Жижиг “НОЁД”-ЫН ХОНЗОН

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Ц.ДАВААСҮРЭН, Х.БОЛОРЧУЛУУН НАР БИЕ ДААГЧДЫГ САНХҮҮЖҮҮЛСЭН ҮҮ

Улстөрч байна гэдэг аль ч оронд манлайлагч байхыг хэлдэг. Манайд бол арай өөр зүйл холилдсон шиг байгаа юм. Эрх мэдэл рүү өгсөх гэвэл манлайлал үзүүлэхээсээ илүү тойрон хүрээлэгчид сайтай байх ёстой. Өрсөлдөгч нь сайн, муу хүн байх хамаагүй, гол нь өрсөлдөгчгүй байх нь чухал. Тухайлбал, аль нэг аймаг, дүүргийг улстөрчид өмчилж авах гэж улайрах нь элбэг. Тухайн орон нутгийн удирдлагад өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг бий болгож, эргээд түүгээрээ дамжуулан нэг газраасаа дахин, дахин сонгогдох зорилготой гэх юм уу даа. Энэ зорилгод саад болох магадлалтай бол өөрийнхөө намын нөхдийг ч золигт гаргана. Ийм нөхцөлд улс орныхоо төлөө юм хийе, зүтгэе гэсэн өөр хүн тухайн тойргоос цухуйх боломжгүй болдог. Цухуйхыг хүссэн ч нухчин дарах түмэн арга бий. Жишээ нь, эрх баригч нам улс даяар хоёр удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй яллаа. Улсдаа ашигтай тустай юм хийе гэвэл боломж нь гарч, сэтгэл нь ханавал ханахаар л амжилт. Гэвч өнөө МАН-ын доторх жижиг “ноёд”-ын санаа сэтгэл тавирахгүй байгаа бололтой.

Орон нутгийн сонгууль руу нэлээд гүн хутгалдаад буй сурагтай байна. Өөрийг нь дагахгүй, үгэнд нь орохгүй гэж бодсон хүмүүс намаас нь нэр дэвшсэн тохиол­долд тухайн тойрог дээр нь улс төрийн баримжааны хувьд угсаа гарал нэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлж унагаж авах арга бий. Тэднийг ялуулж байснаас өрсөл­дөгч улс төрийн хүчин ял­сан нь дээр гэсэн үг. Нэг үгээр нам доторх өрсөлдөгч талаа улс төрийн орчинд “булшлах” замаар ирээдүйгээ засаж байна гэх юм уу даа.

Хэвлэлүүдээр мэдээлэл гарс­наас нь эхэлье. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Увс аймагтаа 10 гаруй МАН-ын угшилтай хүнийг бие даалгаж нэр дэвшүүлсэн юм уу даа. Увс аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батсайхан хэмээх хүний гарын үсэгтэй УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хандсан шаардлага хүргүүлсэн бичиг хэвлэлд гарсан байна. Тэр бичигт “Увс аймгийн ард түмэн, Увс аймгийн МАН-ын 15237 гишүүний итгэл, сэтгэл зүтгэлээр та дөрвөн удаа төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д сонгогдлоо. Увс аймгийн МАН дүрмийнхээ дагуу намын анхан шатны бай­гуул­­лагууд, гишүүдээрээ хэлэлцүүлэн аймгийн ИТХ-ын сонгуульд 41 нэр дэвшигчийг тодруулан ажиллаж байна. Таны зохион байгуулж, санхүүжүүлж бие даалган өрсөлдүүлж байгаа 10 гаруй нэр дэвшигч (МАН-ын гишүүн) нь тухайн тойрог дээрээ намаас нэр дэвшигчдийн саналыг хувааж улмаар ялагдалд хүргэх ноцтой, хортой үр дагаварт хүрэх нөхцөл бүрдээд байна. эдгээр бие дааж нэр дэвшсэн 10 гаруй намын гишүүн нь МАН-ын дүрмийн 6.5.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул намын дүрмийн дагуу намаас гарсанд тооцож байна. Таны энэ үйлдэл нь намын дотоод эв нэгдлийг алдагдуулж, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил, урам зоригийг мохоож байгаад Увс аймгийн МАН-ын гишүүд гүнээ харамсаж байна.

