Далаараа тавиулсан Н.Энхбаяр Монгол ардын хөгжлийн нам гэсэн нэрийг сонгож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

 Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар МАХН хэмээх товчилсон нэрийн төлөө боож үхэх нь холгүй явна. Үндсэн хуулийн цэц тэдний маргааныг нэг тийш болгон хуралдааныхаа танхимаас бараг өшиглөх шахам хөөж гаргасан. Гэвч “Үндсэн хуулийн цэц улс төрийн хараат байдалд үйл ажиллагаагаа явуулж байна” хэмээн хашгирсаар тэд гарцгаасан билээ. Одоо мань хоёрт Дээд шүүхийн шийдвэрийг харж суух л үлдээд байна.  Хэрвээ МАХН гэсэн товчлол бүхий нэрийг нь өгөхгүй бол өөр арга зам хайна. Үүнийгээ ч тооцоолсон гэнэ. Ц.Шинэбаяр нь “Монголын алдартай хувьсгалт нам” гэсэн нэр сонгон улсын бүртгэлийн газраас баталгааг нь авчихсан байгаа. Энэ нэрээр намаа нэрлэх болвол дахиад л намын гишүүдээ дуудан их хурлаа хийхээс өөр замгүй. Нэлээд зардал мөнгө орох байх. Мөн Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллагыг толгойлж байгаа Оюун-Эрдэнэ гэгч МАХН гэсэн товчлолд орж болох нэрсийг бараг бүх хувилбар нэрийн хамт нэг өдөр бөөндөөд авчихсан гэнэ. Үүнээс болж Н.Энхбаяр хэдийнээс нөөж байсан “Монголын ардчилсан хөгжлийн нам” гэсэн нэр дээр тогтож байгаа сурагтай. Ийм нэртэй нам одоогоор хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.  Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар дээд шүүх дээр өвдөг шороодвол энэ нэрээр явна гэсэн таамаг илүүтэй жин дарж байна. Заавал ийм товчлол бүхий нэр өгөх гэж ядарч зүдэрч явснаас шууд л "МАХ НАМ" гээд нэрлэчихгүй дээ. Үгээр илэрхийлсэн ч МАХН, үсгээр ч МАХН гээд явж л байна биз. Харин ч амар юм биш үү.


Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top