ЛЕННОН 80 | Битлз, тэмцэл, хайр, Оно...

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Английн төдийгүй дэлхийн поп соёлын нэгэн том үзэгдэл болсон “Битлз” хамтлагийн гишүүн, дуучин, тэмцэгч Жон Леннон өнөөдөр амьд сэрүүн байсан бол 80 хүрэх байлаа. Гэхдээ дэлхий дахин түүнийг 80 хүрэх байныг нь бус өнөө хэр нь амьд байгаа мэтээр 80 хүрч байгааг нь онцолж байна. Учир нь поп соёлд үзүүлсэн түүний нөлөө одоо хэр нь сарниагүй байгаа учраас тэр. Битлзийг бүтээлцээд өөрийнхөө үзэл бодлоор өөрийнхөө үеийг ч хамт бүтээсэн Жон Ленноны тухай сонирхолтой баримтуудыг танд хүргэе.


Цөвүүн цагт мэндлэв

Жон Уинстон Леннон Британийн Ливерпуль хотод 1940 оны аравдугаар сарын 09-ний өдөр мэндэлжээ. Түүнийг хорвоод мэндэлж байхад нацистын германууд Лондон хотыг ид бөмбөгдөж байсан хэцүү цаг үе. Эцэг, эх нь Британийн төлөө цуцашгүй тэмцэгч, эх оронч байхыг бэлгэдэж Уинстон гэж нэрлэжээ.


Салалт, салалт

Дайны цөвүүн цагт төрсөн Ленноны хүүхэд насны амьдрал тийм ч дардан байсангүй. Дөрвөн настай байхад нь эцэг, эх нь хоёр тийш болжээ. Хожмын мэдээллээс харвал аав нь тийм ч дотно байгаагүй, бүр төрөхөд нь ч хамт байгаагүй ажээ. Залуухан ээж нь тэр даруйдаа Мими гэх эгчдээ Ленноныг даатгасан байна.

Ээж нь удалгүй дахин гэрлэж, Леннонтой уулзах цаг нь улам цөөрчээ. Гэхдээ түүний урлагийн мэдрэмжийг эх нь хөгжүүлсэн юм. Банжо, гитар тоглохыг зааж анхны гитарыг нь ч авч өгсөн гэдэг. Түүний эх Жулиа 1958 онд автомашины ослоор амиа алдсан нь Леннонд хүчтэй нөлөөлсөн байна.


Тааруу сурагч

Сургуульдаа тааруу сурлагатай сурагчдын тоонд багтдаг байжээ. Хэдий сурлагаар тааруу ч бүтээлч сэтгэлгээ, төсөөлөл сайтай гэж ангийнх нь багш дүгнэсэн нь бий. Түүгээр ч үл барам урлагийн сургуульд элсэн суралцахыг өөрт нь зөвлөж байжээ. Мэдээж тэр багшийнхаа зөвлөгөөг дагасан.


Анхны хамтлаг

Жон Леннон өөрийнхөө хоолойнд дуртай байгаагүй ч сонирхлынхоо хэмжээнд дуулчихдаг байжээ. Сургуульд байхдаа “The Quarrymen” хамтлаг байгуулж элдэв баяр, ёслолоор дуулдаг байсан аж.


Полтой танилцав

Пол Маккартнитай танилцах үед Жон Леннон 16 настай байлаа. Сургуулийнхаа хамтлагаар сүмийн цуглаанд дуулж байхыг нь Пол Маккартни харжээ. Маккартни сүм рүү явахдаа дурамжхан байсан ч тэнд тоглосон Ленноны хамтлагийг хараад өөрийн хамтлагтаа элсүүлэх тухай бодсон байна.

Пол Маккартни хожим “Надад яг л салсан нөхрөө санагалзсан эмэгтэй шиг сэтгэгдэл төрсөн” гэж Жон Леннонтой уулзсан мөчөө дурсчээ.


Битлз болохоос өмнө

Пол, Леннон хоёр уулзсанаасаа хойш яг нэг жилийн дараа хамтлагийнхаа гишүүдийг эхний байдлаар бүрдүүлсэн юм. Маккартни найз Жорж Харрисоныг ятган хамтлагтаа оруулсан бол Жон Леннон урлагийн сургуулийн найз Стьюарт Сатклиффыг оруулснаар хамтлаг эхний байдлаар бүрджээ.


Байдаг л нэг хамтлаг

Хамтлаг эхэндээ “The Quarrymen” буюу Леннонын сургуульдаа байгуулсан хамтлагын дуунуудыг дуулж байлаа. Тухайн үеийн Англи, Америк хамтлагийн дуунуудыг ч өөрсдийн хувилбараар дуулдаг байв. Ялангуяа АНУ-д алдаршиж байсан Бадди Холлигийн дууг дуулдаг байжээ. Гэвч тэд олны анхааралд өртөж чадсангүй. Заримдаа тэднийг дуулуулах паб ч олдоггүй байлаа.


