи дорнод болон Ливи, Израйль, Палестин зэрэг мөргөлдөөнтэй байгаа улс орон бүс нутгийн энхийн асуудал Монголд бас хамааралтай. Монгол улс дэлхийн бодлогод ижил тэнцүүхэн оролцох эрх, үүрэгтэй. Тийм болохоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос, Америкт айлчлахдаа зангараг зааж, дэлхийн хэмжээний өргөн цараатайгаар асуудлуудад уужуу ухаанаар хандахыг хичээж буй нь энэ бүгдээс илэрхий байлаа. Сү.Батолд ч Хонгконгт Консулын газраа нээчихээд Бээжинд очсон нь Зүүн өмнөд Азийн хөгжилтэй хөл нийлүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд идэвхтэй байр суурин дээр гарахаа Хятадын удирдагчдад мэдрүүлсэн явдал болж байна. Товчоор хэлэхэд, манай хоёр удирдагчдын Оорс, Америк, Хятадад хийсэн айлчлал нь дээр үеэс “Орос баавгай”, “Бээжин луу”, “Америк хөрөнгөтөн”-ий гарт атгуулсан жижигхэн, дорой буурай монголчууд гэсэн улс төрийн ёгт “үлгэр” үндсэндээ төгсгөл болсныг харууллаа. Өөрөөр хэлбэл, Монголын баялаггүйгээр юмуу, монгол хүний оролцоогүйгээр бүс нутаг, дэлхийн хөгжлийн тухай ярих нь утга учир муутайг сануулсан айлчлалууд болж өнгөрөв.

 

Ц.Элбэгдорж, Д.Медведев хоёр эн тэнцүүхэн ярилцлаа 

Оросын зарим хэвлэлүүд Ц.Элбэгдоржийг “Шатахуун гуйж” ирсэн хэмээн бичиж байсан боловч үнэндээ хоёр улсын харилцааг ийм жижиг сажиг зүйлээр хэмжих аргагүй юм. Манай улс шатахуунаар дан ганц “Роснефть” компаниас хамааралтай байсан цаг үе удахгүй төгсгөл болно. Хятадууд шатахуун нийлүүлнэ гэж байна. Мөн монголчууд нефть боловсруулах жижиг үйлдвэрүүдийг барьж эхэлнэ. Их удлаа гэхэд хоёр жилийн дараа бид шатахууныхаа нэлээд хэсгийг дотоодоосоо хангана. Оросууд манайхны ийм боломжтойг харж байгаа. Хоёр орны хувьд өөр том эрх ашиг олон бий. Төмөр замаа цаашид шинэ нөхцлөөр хэрхэн авч явахаа шийдэх ёстой. Хамтарсан төмөр замын 51 хувийг эзэмших саналаа Ц.Элбэгдорж Оросуудад хэллээ. Д.Медведев харин “Хэлэлцээрийг хянаж үзнэ. Хоёр тал асуудалд нухацтай хандах ёстой” гэсэн юм.        

Оросууд хэзээнээсээ Монголын ураны ордыг ашиглах талаар ярьж ирсэн. Тэд уран олборлох “Дорнод уран” компаниа манайхтай хамтран байгуулаад байгаа. Ураныг ашиглах төсөлд манай “Эрдэнэт”, “Монголросцветмет” нэгдэл, Оросын “Ростехнология” нэгдэл хамтарч оролцохоор болсон юм.

Хоёр орны Анагаах ухааны академи хоорондын эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах санамж бичиг, цэрэг техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай болон “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан цаазат газар байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа. 

