Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

2020 оны 10 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг бүх салбарт дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан тус сургуулийн үе үеийн ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг үнэлэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны их сургуульд болж, шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа гардуулан өгөв.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Монгол Улсын Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг гардуулсныхаа дараа баяр хүргэж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт Виктор Анатольевич,

Эрхэм хүндэт профессор, багш, хамтран зүтгэгчид, оюутан, судлаач, төгсөгчид өө,

Эрхэм анд нөхөд өө!

ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойн баярын халуун мэндчилгээ дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.

Их сургуулийн 100 жил гэдэг мэргэн ухаан цогцолж, цэцэглэн хөгжих, алс хэтийн зорилгод тэмүүлэх цаг хугацаа. Чадварлаг, мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс бүрдсэн хамт олон, өндөр ур чадвартай удирдлагын ачаар Уралын Холбооны их сургууль өдгөө Оросын төдийгүй дэлхийн дээд боловсролын байгууллагуудын дунд тэргүүлэх байр суурь эзэлж байна.

Тус сургууль байгуулагдсан цагаасаа хойш дээд мэргэжлийн олон зуун мянган мэргэжилтнийг бэлтгэн гаргасны дотор монголын мянга мянган чадварлаг мэргэжилтнүүд төрөн гарч, төгсөгчид нь салбар салбартаа манлайлан, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирлээ.

Уралын Холбооны их сургуулийг төгссөн монгол төгсөгч бүр эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, олж авсан мэдлэг, чадвараа дайчилснаар эдийн засаг, төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд болон алдаршжээ.

Өнөөдөр болж буй Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд танай нэр хүндтэй төгсөгч нар өөрийн биеэр хүрэлцэн ирэх хүсэлтэй байсан ч, дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан оролцох боломжгүй болжээ.

Гэсэн хэдий ч танай сор болсон төгсөгчид болох монголын нэр хүндтэй улс төрч УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд, салбарын сайдын албан тушаалыг хашиж асан, парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Баттогтохын Чойжилсүрэн, Уралын Холбооны их сургуулийн Монгол төгсөгчдийн холбооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Гомбосүрэнгийн Мөнхбаяр, академич Сэрээтэрийн Батмөнх, Дарийн Содномдорж, “Монгол” итгэлцлийн сангийн ТУЗ-ийн дарга Лхагважавын Ариунболд зэрэг хүндтэй эрхмүүдийг танилцуулахдаа таатай байна. Нэр хүндтэй бүх төгсөгчдийг дурдвал цаг хугацаа хүрэлцэхгүй болов уу.

Уралын Холбооны их  сургуулийг төгссөн монголын төгсөгчид Монгол-Оросын стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд, манай улсын олон талт хамтын ажиллагаа, Монгол-Оросын харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байх болно гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн удирдлага, заах аргын нэгдлийн багш, ажилтнууд, оюутан, төгсөгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд аз жаргал, эрүүл энх, уран бүтээл, сурлага хөдөлмөр, эрдэм шинжилгээний үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

Эрхэм хүндэт Виктор Анатольевич!

Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид оо!

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Монгол Улсын үндэсний боловсон хүчний хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнаж буйг гүн хүндэтгэлтэйгээр зарлаж байна.

Уралын Холбооны их сургуульд Сүхбаатарын одон гардуулах ёслолын ажиллагааг эхлүүлье” гэлээ.

Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуульд 1960 оноос эхлэн монгол оюутан суралцаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 3,000 гаруй монгол оюутан суралцан төгсөж, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин болж бэлтгэгджээ. Тус сургуулийн монгол төгсөгчдийн дунд явуулсан судалгаагаар Уралын Холбооны их сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын гавьяат 22 ажилтан төрөн гарсан байна. Одоогоор тус сургуульд 50 гаруй монгол оюутан бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 10 сарын 25

Асар их оюуны хөрөнгө оруулалт Урал гэлтгүй Оросоос асар их хөрөнгө оруулалт Монголд орсон Оросын тусламжаар Монгол хөгжсөн.

0  |  0
Сайнбаяр(202.126.88.130) 2020 оны 10 сарын 24

Монгол Улсад 3000 мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэж өгнө гэдэг агуй их тусламж шүү. Ёстой шагналгүй яах вэ. маш зөв.

0  |  0
Top