"Шоргоолж гуталтай маргадаггүй"... Ийм нэг айхтар үг байдаг. Манайд бол энэ иргэн нь төртэй маргахгүй гэж буух гээд байгаа юм. Улаанбаатар хотод автомашины зогсоол машины тоотой нь харьцуулахад бараг байхгүйтэй ижил шүү дээ. Жаахан зай талбай байвал хүрээлж, хашаалаад төлбөртэй болгочихдог. Миний мэдэхийн Дашчойлин хийд (бурхан шашны төлөө ашгийн бус байгууллага) хүртэл зогсоолын төлбөр хураадаг юм. Гэтэл энэ ард түмний дийлэнх олонхынх нь амьдрал ямар байгаа билээ. Ковидоос хойш үйлчилгээний салбарт бага цалинтай ажиллаж амьдралаа залгуулдаг хэсэг нь хүртэл ядуус руугаа шилжлээ (Хоногийн хоолоор амьдралыг хэмжиж байгаа нь ч угаасаа зөв бил үү). Нийтийн тээврийн хүртээмж, нөхцөл нь ямар байгааг ч бодох ёстой. Амьдрал баян болохоор эмнэлэг, сургууль, хүнд сурталтай төрийн албаар үйлчлүүлэхээр хуучин муу машинаа унаад гарцгааж л байна. Зогсоолд тавиагүй бол түүнийг нь ачилтын компани бараг хулгайлаад явчихдаг. Хотын ИТХ-ын шинэ дарга сар хүрэхгүйн өмнө “Дарга нар түгжирдэг” гээд уурсаж байлаа. Гэхдээ машинаа ачуулдаг эсэх нь эргэлзээтэй шүү.
Мөн хэчнээн сайн сайхан, зөв зүйтэй амьдарлаа ч төрд суусан “ноёд”-доо таалагдахгүй бол “гишгүүлдэг” явдал байна. Улс төрд өнөөдөр манай талын хулгайч тэрбумын хэрэг хийсэн бол хэдэн саяар торгуулаад салдаг. Эсрэг талын нөхөр байвал хар сэрдлэгээр ч шоронд суулгаж болдог боллоо. Ийм жишээг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэчнээнийг ч үзэв дээ. Төр хүчтэй байх ёстой ч сохор байх учиргүй. Бүр цаашилбал төр гэдэг нь бидний дундаас итгэлийг маань авсан хэсэг хүн юм шүү дээ.
Сэтгэгдэл ( 1 )
Turiin tyshee d ard olniig yaduuraad ne bailgah boddog yum bishyy.uursduu byh heregleegee ard tymnii hurunguur halgaad orlooo ne terbumaar ulsuud baidag munch sonin yumdaa.odoo turiin deed alband eeljeer ochdog bolno baigaa.