АН хаяагаа тэлж, МАН бүслүүрээ тасдуулав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

“Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдсэн” Орон нутгийн сонгууль өндөрлөлөө. Эрх баригч намынхан удаа дараагийн үнэмлэхүй ялалтдаа эрдэж, толгойдоо бөөгнөрч суусан учраас “Зарлаагүй дайн”-д орсон мэт сандралдав. Энэ хэрээр зарим аймагт хөлгүй болж, Монгол Улсыг бүхэлд нь бүсэлж байсан эрх мэдлээ хэсэгчлэн тасдуулав. Харин С.Эрдэнийн эргэж сэхэхээргүй унтуулж орхисон гэх АН санамсаргүйгээр түүхэн амжилтад хүрлээ. Их ялагдлын дараах том гэрэл гэгээ гэгч л энэ байв. Гуравдагчдын зүгээс төдийлөн хүч түрж чадсангүй. Манай нөхцөлд тэдний орон зай төдийлөн томрохгүй учраас хэмжээндээ л өрсөлдсөн гэхэд болно. Харин МАХН ч биш, ШИНЭН ч биш, ХҮН хэмээх бүлэглэл улс төрийн гуравдагчдын орон зайд бууриа зассанаа зарлаад авлаа. Хэтдээ гуравдагчдын орон зайд амь залгуулах бүлэглэл ХҮН болж таарав. Тэгэхээр бид өдгөө ч дуу нь алсраагүй байгаа сонгуулийн алдаа оноог шүүн тунгаахыг зорилоо.

 

Салхи эргэсэн, хаашаа залахыг тэнгэр мэднэ

Орон нутгийн сонгууль АН гэж нэг улс төрийн хүчин байгаа шүү гэдгийг сануулав. Ямартай ч ард түмэн ардчилал гэдэг үгийг мартаагүй, АН хэмээх бүлэглэл ой санамжид байгааг харуулан, тус намд нийгмийн салхи эргэж байгааг харууллаа. Тодотгож хэлбэл, айсуй 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтын суурийг тавьж чадсан. Гэхдээ энэ нь шууд ялалт гэж байгаа хэрэг биш. Гагцхүү АН суурин дээрээ чухам юу босгохоос шалтгаална. Тэдэнд том алдаа байдаг. Ялалтын чимээ сонссон даруйд өөрсдөөсөө өөрийг харахаа больдог. Түмний итгэлийг дэвсэлж, төрийн албыг самардаг. Ёстой л хоттой хонинд орсон өлсгөлөн чоно шиг сэгэлж өгдөг зантай. Үүнээсээ болж, дараа дараагийн сонгуульд ялагддаг олон жишээ бий. Уг нь хашрахаараа л нэг болсон учраас анхаарах биз ээ. Энэ тал дээр анхаарч ажиллахад айсуй 2024 оны сонгуулиар үнэмлэхүй том ялалт биш юм гэхэд цэнхэр туг хатгах магадлал өндөр боллоо. Хүн амын тал нь оршдог нийслэлд ялагдал хүлээсэн нь эргэж буй салхийг сөрөх нэг том шалтгаан болох ч зөв чиглүүлэх цаг хугацаа байна.

Нэг талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын “ташуур” чамгүй нөлөөлсөн. Гүйцэтгэх засаглал, аливаа сонгуулиас ангид байх ёстой Ерөнхийлөгч маань “хэвтэрт орсон” намынхаа төлөө улаан цайм ажилласан гавьяаг дурдах хэрэгтэй. Эрх үүргээ умартсан Ерөнхийлөгч байгаагүй бол орон нутагт ийм хэмжээний амжилт үзүүлэхгүй гэдэг нь тодорхой. Түүний дэмжлэг дор өрнөсөн учраас мөнгө төгрөг, бэлэг сэлт тараах нь хэвийн үзэгдэл байв.

Ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ч дараагийн сонгуульд илтэд нөлөөлөх нь дамжиггүй. Сая бол шууд утгаараа Ерөнхийлөгчийн өндөр их дэмжлэг дор салхи эргүүллээ. Ямартай ч Х.Баттулга ирэх сонгуулийнхаа зургийг сайтар гаргаад авчихсан учраас алдаа оноогоо дүгнээд цааш явахын зэрэгцээ АН-ыг илүү их цэгцэнд нь оруулах шаардлага зайлшгүй тулгарчээ. Шинэчлэгдэж сүйд болохгүй ч дараагийн эрин энэ намд ирчихэж. Ч.Сайханбилэг гадаадад, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар шоронд, Н.Алтанхуяг бие даачихсан, Ц.Элбэгдорж хоолойдоо хутга тулгуулчихсан, Д.Баттулга, Д.Дорлигжав нар заналхийлэлд, С.Эрдэнэ хэн ч биш болчихсон учраас яах аргагүй дараагийн үе жамаараа түрэн иржээ.

