-Япон Улсын Засгийн газар манай улсад 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн зээл олгохоор шийдвэрлэжээ-
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги өнгөрсөн баасан гарагт манай оронд албан ёсны айчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан юм. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ бол Япон улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй бие даасан тавдахь айлчлал аж. Хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын албан ёсны хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад Ерөнхий сайд Ё.Сугагийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгаа” гэдгийг онцлоод Япон улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тэгвэл Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллах нь чухал” гэж онцлоод Япон улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ. Тэрбээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0.01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн байна. Мөн албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зуржээ.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих виз олгож эхэлснээ танилцуулсан аж. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүн талархал илэрхийлжээ. Тэрбээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу хауг идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавьсан байна. Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон аж. Үүнээс гадна 2022 онд тохиох Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцжээ. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болсон байна.
Ж.САЙХАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )