Нийслэлд МАН үнэмлэхүй ялж, аймгуудад “алаглав”

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болж өчигдөр (2020.10.15) өндөрлөлөө.

Санал хураалт өглөөний 07 цагт эхэлж, оройн 20 цагт дууссан юм. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц өчигдөр оройн 19 цагийн байдлаар 47.6 хувьтай байлаа.

Энэ удаагийн орон нутгийн ИТХ-ын сонгууль аймаг, нийслэлийн 816  мандат, сум, дүүргийн 7353 мандаттай болсон. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдсөн аж. Өнгөрсөн 2016 онд орон нутгийн сонгуулийг УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулж байлаа. Тэгвэл энэ удаа салгаж явуулсны дээр хуулийн өөрчлөлтөөр ирц хамаарахгүй болгосон байв. Түүнчлэн сонгуулийн санал хураах цагийг ч богиносгосон гэдгийг хэлэх хэрэгтэй.

Урьдчилсан мэдээллээс харахад эрх баригч МАН-ын хувьд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үнэмлэхүй ялалт байгуулжээ. НИТХ-ын 45 суудлын 34-ийг нь авсан байна. Тэгвэл АН-ын хувьд найм, ХҮН гурван тойрогт ялсан аж. Тодруулбал, Баянгол дүүрэг буюу НИТХ-ын сонгуулийн нэг болон хоёрдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Д.Ихбаяр, Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нар ялалт байгуулсан байна. Тэгвэл мөн тус дүүрэгт хамаарах НИТХ-ын гуравдугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Энхтуяа, МАН-аас нэр дэвшсэн Ч.Мэндбаяр нар ялалт байгуулсан аж. Үндсэндээ энэ дүүргийн НИТХ-ын зургаан мандатын тавд нь МАН ялсан гэсэн үг. Тэгвэл Багахангай дүүргийн нэг мандатад МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр ялжээ. Түүнчлэн Багануур дүүргийн хоёр мандатад мөн л МАН-аас нэр дэвшсэн С.Даваасүрэн, Т.Отгонболд нар ялсан байна. Налайх дүүрэгт ч ялгаагүй МАН-аас нэр дэвшсэн Ч.Раднаабазар, Б.Нэргүй нар ялалт байгуулж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдов.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн тухайд НИТХ-ын 10 мандат байлаа. Тэгвэл тус дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн болгон ялалт байгуулсан байх юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийг төлөөлж НИТХ-д Р.Дагва, Ц.Төрхүү, Б.Сэргэлэнбаатар, Ц.Баттөр, Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Г.Төгөлдөр, М.Говьсайхан, Н.Алтаншагай, Б.Мөнхцэцэг нар суух болж байна. Тэгвэл өөр мөн адил 10 мандаттай Баянзүрх дүүрэгт АН-аас М.Тулгат, Т.Батцогт, Д.Пүрэвдаваа нар ялжээ. Мөн ХҮН-аас нэр дэвшсэн П.Наранбаяр, Д.Гантулга нар намдаа төлөөлөгчийн суудал авчрав. Тэгвэл үлдсэн таван тойрогт нь МАН-аас нэр дэвшсэн Ү.Оюунзул, Д.Энхбаяр, Н.Баярмөнх, Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар ялсан аж.

Харин Хан-Уул дүүргийн хувьд НИТХ-ын сонгуульд “алагласан” гэж болно. Тухайлбал, МАН-аас нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан, Б.Мягмар, Б.Өнөбат, Б.Одсүрэн, АН-аас нэр дэвшсэн Л.Отгонбаатар, ХҮН-аас П.Ганзориг нар урьдчилсан дүнгээр ялсан нь тодорхой болжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн тухайд  АН талдаа гарсан байна. Энэ дүүргийн дөрвөн тойргийн гуравт нь АН-аас нэр дэвшигч Д.Бадарсан, Х.Болормаа, Б.Эрдэнэсүх нар ялалт байгуулсан. МАН-аас нэр дэвшигч М.Халиунбат төлөөлөгч болжээ. Харин мөн адил дөрвөн тойрогтой Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Н.Батсүмбэрэл, Б.Мөнхбат, З.Төмөртөөмөө, Л.Ариунтуяа нар ялсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн сонгуулийн санал авах байранд очиж саналаа өгснийхөө дараа “…Залуус маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэн бүр санаачилгатай байж, санал хураах цаг дуусахаас өмнө саналаа өгч, иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага тооцох, нэхэх нь боломжгүй зүйл. Жишээлбэл, хүүхдийн шар автобусыг худалдан авсан үнийн асуудал дээр маргаан гарсан байна. 40 мянга, 45 мянган, 50 мянга, 130 мянган ам.доллар гэх зэргээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тендерт хяналт тавьж ажилласан бол ийм маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй. Ийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий. Үүнийг хийхийн төлөө иргэд маань аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна” хэмээн уриалж байлаа. Гэвч сонгуулийн дүнгээр НИТХ-д МАН үнэмлэхүй олонх болж Улаанбаатар хотыг ирэх дөрвөн жил залах болж байна.