Оросын талын хамгийн их сонирхол татсан зүйл нь Таван толгойн орд газар болоод байна. Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газар “Эрдэнэт Таван Толгой” компанийн хувьцааны 30 хувийг гадаадын хөрөнгө оруулагчдад худалдах шийдвэрээ гаргасан юм. Энэ өрсөлдөөнд “Оросын төмөр зам”, “Сибирийн эрчим хүч” компани болон Солонгос, Японы хэд хэдэн компани оролцохоор саналаа ирүүлээд байгаа. Оросууд “Оросын төмөр зам” компаниа консорциум болгожээ. Тендерт оролцогчид нь ордыг эзэмшихээс гадна Таван толгойгоос Сайншанд хүртэл төмөр зам тавих шаардлагыг хангасан байх учиртай. “Оросын төмөр зам” компанийн төлөвлөж байгаагаар бол энэхүү төмөр зам алсдаа Чита муж руу чиглэж, Сибирийг нэвт дамжин өнгөрөх юм байна.  Тиймээс тэдний төсөл монголчуудад илүү ашигтай ажээ. Манайх хоёр дахь төмөр замтай болно гэсэн үг. Нүүрсээ Алс дорнод руу шууд тээвэрлэх боломж бүрдэнэ.  Оросууд Таван толгойд амжилттай ажиллаж эхэлбэл тээврийн тарифаа хөнгөлөх талаар ам алдаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Манай тал Таван толгойгоос их зүйл хүлээж байна. Энэ талаарх хэлэлцээр үргэлжлэх болно. Учир нь хэд хэдэн асуудлыг зөвшилцөх хэрэгтэй байна”  гэсэн юм. Ер нь Оросууд Монголоос их зүйл хүсч байна. Монголын тал ч мөн тэднийг гомдоохгүй, бас тэдэнд монжуулахгүйгээр ажиллахаа илэрхийлж байгаа ажээ.

 

Барак Обама Элбэгээг ардчиллын удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Америкт хийсэн айлчлал хоёр орны харилцаанд шинэ үеийг авчирлаа. Түүнийг Арлигтон дахь амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөхөөр очиход америкчууд хүндэтгэл үзүүлэн их буугаар агаарт 21 удаа буудсан юм. Энэ хөшөө 1921 оноос эхлэн сүндэрлэж буй. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойших бүх томоохон дайн байлдаануудад амь эрсэдсэн дайчдыг мөнхжүүлжээ. Уг хөшөөний өмнө мэхийн ёсолсноор эхэлсэн гэж хэлж болох Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Сан Франциско хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээлтээ хийсэн юм. Үүгээр манай 35 дахь дипломат төлөөлөгчийн газар бий боллоо. Америкт байгаа монголчуудын тоо ч жилээс жилд өсч, зөвхөн Сан Францискод таван мянга гаруй болоод байна. Тиймээс уг дипломат төлөөлөгчийн газар чухал үүрэгтэй ажээ.  

Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчууд Элбэгээг хэзээнээсээ л хүсэн хүлээж байв. Тэдний төлөөлөлтэй биечлэн уулзах үеэр хэд хэдэн газарт “Иргэний танхим” нээсэнд нь баярласнаа илэрхийлж байлаа. Энэхүү танхим нь Монголын төр, иргэний холбоог бэхжүүлэх гүүр болох ажээ. Үүгээр дамжин дэвшил, хөгжил, шинэ санаачлага, хөдөлмөрийн бодит үр дүн эх оронд маань хүрч ирэх юм. Googlе зэрэг орчин цагийн цахим хөгжлийн бас нэг шинэ үеийг Ц.Элбэгдорж тэндээс авчирлаа гэж хэлж болно. Олон улсад нэр хүнд бүхий Googlе-ийн туслалцааны үр шим монголчуудад удахгүй харагдана.

Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай хийсэн Ц.Элбэгдоржийн уулзалт халуун дотно боллоо. Б.Обама түүнтэй ярилцаж суухдаа “Ерөнхийлөгч таны улс төрийн тавцанд хэрхэн гарсан, шийдвэр гаргахад оролцож байсан, улс орноо удирдаж байгаа түүхээр би бахархаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргаж байгаа таны санаалчлагуудыг үнэлэхгүй байхын аргагүй юм. Манай хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд жилээс жилд хөгжиж байгаад би сэтгэл хангалуун байдаг” гэлээ. Том хүндлэл ийнхүү дипломат ёс жаягаар Ц.Элбэгдоржид оногдлоо. Өөрөөр хэлбэл, Б.Обама Ц.Элбэгдоржийг ардчиллын төлөө тууштай тэмцэгч, Монгол дахь ардчиллын удирдагч гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэд мөн бүс нутгийн хүрээнд энхтайвныг бэхжүүлэх чиглэлд анхаарал хандуулсан юм. Б.Обама энэ үеэр манай цэнхэр дуулгатан буюу энхийг сахиулах үүрэг хүлээсэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг магтаад авна лээ. Одоо манай улс НҮБ-ын өмнө үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн 5000 гаруй цэргийн албан хаагчидтай байгаа нь нууц биш. Тэд олон улсын хүмүүнлэгийн үйлсэд цаашдаа ч хүрээгээ улам өргөжүүлнэ. Б.Обамагийн өөр бас нэг онцолж хэлсэн нь Америкийн олон улсад нэр хүндтэй уул уурхайн томоохон компаниуд манай оронд тодорхой төслүүд дээр хамтарч ажиллах тухай асуудал байлаа.   

