Монголын эдийн засгийн шинэчилсэн тооцоо судалгааг танилцуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг  хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран  Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвтэй холбоотой шинэчилсэн тооцоо судалгааг танилцуулж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн ирээдүйн төлөв, сорилтууд болон дунд хугацаанд хэрэгжих “Банкны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар мэдээлэл өгчээ.

Мөн  талууд Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2020 оны тавдугаар сард хэрэгжүүлж дууссан тухай болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас 2020 онд багтаан гарах ажил, үүрэг даалгаврын баталгаажуулалт болох газар дээрх хяналт шалгалтын үнэлгээ энэ сард амжилттай хийгдээд байгаа талаар ярилцжээ.

Азийн хөгжлийн банкнаас банк санхүүгийн системийг шинэчлэн бэхжүүлэх, банкны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top