Битлз бий болов

Хамтлагийнханд ямар нэгэн тогтсон нэр байсангүй. Өөрсдийнхөө хувилбарт оруулж дуулдаг, зарим талаар шүтдэг байсан Бадди Холли нь тухайн үедээ “Крикетс” гэх хамтлагтай байжээ. Улмаар тэд “Крикетс” гэх үгтэй эсрэгцэх “Битлз” /Beetles/ гэх нэр өөрсдөдөө өгчээ. Эхэндээ цох гэж явж байгаад хөгжмийн хэмнэл гэх утгатай “Beatles” болгож хувиргасан байна.

Тэд ихэвчлэн Ливерпуль хотын “Каверн” пабд тоглодог байлаа. Хөгжмийн продюсер Брайан Эпстайн 1961 онд “Каверн”-д санаандгүй байдлаар ороод “Битлз”-ийнхнийг нээсэн юм. Нэн даруй тэдэнтэй уулзаж гэрээ байгуулахаар болж улмаар хамтлагийн гишүүдийг солин Ринго Старрыг санал болгожээ. 1962 оны аравдугаар сард “Love Me Do” дуугаа нийтэд цацсан нь “Битлз”-ийн анхны дуу байлаа.


Авьяас + Авьяас

Өсвөр насандаа танилцсан Пол, Леннон хоёр хамтлагтаа маш сайн хоршиж, зохицож байлаа. “Битлз” хамтлагийн хамгийн анхны “Please Please Me” цомогт багтсан 14 дууны наймыг нь тэр хоёр зохиосон юм.


Америкийг байлдан дагуулсан нь

1964 оны хоёрдугаар сарын 09. Олонд төдий л танигдаагүй “Битлз” хамтлаг АНУ-д ирж улмаар Эд Салливаны шоунд оролцсон юм. Тус шоуны түүхэнд хамгийн олон үзэгчтэй, магадгүй нэр хүндийг нь дахин шинэ тавцанд гаргасан дугаар бол “Битлз”-ийн оролцсон дугаар байлаа. Тэднийг АНУ-ын зарим хэвлэлүүд АНУ-ыг Британийн урлаг эзэлж авлаа гэж мэдээлж байсан юм.


Шагналаас татгалзав

Их Британи, төдийгүй дэлхийд алдаршаад байсан Битлз хамтлагийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет Британийн эзэн хааны гуравдугаар зэргийн одонгоор соёрхох зарлиг буулгажээ. Тэд шагналаа 1965 оны зургаадугаар сард гардан авсан юм.

Хожим нь дайныг эсэргүүцэх үзэлтэй Жон Леннон Британийн Засгийн газарт өргөдөл бичиж одонгоо буцаажээ.


Алдрыг сэвтээсэн үзэл

1960-аад оны сүүлээр Битлз хамтлагийн гишүүдийн үзэл баримтлалаас шалтгаалж АНУ дахь нэр хүнд нь унаж эхэлжээ. Ялангуяа Жон Леннон нэгэн ярилцлагадаа “Манайхан АНУ-д Исүсээс илүү алдартай болсон гэж хоорондоо ярилцдаг юм” гэж дурдсан нь улим дуулиан тарих нь тэр. Библийн ёсонд автсан шашинлаг гэмээр АНУ-д Битлзийн нэр хүнд огцом унаж 1966 оны намйдугаар сарын 29-нд хамгийн сүүлийн удаа хамтлагаараа АНУ-ын тайзан дээр гарсан юм.

Үүний дараа алдарт Rolling Stones сэтгүүл 1967 онд нүүр хуудастаа Жон Леннонын зургийг нийтэлсэн билээ.


Азгүй гэрлэлт

“Бийтлманиа”-гаар амьсгалаад алдрын оргил гараад байх үедээ Жон Леннон 1962 онд Синтиа Пауелтай гэрлэсэн юм. Аялан тоглолт, завгүй байдал зэрэг нь залуу хосуудыг бухимдуулах хангалттай шалтгаан болдог байлаа. Тэд зургаан жил амьдраад 1968 онд хоёр тийш болсон юм. Тэдний дундаас хоёр хүү мэндэлсэн бөгөөд нэг ууган хүүгээ ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж Жулиан гэж нэрлэжээ.


Хоёр амьдрал

Жон Леннон, Йоко Оно нар 1966 онд Лондон хотын “Индица” галлерейд анх танилцжээ. Нэг ёсондоо анхны гэрлэлтээ цуцлаагүй байхдаа Йоко Онотой танилцсан байна. Өөрийн амьдардаг хотоос өөр хотод хамт амьдарч эхэлжээ. Хоёр талд амьдрал зохиосон түүнийг анхны эхнэр Пауель нь мэдэж 1968 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.


Уураа барьдаггүй нэгэн

Жон Леннон огцом ууртай гэдгээрээ зартай байлаа. Аялан тоглолт, бичлэг бусад ажлаар явахдаа түүний энэ зан л асуудал болдог байсан гэж Битлзийн арын албыг хариуцаж байсан хүмүүс дурссан байдаг. Заримдаа хэн нэгэнтэй барилцаад авах нь энүүхэнд.

