ТРАМ төслийн багтай уулзалт хийж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар болон Европын Холбооны “Монголын худалдааг дэмжих” ТРАМ төсөл хамтран “Гааль-бизнесийн түншлэл-2020” уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх төслийн хүрээнд энэхүү арга хэмжээг бид жил бүр зохион байгуулж байна. Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ЕХ-ны Бүртгэгдсэн экспортлогчдын системийг Гаалийн Ерөнхий Газар, МҮХАҮТ хамтран амжилттай нэвтрүүлээд байна. Уг системийн бүртгэлд өнөөдөр 74 экспортлогч компани ямар нэгэн саадгүй бүртгүүлээд байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн билээ” хэмээн онцоллоо. 

ЕХ-ны Трам төслийн удирдагч хатагтай Кармен Фратита “Трам төслийн хүрээнд ГЕГ-тай хамтран гадаад худалдаа эрхлэгч, экспортлогч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих зорилготой төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 1,2 дахь бүрэлдэхүүн хэсэгт Худалдааг хөнгөвчлөх, 3 дахь бүрэлдэхүүн хэсэгт экспортыг дэмжих зорилго бүхий гоо сайхан, сарлагийн арьсны бүтээгдэхүүн, торомны ноос, чацарганы кластерыг тус тус байгуулж дэмжин ажиллаж байна” гэв.

ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд гадаад худалдаа эрхлэгч нарт өргөн боломж бүрдсэн. Үүний нэг нь гадаад худалдаа эрхлэгч өөрөө бараагаа интернетээр гаалийн байгууллагад мэдүүлэх боломж олгосон явдал юм. Интернетээр өөрийн бараагаа мэдүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн мэдээллийг та бүхэнд өгөхөөр хүрэлцэн ирлээ” гэв.

Уулзалтад ГХЯ, ГЕГ, МХЕГ-ын төлөөлөл болон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс 80 гаруй хүн ирсэн бөгөөд дээрх сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, гарах гарцыг хамтран шийдвэрлэж, нэгдсэн санал зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргэхээр багт хуваагдан нээлттэй хэлэлцэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top