Эргээд л сонгогчидтойгоо уулзана даа, депутатууд минь

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 17

Орон нутгийн сонгууль хуулийн өөрчлөлтөөр ирцийн хийгээд саналын босгогүй болсон. Хэдий тийм боловч монголчууд сонгуульдаа идэвхтэй очлоо. Энэ бол төрд байгаа хүмүүсийн ажлын үнэлгээ юм. Ингээд биччихээр өөрсдийгөө “Бид сайн ажиллаж байгаа юм байна” гээд эндүүрээд явчих вий. Орон нутгийн сонгууль гэдэг чинь хүмүүсийн амьдралд хамгийн их хүрдэг ажлыг хийнэ гэсэн үг.

Бэлчээрт худаг, хороонд хог ачилтын асуудлыг шийдэхээс л эхэлнэ дээ. Энэ ажлаа сайн хийхгүй болохоор хүмүүс очиж саналаа өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш ажлаа сайн хийж байсан бол хүмүүс саналаа өгөх эсэхдээ санаа зовох уу даа. Ийм учраас шинээр депутат болсон хүмүүст захих зүйл байна. Ер нь манай дунд шатны дарга нарын нийтлэг төрх байдаг. Сонгогдсон даруйдаа алга болчих нь элбэг. Тэгээд дүүрэг, аймгийн хуралд оролцож дэмжсэн ажил нь иргэдийн амьдралтай нийцдэггүй. Хөгшид нарладаг хэрэгтэй газар хоосон байтал хаа байсан архичид цуглардаг цэгт нь саравч барьчихдаг.

Тэр нь шээс, баасны (үгнээс цээрлээд яах ч билээ) хөндий болно. Тийм болохоор намаараа талцалгүй иргэдтэйгээ уулзаж байж ажлаа төлөвлөж байгаарай. Дарга болчихоор л хүнээс юм асуулгүй, бүгдийг мэддэг болчихдог юм биш. Адаглаад автозамын явган хүний гарцгүй газраар хүүхдүүд гүйгээд байгаа цэгийг нь анзаараад  цагаан зураас татаад өгөөрэй. Тэгвэл хэрэгтэй ажил хийж байна гэсэн үг. Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй бол энэ олон хүн ирэх сонгуулиар ч бас саналаа өгнө шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top