Беларусийн сөрөг хүчнийхнийг шоронгоос суллаж буй “ГАВЬЯАТАН” хэн бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 23

Александр Лукашенко Улсын аюулгүй байдлын зөвлөл /КГБ/-ийн хорих ангид саатуулагдаж байсан улстөрийн хоригдлуудтай уулзсаны дараахан тэд ар араасаа суллагдаж эхэлжээ. Энэ үеэр бизнесмэн Юрий Воскресенскийн нэр олонтоо сонсогдох болсон бөгөөд тэрбээр эсэргүүцлийн жагсаалаас эрх баригчидтай бүтээлч хэлэлцээр хийхэд шилжихийг уриалан сөрөг хүчнийхнийг суллуулах ажлыг хийж байгаа хэмээн өгүүлсэн байна. Тайван жагсаал цуглааны ачаар Лукашенко буулт хийхэд хүрч, тэдний тулган шаардаад байгаа зүйлсээс татгалзахгүй байх гэж сөрөг хүчнийхэн найдаж байгаа аж.

Улстөрийн хоригдлуудыг суллахад юу нөлөөлсөн, эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоохыг яагаад уриалах болов, үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах болов уу гэх мэт олон асуултууд урган гарч ирж байна.

“Би хонон өнжин маш олон гэрээ хэлцлүүдийг хийж байгаа бөгөөд Ерөнхийлөгч энэ ажлыг надад даалгасанд би их баяртай, бас аз жаргалтай байна” хэмээн бизнесмэн Юрий Воскресенский өгүүлжээ. 

Улстөрийн хоригдлуудыг суллах тухай болон Беларусийн улстөрийн системийг ардчилах тухай гэрээ хэлцлүүд хийхийг Александр Лукашенко түүнд биечлэн хариуцуулсан учраас Виктор Бабарикогийн санаачлагын бүлгийн гишүүн Воскресенский өөрийгөө дундын зуучлагч хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр ерөнхийлөгч Александр Лукашенкогийн оролцоотойгоор хорих ангид зохиогдсон “дугуй ширээний ярилцлагын” дараа хамгийн эхэнд суллагдсан хүмүүсийн нэг аж. “Миний гол зорилго бол хүч хэрэглэсэн, хутган үймүүлсэн, олон нийтийг турхирсан үйл ажиллагаануудад оролцоогүй улстөрийн бүх хоригдлуудыг суллуулах явдал. Залуус өөрсдийн гэр бүлдээ очоод, тэндээ шүүх дуудахыг хүлээж байгаасай хэмээн би хүсэж байна” гэж тэрбээр онцлон дурджээ.

 

“Эрх баригчидтай гар барих”

Александр Лукашенко хорих ангид саатуулагдаж байсан сөрөг хүчний 12 хоригдолтой уулзсаны дараа тэдний хагасынх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн бөгөөд түүнд PandaDoc компанийн гурван ажилтан, улстөрийн стратегич Виталий Шкляров, өмгөөлөгч Мария Колесникова, Илья Салей нар багтсан аж. Мөн зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Лилия Власова даваа гарагт суллагдан, гэрийн хорионд шилжсэн байна.

Сөрөг хүчний хоригдлуудыг ийнхүү сулласан явдал нь Светлана Тихановская болон түүний хамтрагчдын тулган шаардах бичгийн үр дүн хэмээн үзэж байгаа аж. Уг тулган шаардах бичигт Александр Лукашенко ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох өдрөө тодорхой мэдэгдэх, жагсагчдын эсрэг хүч хэрэглэж буй явдлыг таслан зогсоох, улстөрийн хоригдлуудыг суллах гэсэн гурван шаардлага тусгагджээ.

“Тулган шаардах бичиг өгснөөс хойш улстөрийн хоёр хоригдол шоронгоос суллагдаад байгаа. Энэ бол зайлшгүй шаардлагуудын нэг байсан. Бид мөн ямар нэгэн хэлбэрээр хүч хэрэглэх явдлыг таслан зогсоохыг шаардаж байна” хэмээн Зохицуулах зөвлөлийн мэдэгдэлд дурдсан байна. Улс төрийн хоригдлуудыг суллах явдал нь эрх баригчидтай удаан хугацаанд хүнд хэцүү гэрээ хэлцлүүдийг хийхэд хүргэсэн талаар бизнесмэн Юрий Воскресенский тайлбарлажээ. “Дугуй ширээний ярилцлагын үеэр ерөнхийлөгч тохиролцохыг хүсэж байгааг би ойлгосон. Ямар ч дарамт шахалт, элдэв шантаажгүйгээр түүнд туслахыг ерөнхийлөгч хүссэн бөгөөд эрх баригчдын зүгээс сунгаж буй гарыг сөрөг хүчин яагаад атгахыг хүсэхгүй байгааг би сайн ойлгохгүй байгаа” хэмээн тэрбээр онцлон өгүүлсэн аж.