 

Ерөнхий сайд Сү.Батболд туршлагатай дипломатч гэдгээ Хятадын удирдагчдад харууллаа  

Ерөнхийлөгчийг Америкт айлчлах хойгуур Ерөнхий сайд Сү.Батболд өмнөд хөршийг зорьсон нь санаандгүй явдал биш байв. Том гүрнүүдийн эрх ашгийг эх орондоо илүү наалдацтайгаар татахын тулд тэд ийнхүү хоёр тийшээ зэрэг шахам аялсан хэрэг. Сү.Батболд Бээжинд буухын өмнөхөн Хонгконгт очлоо. Өнгөрсөн жил тэр Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа далайд гарцгүй орны зовлонг илүү сайн мэдэрсэн байх. Нөгөөтэйгүүр хөгжил өөд эрч хүчтэй зорьж, амжилт олсон тэдгээр орны туршлага, Бээжингээс манайхтай харилцаж буй түншлэлийн харилцаа зэргийг нягт уялдуулах нь эдийн засгийн стратегийн төлөвлөлтөнд чухал хувь нэмэр оруулна хэмээн тооцсон болов уу. Тэгээд ч Сү.Батболд сайн дипломатч хүн болохоор Зүүн өмнөд Азийн удирдагчдыг өөртөө хэрхэн татахаа бас сайтар тооцоолсон биз. Хонгконгт төлөөлөгчийн газраа манайх нээгдээд удаагүй байгаа. Тэгвэл энэ удаа тус улсаас шууд агаарын нислэг хийх асуудал ч бас түүний айлчлалын үеэр шийдэгдлээ. Тэнд бас Консулын газар нээгдэв. Нээлтэнд нь Ерөнхий сайд өөрийн биеэр оролцсон юм. Урьд нь Хонгконгийг зоригсод Бээжин, Сөүлээр дамжин нисдэг байсан бол ийнхүү шууд нисэж очоод Консулын газраараа иргэд маань чөлөөтэй үйлчлүүлэх болж байна. Энэ бол цаашдаа далай тэнгисийн усан замаар худалдаа, бусад ямар ч үйл ажиллагаа явуулахад дөхөмтэй боллоо гэсэн үг юм.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар Бээжинд аяны  дөрөө мулталсан Ерөнхий сайд Сү.Батболдын айлчлал ганзага дүүрэн байлаа. Энэ удаагийн айлчлал нь харилцааны бас нэг шинэ үеийг нээв. Юув гэвэл өмнө нь хоёр улс бие биеэ хүндэтгэсэн найрсаг харилцаатай байсан бол хамтын ажиллагааг урагш  шат ахиулж, стратегийн түншлэлийн харилцаанд шилжүүллээ. Аливаа хөгжил стратегийн зорилт, зорилгогүйгээр шийдэгдэхгүй. Тэгвэл манай хоёр орны цаашдын хөгжил хамтын уялдаа бүхий стратегийн түншлэл дээр суурилах болж байна. Жаахан бүдүүлэгдүү үгээр илэрхийлбэл Сү.Батболд Бээжинг бүхэлд нь өөр рүүгээ хандуулж чадлаа. Хашир дипломатчийн арга ухаан болов уу. Нөгөөтэйгүүр Монгол дахь Хятадын эрх ашиг улам бүр өсч байгаагийн шинж. Гэхдээ Монгол орон Хятадын хараат боллоо гэж ойлгох нь хэт явцуу зүйл болно. Аливаа улс орны Монгол дахь эрх ашгийн тэнцвэртэй, үр өгөөжтэй байдлыг бид чухалчлах ёстой юм. Энэ утгаараа Монгол Хятадын алс хэтийг харсан түншлэл бат бэх байх тусам хөгжлийн хурд нэмэгдэнэ. Оростой ч бас ялгаагүй цаашдаа ийм хэмжээнд бид харилцах хэрэгтэй болж байна. Хятадтай хийсэн энэ түншлэлийг улс төрийн томъёоллоор нь харилцан  ашигтай, бие биеэ нөхсөн стратегийн харилцааны түншлэл хэмээж буй. Үүний үр дүнд эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч байна. Хятадаас манайд 60 сая юанийн буцалтгүй тусламж, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Буцалтгүй тусламжийг нь иргэддээ нийтлэг хүртэмжтэй байхаар тооцож тодорхой төслүүдэд зориулна. Харин хөнгөлөлттэй зээлийг эрчим хүчний дэд бүтэц бий болгох, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт ашиглах боломжтой.

