МӨНГӨНИЙ БОДЛОГО: Цаашид нэмж арга хэмжээ авах орон зай бий юу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 11


2020 он гарснаас хойш Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрүүд дандаа коронавирустэй холбоотойгоор гарсан гэж Төв банкны ерөнхийлөгч баасан гарагт  мэдэгдсэн.

Тэгвэл цаашид Мөнгөний бодлогын хувьд  нэмж арга хэмжээ авах орон зай хэр үлдсэн бэ гэдэг асуултад Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа дараах хариултыг өгч байна.

“Бодлогын хүү 8 хувь болсон нь сүүлийн арав гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна. Хүмүүсийн хувьд бодлогын хүү буурлаа, энэ их сайн гэх хандлага давамгайлж байх шиг байна. Гэхдээ бид үүнийг хоёр талаас нь авч үзэх хэрэгтэй. Ер нь бол муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, хулгана барьдаг л байх хэрэгтэй гэдэг шиг мөнгөний бодлогын хүү хэт өндөр байвал муу, их нам байвал сайн гэх нь харьцангуй ойлголт. Тэгэхээр бодлогын хүү инфляцыг тодорхой зорилтот түвшинд нь хадгалах, эдийн засгийн идэвхжлийг баланстайгаар дэмжих, хүлээлтэд нөлөөлөх үндсэн зорилгоо биелүүлж байх нь чухал. Мөнгөний бодлогын хүү 8 хувь руу орж ирж буурах үндсэн шаардлага, бодит нөхцөл байдал нь юу байв гэвэл инфляцын түвшин 2 хувьтай байгаа бөгөөд бодлогын хүү буурснаар 2021-22 онд 6 хувийг хангах зорилт зөрчигдөхгүй. Ийм учраас бодлогын хүү буурах нь эргээд эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжинэ гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, инфляцыг бууруулж, тогтворжуулах зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн сэргэлтийг дэмжинэ” гэсэн байна.

Мөн тэрбээр “Ирэх жилийн төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын хэлбэлзэх хязгаарын хүлээн зөвшөөрөх түвшинг тодорхойлж, ирэх жилүүдэд 6 хувь орчимд тогтворжуулна гэсэн зорилтыг дэвшүүлж байна. Инфляц 8 хувь, 1 оронтой тоонд тогтворжуулна гэсэн ерөнхий ойлголтыг илүү нарийвчилж, +/-2 нэгж хувь гэж илүү тодорхой болгож байна. Өөрөөр хэлбэл, зургаан хувиас дээшээ доошоо хоёр нэгж хувийн интервал дотор инфляцыг тогтворжуулна. Тэгэхээр инфляц найман хувиас дээшээ удаан хугацаанд тогтохгүй байх эсвэл дөрвөн хувиас доошоо удаан хугацаанд орохгүй байх, түүнд уягдсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ зорилтыг хангаж байгаа тохиолдолд тухайн үеийн бодлогын хүүгийн түвшин нь нийцтэй бөгөөд орон зайгаа хадгалсан, мөн орон зайг ашигласан ийм л бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг юм” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top