“Samsung”-ийн өв залгамжлагчид ИХ ХЭМЖЭЭНИЙ татвар төлнө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

 

Өнгөрсөн ням гарагт /2020.10.25/ мөнх бусыг үзүүлсэн “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хигийн өв залгамжлагчид БНСУ-ын түүхэнд байгаагүй их хэмжээний татвар төлж, эцгийнхээ өвийг залгамжилна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Ли Кун Хи агсны сангийн актив нь 18 их наяд вон буюу 15.9 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс 10 их наяд воныг татварт төлөх болжээ. БНСУ-ын хуулийн дагуу, өв залгамжлагчид энэхүү мөнгөн дүнг тав хүртэлх жилийн дотор төлөх эрхийг эдлэх боломжтой.

“Samsung” компанийн тэргүүн агсны хөрөнгийг түүний бэлэвсэн эхнэр, хүү, хоёр охин нь өвлөх эрхтэй юм.

БНСУ-ын “Samsung” компанийн тэргүүн Ли Кун Хи 79 насандаа таалал төгссөн ба тэрээр Сөүл дэх “Samsung” эмнэлэгт өнгөрсөн ням гарагт амьсгал хураажээ. Ли Кун Хи 1987 онд эцэг болох “Samsung” компанийг үндэслэгч Ли Бён Чхолийн оронд тус компанийн хоёр дахь тэргүүн нь болж байв. 2016 онд “Forbes” сэтгүүл түүнийг Өмнөд Солонгосын хамгийн баян эрхмээр тодруулж байжээ. 2020 оны аравдугаар сарын байдлаар түүний хөрөнгө 20.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв.

2014 онд Ли Кун Хи зүрхний шигдээс туссанаас хойш корпорацын эрх мэдэл түүний залгамжлагч гэгдэж буй хүү, “Samsung Electronics” охин компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнд шилжсэн байна. БНСУ-ын прокурорын газар түүнийг “Samsung Group”-т эрх мэдэл авахын тулд тус корпораци дахь компаниудыг нэгтгэх хуйвалдаанд оролцсон гэж сэжиглэдэг.

Талийгаач Ли Кун Хи нь Ли Жэ Ёноос гадна Ли Бу Жин, Ли Со Хён гэх хоёр охинтой. Түүний гурав дахь охин Ли Юн Хён 2005 онд амиа егүүтгэсэн билээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top