АН-ын даргыг гишүүд нь бус Ерөнхийлөгч сонгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Орон нутгийн сонгуульд хэдийгээр ялагдал хүлээсэн ч түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн АН-ын хувь заяа Ерөнхийлөгч Х.Баттулгын гарт байна гэхэд болно. Утаа нь замхараагүй байгаа сонгуулиар хэтэрхий нялх үзэл санаа, ханаа ч зөв шийрлээгүй үзэл баримтлал найман аймагт илүүрхэж байгааг амжилт гэхээс өөр юу гэхэв. Гэхдээ Ерөнхийлөгчийн дэмжлэгээр шүү. 

Одоо АН дарга, удирдлагынхаа багийг итгэл үнэмшлээ даган, зөв сонгох юм бол айсуй 2024 оны сонгуульд ялдаггүй юм гэхэд цэнхэр салхийг олон газарт эргүүлнэ. Энэ хэрээр өдгөө тодорхой эзэнгүй байгаа АН-ын даргын сунгаа хөшигний ард ид өрнөж байгаа ч ерөнхийдөө “хувь заяаг атгагч”-ийн өмнөөс “Би дарга болно, чи цаашаа” гэх зоригтой аавын хүү алга байна. Тэгээд ч зоригтой, хөрөнгөтэй, сонирхолтой нөхөд хилийн чинад, зарим нь торны цаана бий. Тачаалтай ч гэж болох нөхөд юм.

Харин намын дарга болох санаархлаа гадаа ч биш гэрт ч биш битүү хатуухан илэрхийлж байгаа нөхөр бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж. АН-ын залуу үеийн төлөөллийн хувьд түүнд боломж байгаа ч Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг авахгүй болохоор цааш явахгүй. Учир нь тэр шууд Х.Баттулгын дохио зангаагаар хөдлөхгүй, цаашаа “гэдгэнээд” байх талтай учраас ийнхүү намын даргын сунгаанаас хүчээр мултарна.

Уг нь Б.Пүрэвдорж бол хамгийн боломжит хувилбар байж болох юм. АН-ын даргын сунгаа бол өргөн хүрээнд болдог. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нөхөд нь энэ айлын тооноор орохыг хүсдэг нь нууц биш. Хаа байсан улс төрийн гологдол “Буян”-гийн Б.Жаргалсайхан хүртэл өрсөлдөж л байдаг талбар. Дархлаа нь суларсан хүнийг жижиг, том гэхгүй өвчин ноолж байдагтай адил болсон байв. Энэ утгаараа АН-ын дарга болох хүсэл маш олон хүнд байгаа ч Ерөнхийлөгчөөс баахан дөлсхийж байх шиг.

Өнөөдрийн байдлаар АН-ын даргад өрсөлдөх чин сонирхолтой байх ёстой  Ч.Сайханбилэг гадаадад зугтаж, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар шоронд хоригдож, Н.Алтанхуяг бие даан, намаасаа нэгэнт хөндийрч, Ц.Элбэгдорж 176 хуудас материалаар боомилуулчихсан байна. Тэгэхээр цагтаа АН-ыг хойморлож явсан эдгээр нөхөд төдийгүй эдний фракц бүлэглэлээс даргын өрсөлдөөнд нэр хавчуулахгүй нь ойлгомжтой болгож. Уг нь АН үүгээр далимдуулаад залуу үеэ гаргаж ирэх учиртай ч Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгээр Лу.Болд намын даргаар орж ирэх төлөвлөгөө, тохироо эрт зурагдсан гэх. Тиймдээ ч түүний хязгааргүй шунал нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очиход хүргэсэн хэрэг. Лу.Болдод хэрвээ эрх ашиг байвал түүнийгээ дагаад хаа ч хүрч, хэнтэй нөхөрлөж чадах хүн. Уг нь тэр АН хэмээх нэрээр хүрч болох бүх зүйлд хүрсэн ч ханаж цадаагүй нь ойлгомжтой харагдана. 
 