2008 оноос хойш Увс аймагт таны сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа “Хурд” компанийн захирал Д.Цогтоо, П.Нямдаваа нар Увс аймгийн 2020 оны ИТХ-д бие даан нэр дэвшигчдийг дэмжин ажиллаж байна. П.Нямдаваа төр­сөн эгч МАН-ын гишүүн П.Алтан­­чимэгийг 16 дугаар тойрогт, хүргэн ах МАН-ын гишүүн Ч.Батцэндийг наймдугаар тойрогт нэр дэвшүүлж мөн бусад 10 гаруй МАН-ын гишүүн, бие даагч нарыг дэмжиж санхүүжүүлэн ажиллаж байна. Иймд таныг МАН-ын үндсэн дүрмийн 4.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцуулахаар МАН-ын Удирдах зөвлөл, Хянал­тын хороонд хандсан гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Мөн энэ үйлдлээ зогсоохгүй бол Увс айм­гийн МАН-ын нийт гишүүдэд энэ тухай мэдэгдэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүртэл тэмцэл өрнүүлэхээ мэдэгдье” гэсэн байна. Увс аймагт дөрвөд, баяд ястнууд нь хоорондоо өрсөлдөх хандлагатай байдаг тухай яриа бол эртнийх. Тийм ч болохоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг таа­рамжгүй харилцаатай гэдэг явган хов байсхийгээд л гардаг. Магадгүй Увс аймагт тогтоосон нэгнийхээ нөлөөг бууруулахын тулд бие даагчдыг олноор нь нэр дэвшүүлж байж мэдэх юм. Увс аймгийн МАН-ын хороо ч шулуухан бичиг шидээд олны анхааралд оруулчихдаг юм байна. Түүнээс биш олны анхааралд ороогүй өөр ч тохиолдлууд бий.

Жишээ нь, улсдаа хүн амын тоогоороо нэгдүгээрт ор­дог Хөвсгөл аймгийг дурдаж болно. Ардчиллынхныг сонгож байснаараа алдартай тус аймаг сүүлийн арав гаруй жил МАН-д илүү талтай байгаа. Тэглээ гээд хөгжиж, дээшилсэн юм багатай. Тэгвэл тус нутгийн хүмүүсийн бүрдүүлдэг цахим сүлжээ хий­гээд ард иргэдийнх нь дунд яриг­даж байгаагаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цөөнгүй хүнийг бие дааж нэр дэвшихэд нөлөөлсөн гэнэ. 13 хүн гэсэн цуурхал ч гарсан байна лээ.

