Бүгд Найрамдах Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг "ТИКА"-ийн хөтөлбөрийн санхүүжилтээр Дотоод хэргийн их сургуулийн төв номын сангийн “Эрдэм” танхимыг бүрэн тохижуулж, аравдугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгөв.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Ахмед Язал, Бүгд Найрамдах Турк улсын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлаг (TIKA)-ийн төслийн удирдлага, хамт олон, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцлоо.
Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг нь Монгол Улсад 400 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд ДХИС-ийн Төв номын сангийн 900 м2 бүхий талбайтай, “Эрдэм” танхимын иж бүрэн тохижилт, орчин үеийн номын сангийн тав тухтай орчныг бүрдүүлээд байна.
Нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржав “Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Дотоод хэргийн их сургуулийн шинжлэх ухаан, инновацын чадавхыг нэмэгдүүлэх талаар тусгуулан, цаашид Их сургуулийг үндэсний хэмжээний “Судалгааны их сургууль”-ийн загвараар, хотхон хэлбэрээр хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Дотоод хэргийн их сургуулийн албан хаагч, сонсогч, суралцагчдын сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл олж авах таатай орчин бүрдүүлэх үйлсэд сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллаж номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, эд материалын дэмжлэг, туслалцаа үзүүлсэн Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлаг (TIKA)-ийн төслийн хамт олонд Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагын нийт албан хаагчдын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье” гэлээ.
Мөн Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар цаашид Монгол-Турк улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд, хоёр улсын ижил төстэй их, дээд сургуулиудын харилцааг сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулж, ажиллана гэдгийг онцоллоо.
Номын сангийн шинэ байранд үйлчилгээний нэгж дөрөв дахин нэмэгдэж, Их сургуулийн захирлын нэрэмжит “Оюуны өргөө”, эрдэмтэн судлаачдын хурлын танхим, бие даалтын ганцаарчилсан болон багаар ажиллах танхимууд, бүртгэл-лавлагаа мэдээлэл, хувилах, хэвлэх үйлчилгээ, цахим уншлагын болон аудио-видео танхим тус тус байгуулагдаад байна.
Тус номын сан 230 хүний суудалтай бөгөөд 40 гаруй мянган номын фондтойгоор үйл ажиллагаа явуулж эхэллээ.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА
Сэтгэгдэл ( 0 )