Уг нь Лу.Болдыг ийн шунахаас өмнө АН-ын даргын сунгаанд цэвэр өрсөлдөөн бий болгоно хэмээн өрсөлдөх сонирхолтой хүмүүс албан ёсоор нэрээ өгч эхэлсэн байдаг. Тэр тусмаа яах аргагүй цаг нь болсон залуусын түүчээ нэр усаа бүртгүүлсэн байв. Тухайлбал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр, АН-ын Хэрэг эрхлэх газар, Намын байгуулалтын газрын дарга асан Ц.Уртнасан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар өрсөлдөхөөр нэрээ албан ёсоор өгөөд байсан. Өөрсдөө ч цахим орчинд мэдэгдэж байв. Гэхдээ АН-ын даргаар УИХ-ын гишүүн хүн ажиллах нь илүү зангарагтай гэх үүднээс О.Цогтгэрэл, Ж.Батсуурь хоёр нэрээ өгөөд, Ж.Батсуурь нэрээ татжээ. Магадгүй тэр залуусын эрин цаг түрэн ирснийг мэдэрсэн хэрэг.

Нэр дурдсан нөхөд намын даргын сунгаанд шударга өрсөлдөж, гишүүдийн дэмжлэг хэн илүү авсан нь дарга болно хэмээн дундаа ч тохиролцсон гэдэг. Гэтэл Лу.Болд гэх нөхөр хаалга савж явчихаад тооноор өнгийн, хоймор суухыг санаархаж байгаа нь нийт гишүүдийн дургүйцлийг ихэд хүргэжээ. Гэхдээ яах ч арга алга.

Шуудхан хэлэхэд энэ удаагийн намын даргын сунгаа тарж сарнисан “Алтангадас”, гол төлөв өвгөдөөс бүрдэх МҮДН гэх мэт олон фракц дундын зодооноор өрнөхгүй. Багцалсан таван сум барьж ч ирэхгүй. Их л хүлцэнгүй болж өнгөрөх хандлагатай. Тодотговол, шууд Ерөнхийлөгчийн хүсэл сонирхол дунд болж өнгөрөх болов уу. Тийм учраас Лу.Болд хамгийн боломжит хувилбар гэдгийг тал талын эх сурвалж хэллээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бас нэг хувилбар нь О.Амартүвшин гэх, Ерөнхийлөгчийн дэмжлэг ч ирж мэдэхээр байгаа ч Лу.Болд хөндлөн дайрч байгааг дуулгасан.

Л.Болдын хувьд Ж.Батзандангийн хамт эрх баригч МАН-тай тохиролцсоны үндсэн дээр АН-ын хаалгыг саваад гарсан болохоор гишүүд дэмжигчид даргын сунгаанд “Ташуур” өгөн, дэмжихгүй. Гэвч ар талд нь Ерөнхийлөгч хэмээх том дэмжлэг түлхэж, өвөр энгэрт нь мөнгө хэмээх асар их хөрөнгө татаж чангааж байгаа цагт тэр ороод ирэх бүрэн боломжтой. Тэгээд ч МоАХ хэмээх том айлд түүнийг тэр чигээр нь түрэхээс өөр сонголт үлдсэнгүй.

Уг нь намын үзэл баримтлал, үнэт зүйл гэж нэг юм бий. Бас дотоод дүрэм журам гэж зүйл ч бий. Лу.Болд, Ж.Батзандан нарыг хөөсөн С.Эрдэнийн хувьд гарцаагүй авах ёстой арга хэмжээгээ авч, дүрмийн хүрээнд, үнэт зүйлээ л мөрдсөн санаатай. Энэ утгаараа хаалга саваад явсан нөхөр эргээд тооноор орох гэж дайрах нь дэндүү утгагүй зүйл. Нөгөө талаар өнөөх л намын гишүүдэд нь итгэл үнэмшил, АН-д үзэл баримтлал гэж юу ч байхгүй гэдгээ үүгээр дахин батлан харуулна. Ц.Элбэгдорж олон хуудас материалд даруулсан учраас эмэгтэйчүүдийн квотын дагуу дээр дурдсан Ц.Оюунгэрэлийг одоо хэр нь зүтгүүлж байгаа гэх. Гэхдээ Элбэгтэй Элбэггүй АН-ын эмэгтэйчүүдээс Ц.Оюунгэрэлээс өөр сунгаанд орох дүр бараг алга. УИХ-ын гишүүн С.Одонтуяаг С.Эрдэнийн нэр хүнд хойш чангаагаад оруулж ирэхгүй учраас бусад нь хэтэрхий жижигдэнэ.

