Монголчууд “Цахим үндэстэн” болох өдөр ойртож байна

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

-Цахимаар авах боломжтой төрийн 181 үйлчилгээнд татварын 34 үйлчилгээ багтдаг-

Энэ сарын 9-11-нд “Мишээл экспо” төвд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO-2020 болж өндөрлөлөө. 14 дэх жилдээ болж буй уг үзэсгэлэнд оролцогч төрийн болон хувийн хэвшлийн, олон улсын байгууллагуудын чанар чансаа жилээс жилд дээшилж буй нь илт. Үзэсгэлэнгийн хаалгаар оронгуут царай таних төхөөрөмжөөр таны биеийн халуун, дулааныг төдийгүй, таныг хэн гэдгийг илрүүлэх боломжтойг танилцууллаа. Техник, технологийн дэвшил гэдэг тэр чигээрээ л сонин содон, үзэж харах зүйл ихтэй болохыг оролцогч байгууллагууд төдийгүй үзэсгэлэнд ирсэн зочид, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг сонирхогчид хэлж байна. Хүсэл эрмэлзлэл, шинэ санаа дүүрэн нэвчсэн энэ хэсэгхэн орчинд 500 төгрөгөөр ундаа аваад шууд QR кодоо уншуулж и-баримтад бүртгүүлэх үйлчилгээ, ундааныхаа савыг тусгай машинд хийгээд 500 төгрөгөө эргүүлэн авах үйлчилгээ, өөрт хэрэгтэй апплейкишнээ татаж авч хэрэглээд бэлэг хожих үйлчилгээ гээд л шинэ дэвшилтэт технологиуд нүд баясгана.

Монголчуудыг “Цахим үндэстэн” болох зорилгод нийцүүлж төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-г үзэсгэлэнд ирсэн хүмүүст танилцуулж байгаа нь хамгийн их анхаарал татаж байлаа. Уг системээр иргэд бид төрийн 181 төрлийн үйлчилгээг зүгээр л цахимаар ороод авчихдаг болжээ. Жишээлбэл, иргэдийн хамгийн их авдаг, өдөр тутамдаа сонирхдог үйлчилгээнүүдийн нэг нь татварын үйлчилгээ. Одоо үед нэг минут тутамд нэг хүн цахимаар татварын үйлчилгээг авдаг болжээ. Тэгэхээр хамгийн их цахимжиж, хялбаршиж байгаа үйлчилгээнүүдийн нэгээр ч татварын үйлчилгээ орох болж. “E-Mongolia” системээс гэхэд татварын 34 үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж авах боломжтой юм байна. Үүнээс ICT EXPO-2020 үзэсгэлэнд танилцуулж байгаа татварын таван үйлчилгээг сонирхуулъя. Цахим татварын нэгдсэн систем www.etax.mta.mn нь татвар төлөгчид татварын албатай харилцдаг гол систем. Эндээс татварын албаны байрыг зорьж ирэлгүйгээр татвартай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой аж. Уг системээр давхардсан тоогоор 300 мянга орчим хуулийн этгээд, 1.9 сая иргэн тогтмол харилцаж, татварын тайлангаа өгөх, татвараа төлөх зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авдаг байна. 2020 оны гуравдугаар улирал гэхэд нэг сая орчим хэрэглэгч и-баримтын буцаан олголтыг авах гэнэ. Монголын хамгийн олон хандалттай апплейкишнүүдийн нэг “еbarimt” үйлчилгээний талаар иргэд хамгийн их сонирхож асууж байв. Үүн дотроо саяхан үйлчилгээнд шинээр нэвтрээд байгаа цахим төлбөрийн QRBarimt үйлчилгээг биечлэн туршиж үзэх үйлчилгээ явагдаж байлаа. Түүнчлэн иргэд өөрсдийгөө татвар төлөгчөөр бүртгүүлэх, тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, төрийн байгууллагаас авах үйлчилгээний төлбөр хураамж болон олон улсын татвар төлөх үйлчилгээг авдаг www.itax.mta.mn систем, татвар төлөгчийн “Цэнхэр дэвтэр” цахимжсан талаар мэдээллийг ICT EXPO-2020 үзэсгэлэнгийн татварын албаны асраас авч байсан юм.

М.ТУЯА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top