Сонгуулийн ирцээр ахмадууд залуусаа “ХӨЛДӨӨ ЧИРЛЭЭ"

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Монгол Улсын иргэд, сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаа өчигдөр сонголоо. Бүх нийтийн амралтын өдөр болгон зохицуулсан хэдий ч өглөөгүүр сонгуулийн ирц төдий л хангалттай биш байгааг Хэсгийн хорооны ажиглагчид хэлж байлаа. Гэсэн хэдий ч энэ удаагийн сонгуульд ирц хамаагүй. Нэг үгээр бол тухайн хэсэг, тойрогт хэдэн ч хүн санал өгсөн, тэдний олонхын саналыг авахад л сонгогдоно гэсэн үг. 

Сонгуулийн санал хураалт 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд бид бүхэн 10:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн XVI хороо санал авах хэсэг дээр очлоо. Тус хороо нь 130 дугаар цэцэрлэг, 171 дугаар цэцэрлэг, Хорооны байр гэсэн гурван хэсэгт санал авч байгаа аж. Саналаа өгөхөөр эртлэн ирсэн хүмүүсийн дийлэнх нь ахмад настан байсан бөгөөд ганц нэгхэн хүнийг эс тооцвол залуучууд төдийлөн харагдсангүй. 130 дугаар цэцэрлэгт байрлаж байгаа санал авах байранд саналаа өгөхөөр ороход маск зүүх шаардлага тавьсангүй. Дотогш ороод хурууныхаа хээг уншуулахад л бүх мэдээлэл дэлгэцэнд гарч, санал өгөх боломжтой үгүй нь мэдэгдэж байсан. Иргэний үнэмлэх, тамга тэмдэгтэй хуулбар гэж иргэдийн чирэгдүүлэхгүй байгаа нь үнэхээр амар аж. цаашид төрийн өөр олон үйлчилгээг ийм замаар хөнгөвчлөх боломжтой.

Юуны тулд бид чинь “цахим” нэртэй иргэний үнэмлэх ашигладаг билээ дээ. Нийтдээ 8063 сонгогчтой XVI хорооныхоо иргэний үүргээ бичлүүлж саналаа өгч байхдаа энэ мэт зүйлийг бас бодож явлаа. Мөн энэ тэндээс машинаар хүмүүсийг зөөн ирж саналыг нь өгүүлж байгаа нь ажиглагдана. Гэвч энэ нь хууль зөрчсөн хэрэг биш, харин ч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх оролдлого аж. Учир нь уулын хяр, оргилоос хүмүүс тэр бүр ирж саналаа өгдөггүй байна. Эндээс гараад бид тус дүүргийн X хорооны санал авах Хэсгийн хороо болох 234 дугаар цэцэрлэгт ирлээ. Аравдугаар хороо үүнээс гадна 16 дугаар сургууль, 24 дугаар цэцэрлэг гэсэн хоёр хэсэгт санал авч байсан бөгөөд нийтдээ сонгогчийн насны 6640 иргэнтэй гэнэ. СУИС-ийн II байрны урдхан байрладаг 234 дугаар цэцэрлэг рүү харин сонгогчдыг маск зүүлгэн нэвтрүүлж байлаа. Сонгууль болдогоороо болоод олон балчир хүүхдүүд сурч, хүмүүжих орчин учраас ингэж өндөр шаардлага тавьж байгаад нь талархмаар. Өмнөхийн нэгэн адил санал өгөхөөр ирсэн хүмүүсийн ихэнх нь ахмад настан аж. Харин энэ хэсгийн хорооны хувьд иргэдийн идэвх нилээд өндөр байгаа гэдгийг Хэсгийн ахлагч хэлж байлаа. Мэдээж хотын төв, гэр хороолол бага, орон сууц олонтой учраас иргэдийн оролцоо нилээд их байдаг бололтой.

Энэ удаагийн Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам болон бие даан нэр дэвшигч гээд нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, есөн дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах учиртай. Харин сонгуулийг зохион байгуулах ажилд 21,176 төрийн албан хаагч ажиллаж, цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоогоор хангах үүрэг хүлээн ажиллаж байгаа юм. Түүнчлэн Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 2148 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийг урьдчилан хийж бэлтгэжээ.

Бид бүхэн дараагийн газраараа Сонгинохайрхан дүүргийн IV хороог сонгон зорин очлоо. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрсөн жил хороодынхоо тоог нэмж 43 болгосон бөгөөд Монгол Улсын нийт сонгогчдын арав гаруй хувь нь амьдардаг том дүүрэг. Хороодыг хувааснаас үүдэн энэ жил IV хорооны сонгогчдын тоо 4723 болж өөрчлөгдсөн байна. Тус хороо Иргэний танхим, 226 дугаар цэцэрлэг гэсэн хоёр газар санал хураалт явуулж байгаа бөгөөд 11:00 цагийн орчим иргэдийн идэвх чамлахааргүй байгааг нэгэн намын ажиглагч хэлж байв. Гэсэн хэдий ч өнөөх л залуучууд санал өгөх нь цөөн байна гэсэн тунирхсан өнгө аястай үгийг дахин эндээс сонслоо. Тус хороонд МАН, АН, ХҮН гэсэн гурван намаас нэр дэвшин/дүүргийн ИТХ-д/ өрсөлдөж байгаа аж. Харин нэгдүгээр хорооллын арын дэнж орчим буюу Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороонд МАН, АН гэсэн хоёрхон сонголттой. Тус хороо нь шинээр байгуулагдсан хороо бөгөөд 31 дугаар хороог хоёр хуваан байгуулжээ. Гэсэн хэдий ч сонгогчдын тоо нь 3941 бөгөөд энэ нь бараг хоёр сумын сонгогчдын тоог нийлүүлсэнтэй ижил.

Нэгэн үеэ бодоход бид бүхэн сонгууль өгч сурсан байна. Элдэв хэл ам гарч, мөнгө, архи тараасан гэх хардлагууд сонгуулиас сонгуулийн хооронд багассаар байгаа нь сайн хэрэг. Ахмадууд маань өглөө эртлэн босож, одон медалиа зүүн саналаа идэвхитэй өгсөөр байхад өнөөх л залуучуудын назгай, нийгмийн идэвх муу байдал төдий л сайжирч өгөхгүй хэвээр. Нэг ёсондоо залуучууд маань нийгмийн идэвхээрээ настнууддаа чирэгдсээр байна. Хэдэн жилийн өмнөхөө бодвол сайжраад л байгаатай маргахгүй ч залуу хүн нийгмээ манлайлж, хөтлөхгүй ч гэсэн чирэгдэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр хийсэн сонголт тань маргаашийг тань ямар байхыг шийднэ гэсэн яриа байдаг. Харин огт сонгууль өгөхгүй байна гэдэг нь ямар ч маргаашгүйтэй адил байж мэдэх юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top