Түүнээс тэднийг хорьж цагдаж, хутга тулгахгүй бол зайгаа тавьж өгөхгүй хүмүүс. АН-ын нэрийг 30 жил идчихээд одоо ч ханаж цадаагүй хүмүүс. Хоригдсон, цагдуулсан хүмүүс “Улс төрийн хэлмэгдэл” гэж байгаа ч үүнээс өөр арга байсангүй. Тэдний гол алдаа нь хууль зөрчихдөө бус ханаж цадаагүй хүсэл тачаалдаа байв. Тиймээс дараагийн үеийг хүчээр шахам гаргаж ирж байгааг өнгөрөгч ажиллагааны үйл явдал харууллаа. Одоо салхи нэгэнт эргэсэн, эргүүлсэн. Үүнийг хэрхэн хааш нь залах нь хууль дүрэм, ном журам гэхээсээ илүү ихээхэн ухаан зарах асуудал болж үлдлээ. 

 

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ МАН-Д ТОМ САНУУЛГА ӨГЛӨӨ

Монгол Улсыг бүхэлд нь ноёрхож байсан МАН бүслүүрээ тасдуулав. Одоо тасарсан хэсгээр нь залгахаар богинохон бүслүүртэй болно гэсэн үг. Өнгөрөгч хоёр удаагийн үнэмлэхүй ялалт тэдний нүдийг боосон тал бий. Өөрөөр хэлбэл төв аппаратдаа ялалтын хундага тулгаж, бялуу хувааж байснаас тэд зах зайдуу орон нутагт төдийлөн найр тавиагүй хэрэг. Том том төсөл хөтөлбөрөөр шошго нааж, шударга ёс, хариуцлага гэх үгсээр лоозогнож, олны толгой дээгүүр явсныхаа горыг багагүй амсав. АН-аас өөр нам бол ирэх дөрвөн жил сайн ажиллахад ялалт байгуулсан найман аймагт ялах нь бүү хэл МАН-аас нэр дэвшигч очихын ч хэрэггүй мэт.

Бүхэлдээ МАН руу эргэсэн салхи гэнэт яагаад огцом зүг чигээ өөрчлөв гэдэгт бяцхан гайхширал хаа хаанаа бий. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Х.Баттулгын ажиллагаа, хоёрдугаарт, МАН толгойдоо багтаж суучихаад хөлөө анзааргүй. Ерөөсөө ялалтын өрмийг толгойд суугаа нөхөд хүртэж, хусмыг нь дунд, бага шатанд булаалдаж, үүнээс үүдсэн зодоон нь ямагт ялагдалд хүргэж ирсэн түүхтэй. Гуравдугаарт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Манай намаас мандат авч чадаагүй гишүүд гурав, дөрвөөрөө нэр дэвшиж, намынхаа саналыг хуваасан. Тодотговол, Увс, Хөвсгөл, Говь-Алтай зэрэг аймгуудад ийм тохиолдол гарсан. Энэ нь аймгийн нам дотооддоо эв нэгдлээ хангаж ажиллаж чадаагүйг харуулсан юм” хэмээсэн. Увсад Б.Чойжилсүрэнгийн нөхдүүд, Хөвсгөлд Ц.Даваасүрэнгийн нөхдүүд гээд МАН-ын саналыг хангалттай хуваасан. Урваж шарваж байдаг Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар ийнхүү өршөөж боломгүй гэмт хэрэгтэн болов. Одоо эрх баригчид илүү анхааралтай ажиллахгүй бол айсуй 2024 онд ямар төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт тэвэрч очоод хохирол амсаж мэдэхээр харагдана. Зөв мэдэрч ажиллахгүй бол маш том сануулга өглөө. Ерөнхийлөгчийн сонгуульд хаанаас хэнийг дэвшүүлэхээс хамааран, ерөнхий зураг ч гарчихаж байна. 

 