“Би эмэгтэй хүнтэй чухам яаж харьцахаа мэддэггүй байсан. Заримдаа бүр гар хүрдэг ч байлаа. Өөрийгөө илэрхийлж, бие, биендээ чухам юу хэрэгтэй байгааг мэдэхгүй болохоор тэр шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй харилцаж чадахгүй учраас гар хүрдэг байсан байх” гэж Жон Леннон хожим дурсан ярьжээ.


Урлаг мэт амьдрал

Йоко Онотой уулзсан нь түүний ертөнцийг үзэх үзлийг орвонгоор нь өөрчилсөн юм. Энх тайвны төлөө дуугардаг, дайныг эсэргүүцдэг, заримдаа капитализмыг ч зүхдэг болов. Хамтын үзэл бодлоо нийтэд хүргэхийн тулд Plastic Ono Band нэрээр хоршил байгуулж улмаар “Give Oeace a Chance” гэх дуу хүртэл гаргасан юм.


Баяртай, Битлз

Дэлхий дахиныг нэгэн цагт донсолгож байсан Битлз хамтлаг 1970 онд албан ёсоор тарсан юм. Тэдний хамгийн сүүлийн Abbey Road нэртэй цомог худалдаанд гарсны дараахан 1970 оны эхэнд Жон Леннон хамтлагаас гарсан юм. Битлзийн хамгийн алдартай дууны нэг Let It Be 1970 оны дөрөвдүгээр сард нийтэд хүртээл болсноос нэг сарын дараа Пол Маккартни ч хамтлагаа орхижээ.


Леннон "ганцаараа"

Хамтлагаас гарсан даруйдаа Йоко Онотой хамт “John Lennon/Plastic Ono Band” нэртэй анхны цомгоо 1970 онд худалдаанд гаргав. Түүний цомогт багтсан “Imagine” дуу итгэмээргүй амжилт дагуулж тухайн цаг үедээ Битлзийн нэр хүндийг ч дараад байлаа.

Хөгжмийн Rolling Stones сэтгүүл 2004 онд “Бүх цагийн хамгийн шилдэг 500 дуу”-г жагсаахад энэ дуу гуравдугаарт жагсаж байсан түүхтэй.


Маккартни, Оно хоёр л...

Жон Леннон, Пол Маккартнитай хамт дахин дуу хийх хүсэл маш их байсан. Бүр хоёр ч уран бүтээл дээр хамтран ажиллана гэж төлөвлөж байсан нь хожим тодорхой болсон билээ. Гэвч тэд хамтдаа тайзан гарах боломж, цаг хугацаа тохиогоогүй билээ.

“Миний туулсан замналаас ердөө хоёр л хүнийг сонго гэвэл гарцаагүй Оно, Пол хоёрыг л сонгох болно” гэж нас барахаасаа өмнө дурсаж байсан удаатай.


Холбооны мөрдөх товчооны хараанд

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 1971 онд түүнд холбогдох хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрээр Нью-Йорк хотод болсон нэгэн арга хэмжээнд оролцохдоо капиталистуудыг бут цохиход радикал үзэл хэрэгтэй тухай нэгэн хүнд ярьсан нь товчооны мөрдөгдчдийн чихэнд хүрсэн байна. Улс төрийн эргэлт хийх санаа цухалзуулсан тул хавтаст хэрэг нээсэн ч нотлогдоогүй юм. Жон Леннон амьсгал хурааснаас 30 гаруй жилийн дараа 1990-ээд оны сүүлээр түүний хэргийг бүр мөсөн хаажээ.


Тоглоогүй тоглолт

Жон Леннон бие даасан аялан тоглолт хийхээр төлөвлөж байлаа. Бүр хоёр ч удаа. Эхнийх нь 1972 он. Гэвч улс төрийн үзэл, цагаачлалын бодлого зэргээс шалтгаалан энэ тоглолтоо хойшлуулжээ. Харин дотнын найзууд, гэр бүлийнхний ятгалгаар 1981 онд аялан тоглолт хийхээр шулуудаад хоёр ч компанитай гэрээ байгуулсан байдаг. Гэвч алуурчны гарт амьсгал хурааснаар түүний хүсэл талаар болсон билээ.


“Дуусаагүй” амьдрал

1974 онд Йоко Оно, Жон Леннон нарын дундаас Шон гэх хүү мэндэлжээ. Тухайн үед Жон Леннон 35 нас хүрээд байлаа. Нэрт дуучин Элтон Жон түүний удаах хүүг адислан загалмайлсан эцэг нь болжээ.


“Хүүгээ л хармаар байна”

Жон Леннон “Double fantasy” нэртэй бие даасан хоёр дахь цомгоо худалдаанд гаргаснаас долоо хоногийн дараа Нью-Йорк хотын гудамжид алуурчны гарт амьсгал хураасан юм. Тэрээр эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадаагүй билээ.

Йоко Оногийн гар дээр амьсгал хураахаасаа өмнө хамгийн сүүлд “Хоёулаа гэртээ харьцгаая, хүүгээ унтахаас нь өмнө хармаар байна” гэж хэлж байжээ.

Эх сурвалж: Variety, BBC, Rolling Stones

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.234) 2020 оны 10 сарын 10

He stand forever in heart of much people .

0  |  0
Top