Лу.Болдын хувьд МҮДН угшилтай ч бүлэглэлийн хүч АН-д илтэд суларч алга болсон. Нөгөө талаар Лу.Болд АН-ын хаалгыг савахдаа МҮДН-ын хаалгыг ч давхар савсан байх талтай. Цагтаа МҮДН-ыг хойморлож явсан “Фортуна” Н.Батбаяр өөрөө улс төрөөс зайлсхийх болж, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-д тал бүрийн тохироо хийхээр төвийг сахиж, Д.Зоригт бизнесээ хөөж, Р.Амаржаргал намын аппаратад Дэд даргын албатай дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, Да.Ганболд шоронд хоригдож, Ц.Баярсайхан сураг алдарсан. Үүнээс харахад Лу.Болдод нам ч алга, бүлэг фракц гэх ч зүйл бараг алга. Гэхдээ “Дээлийн шинэ, хүний хуучин” гэгчээр МҮДН-ын үс үндэс нь залууст шууд ширвэх аргагүй үзүүлэн мэт харагдана. Тэд ч хэдийгээр нүүр буруулсан ч элэг татан, Лу.Болдын талд гар өргөнө. Улс төр өөрөө ийм. Тэгээд ч “Уруул дордойвч, элэг дордойхгүй” гэдэг биз дээ.

Үүнээс харахад АН-ын даргын сонгууль нэртэй сүр дуулиантай ажиллагаа болж, зөвхөн Ерөнхийлөгчийн халааснаас Лу.Болд эсвэл О.Амартүвшин, өөр хэн нэгэн гарч ирэх нь гарцаагүй болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.42) 2020 оны 10 сарын 22

Цаана чинь Элбэгдорж гишүүнчлэлээ сэргээж намын ажилд ханцуй шамлан орно гэж сая мэдэгдэв. Баттулга минь юу бодож байна даа. Тээр жил чамайг Ерөнхийлөгчийн өрөөнд дуудаж монголын ард түмний нүдэн дээр нэг их ”мундаг” загнасан шүү дээ. Одоо намын даргын өрөөнд дуудаж .... байх даа.

0  |  0
Хасаа(202.126.89.214) 2020 оны 10 сарын 22

Лу Болд л боломжит хувилбар

0  |  0
бид(66.181.161.120) 2020 оны 10 сарын 22

ӨНГӨРСӨН СОНГУУЛИАР ЛУ БОЛДЫГ АРД ТҮМЭН ОГТ ДЭМЖЭЭГҮЙ ОДОО ТЭГЭЭД НААД НӨХӨР ЧИНЬ АН-Н ДАРГА БОЛЧИХМООР ЮМ ШИГ ХАРАГДААД БАЙНА УУ? БИЧСЭН БИЧҮҮЛСЭН ХОЁР МИНЬ ДЭМИЙРХЭЭ БОЛЬ НАМЫН ДАРГЫГ ХҮРЭЛ СҮХ ШИГ ЗОРИГТОЙ ТУУШТАЙ АЙДАСГҮЙ ХҮН ХИЙДЭГ ЮМ ГЭДГИЙГ БҮГДЭЭРЭЭ ХАРЖ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ ОДОО АН-Д ХҮРЭЛСҮХ ИЙГ ДАВСАН ХҮН ХЭРЭГТЭЙ ХАРАМСАЛТАЙ НЬ ОЛДОХГҮЙЛ БОЛОВУУ?

0  |  0
Я(103.229.120.184) 2020 оны 10 сарын 22

ЛУ.БОЛД СУНГААНД ОРОХ ЮМ БОЛ АРДЧИЛСАН НАМ ЗҮГЭЭР ШАЛНЫ АЛЧУУР БОЛНО УРВАГЧИЙГ ХОЙМОРТ БҮҮ ОЙРТУУЛ БУСАД НЬ ДҮҮРЧЭЭ

0  |  0
Сайхаан (202.21.120.242) 2020 оны 10 сарын 22

Лу болд болно гэвэл АН-ын доройтол дахиад 4 жил яваад эцэстээ газрын хөрснөөс хуугаараа арчигдах болно. Гоё л санаа байна. Лу болдыг дэмьже хэхэ

0  |  0
Жөбу(64.119.24.189) 2020 оны 10 сарын 22

Амартүвшин дээрээ . Ирэх жил Женко унаад хэн ч биш болно

0  |  0
Top