СОНГУУЛИЙН ҮР ДҮН У.ХҮРЭЛСҮХИЙГ ЭРГЭЛЗЭХЭД ХҮРГЭЛЭЭ

Улс төр судлаач, сонирхогчдын хүрээнд ч тэр, баттай гэж болох эх сурвалжийн зүгээс ч тэр, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хамтын ажиллагааны талаар удаа дараа дурдаж байсан. Х.Баттулга төлөвлөгөөний дагуу АН-ыг нэгэнт гартаа хийсэн. Тэр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөгчгүй торойно. Харин МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаар тохиролцсон гэх. Хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр сонгогдсон нөхөр зургаан жил ажиллана. Энэ хугацаанд, 2024 он хүртэл Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр У.Хүрэлсүхийг дэмжиж ажиллана гэх мэдээлэл бий. Үүнтэй би хувьдаа санал нийлдэг. Нам өөр ч үзэл санаа нэг хоёр нөхөр улс орныхоо төлөө ажиллах чин хүслээр тохиролцож болно. Том үйлийн төлөө алдаа байхыг хэзээ ч үгүйсгэхгүй. Харин болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүн У.Хүрэлсүхийг эргэлзэхэд хүргэсэн байх. Өнөөдрийн байдлаар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх дүр У.Хүрэлсүхээс өөр алга. Өрсөлдөх дүр бол байж таарна, ялах магадлалтай дүр алга. Гэтэл АН түүхэндээ найман аймагт ялалт байгууллаа. Иргэдийн МАН гэх итгэл үнэмшил 2024 он гэхэд сулрах хандлага байгааг харуулсан хэрэг. Тэгэхээр иргэдийн дэмжлэг, өөрийн рейтинг өндөр байгаа цагт буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь зөв гэсэн нэгэн бодол түүнийг тарчлааж байхыг үгүйсгэхгүй. Улс төр бол тачаал. Тачаал өөрөө хэн ч биш хүнийг улстөрч, лидер болгодог шүү дээ.

Гэтэл анхнаасаа Ерөнхийлөгчтэй тохиролцож, өнгөрөгч хугацааны улс төрийн үйл ажиллагаандаа зүү орох зайгүй хамт явчихаад байдаг. Мөн бүтээж босгож, өөрийг нь мандуулсан хайран цаг хугацааг дундаас нь хаяад өрсөлдвөл унах, ялах эсэх тухай бодол нь бүр ч зовоож байгаа. Улс төрийнхөө том тохиролцооноос буцаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдлөө гэхэд ялагдал хүлээвэл юу болох вэ. Өнөөдөр дагаад гүйж байгаа нөхөд ялагдлын сургаар дэвсээд өгнө гэдгийг ч тэр мэднэ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй Ерөнхий сайдаараа ажиллана гэвэл намын дотоод зодооноо хэрхэн зохицуулах юм. Ханцуйдаа зэвсгээ нуусан нөхөд өөдөөс нь хараад инээж суугаа хойно тарчлах нь аргагүй.

Тэгээд ч Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр удаан хугацаанд ажиллах нөхцөлийг Х.Баттулга хангаж чадах уу гээд олон эргэлзээ дунд сууж байгаа нь лавтай.  У.Хүрэлсүхийн хувьд аль ч замыг сонгосон эрсдэл, заналхийлэл тосон уулзах хангалттай шалтгаантай гэдгээ тэр өөрөө ч мэдэж байгаа. Гагцхүү өндөрт байх хугацаагаа сунгах тал дээр анхаарч, энэ хугацаандаа дараагийн мөр замаа дардан, зөөлөн гаргахыг хичээх л үлдэж.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.24.204) 2020 оны 10 сарын 19

энэ хоёрыг гарна гэдэг ч юу юм бэ.худалч хулгайч гэдгийг хүн болгон мэдэх байлгүй

0  |  0
зочин(203.91.118.150) 2020 оны 10 сарын 19

Х.Баттулгыг дахин сонгодог эргүү амьтан одоо байхгүй байлгүй дээ

0  |  0
Сонгогч(66.181.176.240) 2020 оны 10 сарын 19

Ардын намаас Ерөнхийлөгч болчих хүн алга У.Хүрэлсүх дэмий Х.Баттулгад далаараа тавиулна

0  |  0
b(103.14.38.10) 2020 оны 10 сарын 19

Hurelsukh erunhuulugchiin sentii zuudelbel uuriiguu bulshlana gesen ug ,ternii orond battulgatai hel amaa ololtsood erunhii saidaaraa 2024 on hurtel yavahaa bodson ni ulziitei yum daa,heterhii shunalaasaa bolood nuhend unadag ayultaig sanah heregtei

2  |  0
Иргэн(64.119.23.218) 2020 оны 10 сарын 19

Хүрэлсүх Хаянхярваа мэтийн юмнуудын томилж бгааг бодход Миеэтэй эвсэж, Баттулгатай тэмцэх гэж бга юм бишүү. Юун гар барих, одоо Ерөнхийлөгч, ЕС 2 өрсөлдөгчид болсон. Даанч Монголчууд ой санамж муутай, дээр нь бидон, бахиалаар худалдагддаг хэдэн хувь бий. Уг нь бол энэ 2 одоо болноо. Мэдлэг, мэргэжил, дээр нь сэтгэл, зүтгэлтэй,зоригтой, хэлсэн, амалсандаа хүрдэг УДИРДАГЧ бидэнд хэрэгтэй бнаа.

0  |  0
Top