Ц.Элбэгдоржид атаархагсад цөөнгүй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Хүчтэй улс төрч Монголд тун ховор. Элбэгээг эс тооцвол шүү дээ хэмээн уулга алдах хүн цөөнгүй. Гэтэл хажуунаас нь “Элбэгээ бие жижиг, шалихгүй амьтан” гэх мэтээр үл тоогчид гарч ирнэ. Түүний шүүх эрх мэдлийн шинэчлэл, байгаль экологийн сүйрлийн талаар юм дуугарч, ажил хариуцсан дарга нар руу хатуухан үг чулуудахад нөгөөдүүл нь эмзэглэн “Ерөнхийлөгч бидний ажлыг хийх гэлээ” хэмээн гомдоллохыг бас яана. Тухайлбал өнөө хавар мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхлэхэд нь хотын захиргааныхан болоод Ардын намын зарим лидерүүд “Ерөнхийлөгч өө, та өөрийнхөө өмнөх ажлыг л хийгээч” гэцгээж байлаа. Яс тооцоод ирэхээр хотын захиргаа нь ч, Ардын намаас хишиг хүртэн төр, засагт ажиллаж буй хүмүүс нь ч олигтой үр дүнд хүрэхүйц ажил хийж чадахгүй байгааг одоо хотын гудамжаар шарлаж хатсан жижигхэн нялх моддын сэг харуулаад өгнө. Энэ бол тэдний нүүр царайг илчлэх нэг л жишээ. Харин Ц.Элбэгдоржийг өнөөдөр Америкчууд манайхнаас илүү өндөр үнэлж байгаа бололтой. Түүний Америкт айлчилсан өдрүүдэд тэндхийн нөлөө бүхий хэвлэлүүд намхан нуруу туруунд нь ахадсан гэмээр ачаа үүрүүлж, ярилцлага авахаар битүү дарж байв. Мөн Америкийн зарим хэвлэлүүдэд “Монголоос АНУ-д өгөх зөвлөлгөө” нэртэй нийтлэлүүд ч гарчээ. Урьд нь монголчууд америкчуудад зөвлөгөө өгч байгаагүй. Тэр дундаас бүр улс төрийн бодлогын талаарх зөвлөлгөө огт өгч байсангүй. “Washigton Post” сонины сэтгүүлч Эндрю Хиггинс өөрийн сониндоо ийм нийтлэл бичсэн нь америкчуудыг алмайруулж орхив. Азийн нэг жижигхэн улсын Ерөнхийлөгч яахаараа бидэнд зөвлөгөө өгч томордог билээ хэмээн тэд манай хэдэн хорчин улс төрчид, атаач мулгуучууд шиг аашилсангүй. Харин учрыг сайтар тунгаах гэж тийнхүү шимтэн сонирхож, алмайрчээ. Ийнхүү хэвлэлүүдэд “Бөмбөгдүүлсэн” Элбэгээд “Азийн нийгэмлэг”-ээс нь “Төрийн гарамгай зүтгэлтэн” шагнал гардууллаа. Тус нийгэмлэг нь АНУ-ын Азийн бодлогыг тодорхойлогч төрийн бус томоохон байгууллага бөгөөд 1956 оноос одоо хүртэл эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.  Уг шагналаа олгох болсон үндэслэл нь гэвэл Ц.Элбэгдорж өөрийн улс оронд ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ нь Азийн бусад улсад үлгэр дуурайлал болсон. Мөн түүний байгаль экологийн талаар явуулж буй үйл ажиллагаа, улс хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх талаар тууштай ажилласныг үнэлсэн хэрэг гэнэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн энэ талаарх мэдээллийг харамсалтай нь манай зарим хэвлэлүүд огт дурсахгүй өнгөрч байна. Түүнчлэн төрийн ордон дотор ч Элбэгээд бага зэрэг хор шар нь буцалж, атаархсан хүмүүсийн яриа чих дэлсэх ажээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top