Хятадын олон улсын худалдааг дэмжих хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтарсан бизнес чуулганд Ерөнхий сайд оролцлоо. Энэхүү чуулганд хоёр улсын 200 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд нээлтэнд нь Сү.Батболд хэлсэн үгэндээ стратегийн түншлэлийн гол хөдөлгөгч хүч нь бизнесийн салбарынхан хэмээн онцолсон юм. Чуулганы үеэр Хятадын Олон улсын худалдааны дэд сайд Гао Хучен Монголд нийтдээ 1.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийснийг мэдэгдсэн. Мөн Хятадаас манайд  1.6 тэрбум долларын тусламж үзүүлсэн гэж байлаа. Үүгээрээ Хятад  улс Монголд хамгийн том хөрөнгө оруулагч, тусламжийн гараа сунгагч нь болохоо дахин нотолж байна.

Сү.Батболд айлчлалынхаа явцад Бээжингийн Янышань гэдэг нефть боловсруулах үйлдвэрт зочилсон юм. Манайд одоо болоод ирээдүйд нефтийн бүтээгдэхүүн шиг их хэрэгцээтэй зүйл байхгүй. Ялангуяа, үүнийг дотооддоо хийх нь юу юунаас чухал байгаа юм. Янышань үйлдвэр нь 1970 онд баригдсан гэнэ. Хятадын нефть химийн томоохонд тооцогдох үйлдэр ажээ. Жилд 10 сая тонн түүхий нефть боловсруулах чадалтай юм байна. Манайх ийм хэмжээний биш гэхэд хэд хэдэн жижиг үйлдвэртэй болж болно. Тиймээс тус үйлдвэрийнхэнтэй хамтарч ажиллах боломжийг ийнхүү Сү.Батболд анхаарч судлахаар шийдсэн ажээ. Монголын томоохон бизнесмен явсан энэ эрхмийн тархинд нефтийн үйлдвэр барих төсөөлөл аль хэдийнээ бүрэлдчихсэн яваа биз ээ.

Ерөнхий сайд Сү.Батболд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд мөн зургаан баримт бичигт хоёр тал гарын үсэг зурсан байна. Байгалийн баялагтаа түшиглэн үсрэнгүй хөгжил рүү явж байгаа манай улс Хятадын хувьд бас чухал түнш болж байгаа нь энэ үеэр мөн тод харагдсан юм. Манай улс түүхийдээ хагас болон гүн боловсруулж гадагш гаргахад анхаарч байгаа. Зөвхөн Хятадад нийлүүлэх бус, дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой болж байгаа тул энэ талаараа ч хөндөж ярьсан юм. Ийнхүү тэрээр хятадуудад туршлагатай дипломатч гэдгээ харуулсан юм. Сү.Батболд Хятадын хөгжлийн хэтийн зорилгыг ийнхүү Монголынхтойгоо холбож чадлаа.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

      

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top