 

Батлан даалтын ард...

Сөрөг хүчнийхэн Юрий Воскресенскийг ардын баатар хэмээн цоллоход төдийлөн яарахгүй байна. Сөрөг хүчнийг дэмждэг, беларусийн хамгийн алдартай телеграм суваг Nexta бизнесмэн эрийг эсэргүүцлийн хөдөлгөөний урвагч гэж нэрлэжээ.

Юрий Воскресенский боловсрол мэргэжлийн хувьд улстөр судлаач бөгөөд хэд хэдэн компани эзэмшдэгийн нэг нь өндөр технологийн Парк резидент юм. Тэрбээр хэдэн жилийн өмнө Минск хотын зөвлөлийн депутат байсан бөгөөд сонгуулийн кампанит ажлын үеэр Виктор Бабарикогийн санаачлагын бүлэгт орсон байна. Өнгөрсөн наймдугаар сарын дундуур олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэнд түүнийг буруутган, Беларусийн Эрүүгийн хуулийн 293-ын 2 дахь заалтын дагуу баривчилсан аж.

Беларусь дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг өнгөт хувьсгалын технологитой харьцуулж, төр засгаа хамгаалахын тулд босохыг Воскресенский шоронд хоригдож байхдаа сөрөг хүчнийхэнд уриалсан ярилцлагыг төрийн телесувгууд үзүүлж байв.

Саяхан суллагдсан улстөрийн хоригдлууд түүний батлан даалтаар гарсан тухай Воскресенский батлаад, АНУ-ын иргэн Виталий Шкляров тус улсын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн шаардлагаар суллагдан одоо гэртээ байгаа, харин хуульч Лилия Власоваг тэр батлан дааж гаргаад гэртээ аваачсан тухай ярьжээ.

“Дугуй ширээний ярилцлагад оролцсон улстөрийн бүх хоригдлуудад би батлан даалт гаргаж байгаа. Хэрэв эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн Молотовын коктейль  бусад руу шидэх, хэн нэгэн рүү халдах, муу зүйл үйлдэхэд бусдыг уриалсан тохиолдолд би шоронд буцаж ороход бэлэн байна” хэмээн тэрээр мэдэгдсэн байна.

Харин Лилия Власовагийн өмгөөлөгч Андрей Николаевын зүгээс Юрий Воскресенскийг “үйл явц дахь гуравдагч этгээд” гэж нэрлээд, Лилия-тай ярилцлага хийх асуудлыг зөвхөн тэр шийдэх болно гэжээ. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нөхцлийн дагуу Власова сэтгүүлчидтэй харилцах эрхгүй байгаа аж.

 

“Одоо мухардмал нөхцөл байдалд байна”

Александр Лукашенко ямар нэгэн дарамт шахалт, шантаажгүйгээр ярилцахыг хүсэж байгааг Юрий Воскресенский батлаад, “Өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй гэх ойлголтод тэр хүрсэн. Гэвч тэрбээр аливаа өөрчлөлтийг жагсаал үймээнээр бус, улстөрийн зарчмын хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд, томоохон өөрчлөлтүүдэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тул түүнд тусалцгаая” хэмээн уриалжээ.

“Би ардчиллын үнэт зүйлсийг ялгаж салган ойлгож байгаа хэдий ч одоогоор мухардмал нөхцөл байдал үүсчихээд байна. Яг одоо бол хэн  ч засгийн эрхээ өгөхгүй гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа. Ерөнхийлөгч сонгуульд ялсан гэж өөрийгөө тооцох нь мэдээж. Иймд улстөрийн хоригдлуудтай холбоотой үг хэл, мэдэгдэлдээ хянамгай хандах, хоригдлуудын нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн эрх баригчдын арга хэмжээнүүдийг дэмжих нь зүйтэй хэмээн Светлана Георгиевна болон Зохицуулах зөвлөлийнхөнд анхааруулахыг хүсэж байна” гэж Воскресенский онцлон дурдсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top