Гэхдээ аймгуудын ИТХ-ын сонгуулийн хувьд АН цөөнгүй газар ялалт байгуулжээ. Тухайлбал, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Увс, Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигчид олонх болжээ. Тэгвэл эрх баригч МАН Дархан-Уул, Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Завхан, Төв аймагт олонх болсон байна. Товчхондоо, АН, МАН хэмээх хоёр том нам 21 аймгийн удирдлагыг бараг тэнцүүхэн барихаар болсон гэсэн үг.

Эх сурвалж: Өглөөний сонин

НИТХ-д сонгогдсон 45 Төлөөлөгч
 

Дүүрэг

Тойрог

Мандатын тоо

НИТХ-д сонгогдсон төлөөлөгч

Нам

Санал

Баянгол

1

2

Д.Ихбаяр 

МАН

9,841

Ө.Сумъяабаатар

МАН

9,438

2

2

Ж.Батбаясгалан

МАН

11,363

Г.Гангамөрөн

МАН

10,352

3

2

Д.Энхтуяа 

АН

9,388

Ч.Мэндбаяр

МАН

9,285

Баянзүрх

4

2

М.Тулгат

АН

9,625

Т.Батцогт

АН

9,121

5

2

П.Наранбаяр

ХҮН

11,112

Д.Гантулга

ХҮН

8,074

6

2

Ү.Оюунзул

МАН

8,828

Д.Энхбаяр

МАН

8,588

7

2

Д.Пүрэвдаваа

АН

9,516

Н.Баярмөнх

МАН

9,030

8

2

Б.Сүхбаатар

МАН

10,415

Б.Пүрэвдагва

МАН

9,141

Сонгинохайрхан

9

2

Ц.Төрхүү

МАН

11,112

Р.Дагва

МАН

10,057

10

2

Б.Сэргэлэнбаатар

МАН

9,733

Ц.Баттөр

МАН

9,088

11

2

Ж.Сандагсүрэн

МАН

10,305

Н.Баярчимэг

МАН

10,196

12

2

Г.Төгөлдөр

МАН

9,821

М.Говьсайхан

МАН

9,345

13

2

Н.Алтаншагай

МАН

10,762

Б.Мөнхцэцэг

МАН

10,578

Сүхбаатар

14

2

М.Халиунбат

МАН

8,569

Д.Бадарсан

АН

7,927

15

2

Х.Болормаа

АН

10,495

 Б.Эрдэнэсүх

АН

10,001

Чингэлтэй

16

2

Н.Батсүмбэрэл

МАН

9,547

Б.Мөнхбат

МАН

9,203

17

2

З.Төмөртөмөө

МАН

11,707

Л.Ариунтуяа

МАН

11,610

Хан-Уул

18

2

Ж.Алдаржавхлан

МАН

9,907

Б.Мягмар

МАН

7,879

19

2

Л.Отгонбаатар

АН

6,563

Б.Өнөбат

МАН

6,527

20

2

Б.Одсүрэн

МАН

8,315

П.Ганзориг

ХҮН

7,585

Багануур

21

2

С.Даваасүрэн

МАН

5,482

Т.Отгонболд

МАН

5,193

Багахангай

22

1

С.Эрдэнэбаяр

МАН

1,205

Налайх

23

2

Ч.Раднаабазар

МАН

7,962

Б.Нэргүй

МАН

6,954

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top