С.Ганбаатар: Ерөнхий сайд Оюутолгойн гэрээг яаралтай өөрчлөх хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа. 


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Таны хувьд төсвийн задаргаатайгаа танилцаж амжив уу?

-Танилцсан. Төсвийн тодотголоор дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирсэн. Харин Монгол Улсын 2021 оны төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирлээ. Төсөв гэдэг нь орлого, зарлагыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, орлого хийгээд зарлага нь тэнцэж байх ёстой. Тэгэхээр орлогоосоо илүү зарлага зарцуулна гэдэг бол хойч ирээдүйгээсээ зөвшөөрөлгүй хулгай хийж байна гэсэн үг. Зээл, тусламж, гуйлга гуйж хөгжсөн орон байдаггүй. Төсвийн алдагдлыг дандаа олон улсын зээл тусламж, бонд, Засгийн газрын өрөөр нөхдөг. Энэ утгагүй байдлыг таслан зогсоо гэдэг байр суурьтай байна.  

Орлогоо яаж нэмэх вэ гэвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Оюутолгойн гэрээг яаралтай өөрчилж, Монголд ашигтай болго гэдэг эрх мэдлийг УИХ-аас өгсөн. Ерөнхий сайд Оюутолгойн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, ийм алдагдалтай, ашиггүй гэрээг засах хэрэгтэй. Хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх ёстой. Улсын төсвийг ярьж л байна. Олон их наяд төгрөгийг ярьж байна. Энэ 76 гишүүн өөрсдөө тарьж, ургуулаад олсон юм шиг ярихаа боль. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.

Өөрөөр хэлбэл, иргэд болон аж ахуйн нэгжээс татвар авч төсвөө бүрдүүлчихээд түүнийхээ зарцуулалтыг асуухгүйгээр төлөвлөнө гэдэг бол хулгай, дээрмээс ялгаагүй. Энэ асуудлыг таслан зогсоохын төлөө ажил хэргийн байдлаар ярина. Өнөөдрөөс эхэлж эрүүл мэндийн даатгал, төсөвт байгаа бүх мөнгийг зарцуулахдаа зөвшилцөнө шүү. Салбар, аймгийн гурван талт хэлэлцээр хийх ёстой шүү. 

-Ирэх оны төсөвт бүтээн байгуулалтын ажлыг хэр тусгасан байна вэ. Хуучин барилга, байшингаа барьж дуусаагүй байж шинэ барилга, байшин барих гэлээ гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?

-Баахан соёлын төвийн байр л байна билээ. Баахан хуримын байр л барихаар байна билээ. Үүний оронд ажилтай, орлоготой болгох бүтээн байгуулалтын ажлыг хийх ёстой. Үүний төлөө Оюутолгой дээр хүн шиг ажиллаж, Рио Тинтотой хүн шиг ярих хэрэгтэй байна. 

-Орон нутгийн сонгууль боллоо. Хэр шударга явагдсан гэж үзэж байна вэ?

-Манай нам их хүнд цохилт авлаа. Гэхдээ тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй бол аль хэдийнэ ялагдсан байдаг гэж ярьдаг. Бид цаашид улам шаргуу, хичээнгүйлэн ажиллах болно. Мөнгө тараасан талаарх мэдээлэл их тарлаа. Ямар ч гэсэн хариуцлага нэхэж, үр дүн гаргахын төлөө ажиллана. 

-МАХН шат, шатны сонгуульд ялагдал хүлээлээ. Намын даргадаа хариуцлага тооцох уу. Ер нь, яагаад Н.Энхбаярт хариуцлага тооцдоггүй юм бэ?

-Н.Энхбаярыг дахин олон жил ажиллаасай гэж хүсэж байна. Энэ бол миний байр суурь. 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huts(76.64.224.120) 2020 оны 10 сарын 17

chamalhaar changa atga gedeg yum

0  |  1
Top