Арай барьцтай таамгаас нь жишээ аваад харахад Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуульд Шинэ-Идэр суманд өнөөгийн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нэр дэвшиж байгаа. Өөрийнх нь төрөлх сум юм. Энэ нутгаас Л.Цэрэнжав, Л.Төмөрбаатар гэх төрсөн ах дүүс буухиалан сонгогдож аймгийн удирдлагыг барьж ирсэн. Энд дурдагдсан Л.Цэрэнжав бол УИХ-ын гишүүнээр Н.Энхбаярын “хаанчлал”-ын үед ажиллаж байсан. Аймгийн дарга, аймгийн МАН-ын хорооны даргыг олон жил хашсан хүн. Яг энэ намтраараа Ц.Даваасүрэн гишүүнтэй холбогдоод байдаг талтай. Ц.Даваасүрэн гишүүнийг 2012 оны сонгуулиар бие дааж нэр дэвшихэд хүргэсэн хүмүүсийн нэг нь чухам Л.Цэрэнжав гуайг гэдэг. Тиймээс ч Ц.Даваасүрэн хийгээд Л.Цэрэнжав, Л.Төмөрбаатар гэсэн нэг нэгэндээ дургүй хандлага өнөөг хүртэл сунжирсан тухай нутгийнхан хэлдэг. Үүнийг батлах мэт МАН-ын гишүүн гэгддэг Шинэ-Идэр сумын Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Баянмөнх бие дааж нэр дэвшсэн байна. Нутгийнхан үүний ард Ц.Даваасүрэнгийн Л.Төмөр­баа­тарыг ялагдуулах гэсэн санаархал бий гэсэн хардлагаа нуухгүй байгаа юм. Учир нь Ц.Даваасүрэн гишүүн аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр олон жил ажиллаж байгаа. Хооронд нь холбоод хардахад боломжтой л харагдаж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргаар нэгэн цагт ажиллаж байсан Ганзориг гэдэг нөхөр бие дааж нэр дэвшжээ. Түүний цаана мөн л Ц.Даваасүрэн байгаа тухай “бор шувуу” ниссэн аж. Аймгийн төвийн тойргуудад ч бие дааж нэр дэвшүүлсэн гэх барим тавим олон яриа гарчээ. Үнэн бол МАН биш АН бараг ялах бололтой. Сонирхоод, ухаж төнхөөд явбал нэлээд баримт цуглуулж болмоор юм билээ. Тэгвэл Ц.Даваасүрэнгийн найз УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ч Дорнод аймагтаа бие даагч нэр дэвшүүлж, дэмжиж байж болох тухай яриа гарсан байна. Үнэндээ Х.Болорчулууны зөв­лөхөөр ажиллаж байсан Г.Алтан­хуяг аймгийнхаа Хэрлэн сумын нэгдүгээр багт бие дааж нэр дэвш­сэн байна лээ. Нөгөө хоёрыгоо бодвол өөр сүржин цуурхал алга. Гэхдээ л парламентад хоёрхон гишүүнтэй Дорнод аймгийн хувьд УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө хүнийг намын өнгөнөөс нэр дэвшүүлж чадаагүй юм гэж үү гэсэн гайхашрал дорнодчуудад байгаа аж. Тийм болохоор дээрх хоёр шиг нь хардсан байх л даа. Хамгийн гол нь ИТХ-ын сонгууль гэдэг бол тун чухал сонголт юм. УИХ-ын гишүүд хууль батлах үндсэн үүрэгтэй бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага аж ахуйн шинжтэй ажил хийдэг. Хаана худаг гаргахыг шийдэхээс эхлээд байшин савны засварууд үүнд хамаарна. Тэгэхээр амьдралд ойр явах учиртай энэ ажлыг сэтгэлээ шингээж хийх ёстой. Ийм ч болохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед орон нутагт намчирхлыг багасгах үүднээс сон­гуульгүй болгох тухай ч хөн­­дөг­дөж байлаа. Тэгвэл одоо улстөрчдийн өрсөлдөөн, өөрсдийн газар нутгаа дархлах гэсэн санаархалд талхигдаад байгаа юм биш биз. Энэ өнцгөөс харах юм бол тун эмгэнэлтэй л байна даа. Ер нь тэгээд яг ийм байдал дунд алдагдаж байгаа үнэт зүйл бол шударга өрсөлдөөн юм. Өөрийнхөө намын хүнийг унагах гээд өрсөлдөж яваа хүмүүс тухай нь эсрэг улс төрийн хүчнийхээ нэр дэвшигчдийг цахим хуудсандаа сурталчилж эхэлдэг. Эргээд энэ нь дам утгаараа эсрэг талын нэр дэвшигч сонгуулийн хэд хэдэн штабтай байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа хэрэг. Нэр дэвшигч нэг л сонгууль эрхэлсэн байгууллагатай байх тухай хуу­лийн заалтыг ч “хуулийн цоорхой” ашиглан зөрчиж байна гэсэн үг. Гэтэл нөгөө намынхаа өрсөлдөөн дунд аз шүүрсэн нэр дэвшигч нь үнэндээ олон нийтийн хүлээлтэд нийцээгүй нэгэн байвал яах вэ. Улс төрийн сонгуульд хэн ч өрсөлдөж болно. Намаа байтугай үзэл бодлоо ч өөрчлөх нь нээлттэй. Манай нийгмийн үндэс нь ч ийм. Гэхдээ сонгуулийн өрсөлдөөн цэвэр, шударга явагдаж эцсийн дүнд нь ард түмэн хожих ёстой. Үүний тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд олон нийт хардах ч эрхтэй гэдэг өнцгөөс сонирхуулж бичлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.25.73) 2020 оны 10 сарын 09

boon schunaltai luivarchin Choijilsuren !!!! dald orj uz!!

0  |  0
zochin(202.179.25.73) 2020 оны 10 сарын 09

boon schunaltai luivarchin Choijilsuren !!!! dald orj uz!!

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 09

Hulgaichuud,terrorist

0  |  0
Зочин(202.9.46.148) 2020 оны 10 сарын 09

Увсчууд тэнэг. Яах гэж хогийн Чойжилсүрэнг сонгосон юм. Өмнө нь Сэлэнгэчүүд Баярцогтыг, Төвийнхөн Миег сонгож байсан тэнэгүүд дээр нэмэгдээд.

0  |  0
эрлийзүүдэд(192.82.65.224) 2020 оны 10 сарын 09

багууд их даьарч бна аа

0  |  0
Top