Даагаа нэхэх боломж буюу НӨХӨН СОНГУУЛИЙН ЦУУРАЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймагт тус тус нөхөн сонгууль болох нь тодорхой болов. Ахиад нэр бүхий УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрх хөндөгдөх магадлалтайг ойрын эх сурвалж дуулгаж байсан. Гэхдээ энэ нь батлагдсан зүйл биш. Хуулиар бол ирэх зургаадугаар сард юм уу, аравдугаар сард нөхөн сонгууль явуулах боломжтой. Ерөнхийлөгчийн сонгуультай хуульд заасан дагуу хамтатгаж таарна. Одоо хэнд ч боломж гарч ирж мэдэх өрсөлдөөн эдгээр тойргуудад болох учраас горилогчид үймэж байгаа.

Тосон ирж буй өвөлжилт, хаваржилт, айсуй нийгэм, эдийн засгийн байдал нь эрх баригчдын рейтингийг зургаадугаар сар хүртэл хадгалах боломж хомс л байх болов уу. Хаврын зүдэргээт өдрүүдийн тоосноосоо салж амжаагүй сонгогчдын дунд орж, сонгуульдана гэдэг амаргүй. Хэдийгээр МАН УИХ, Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт үнэмлэхүйн дээд ялалт байгуулсан ч Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын өнгөцхөн сүлжээг тас цохиход ямар ч өрсөлдөгч ялалт байгуулах боломж бүрэн харагдана.

Айсуй өвлийн жавар, хаврын хүйтэн салхи дамжихад энэ хэврэгдүү сүлжээ тасарсан байх болов уу. Одоо дүүргийн Засаг дарга томилно, дагаад бусад удирдлагуудад ч өөрчлөлт орно. Шуудхан хэлэхэд өчүүхэн хэсгийг баярлуулж, өчнөөн нөхөд гомдолтой үлдэнэ. Гомдогсод эрхэм хоёрын сүлжээний гадна байгаагаа нэгэнт ойлгож, өөр суваг хайдаг нь улс төрийн ёсон. Тэд гомдлоо хэрхэн тайлдгийг айсуй нөхөн сонгууль өөрөө харуулна биз дээ. Ерөнхийдөө МАН-аас ялагч харах хэрэггүй байж мэднэ. Өнгөрөгч хоёр ч шатны сонгуулиар МАН-ын шошготой хэнд ч хамаагүй нүдээ аниад саналаа өгчихсөн сонгогчдын байр суурь яг 360 градус эргэчихсэн цаг үе таарах гээд байна.

Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай дөрөө харших учраас сонгиночуудаас Х.Баттулгад өгөх оноог АН-аас нэр дэвшигч давхар цуглуулаад явчих боломж маш ойлгомжтойгоор харагдана. Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн иргэдээ 63,978 санал авч чадсан нь энэ тойрогт том дэмжлэгтэй гэсэн үг. Үүнийгээ ч өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн нь ихээхэн хэрэг болно.

Өрсөлдөгчдөд ийм таатай үе таарч байгаа ч “Буян”-гийн Б.Жаргалсайханаас эхлээд сонгогчдоо хараагаад очих горилогчид хаа мундах билээ. Гэхдээ тэдэнд ямар ч шаанс байхгүй. МАН, АН-аас нэр дэвшигчдийн саналд савлагаа үүсэхүйц өрсөлдөгч биш гэдгээ олон удаагийн сонгуулиар батлан харуулсан. Харин хамгийн магадлалтай нь АН-аас Кёкүшюзан Д.Батбаяр, МАХН-аас Э.Батшугар, Б.Тулга  нар. Тэдэнд маш том боломж гарч ирж байна. Өнгөрөгч зургаадугаар сард улс төрийн намын төлөөллүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзах үеэс сонгуульд зориулж гаргасан тэдний үерхэл ид дундаа өрнөж байна. Энэ замаар АН, МАХН-аас өрсөлдсөн хэн ч бай Ерөнхийлөгчид ирж байгаа оноог давхар түүгээд зогсохгүй даварч яривал хууль эрх зүйн үүднээс ч дэмжлэг авах боломж бий. Харин энэ хоёр хүчин нөхөн сонгуульд хамтрах хэрэг байна уу. Дуу нь холдоогүй Орон нутгийн сонгуулиар хамтарч, “Хөгөө хөлдөө чирнэ” гэгч болсон.  Хамтрахгүй бол Кёкүшюзан Д.Батбаярт бүр ч илүү боломж гарч ирнэ. Гагцхүү тэр АН-аас мандатаа авах хэрэгтэй.

Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дахин илгээхээс өөр боломжгүй байгаа МАХН Х.Баттулгыг дэмжиж оролцох, хамтарч оролцох хоёр замын аль нэгийг сонгоно. Н.Энхбаярт өөр сонголт байхгүй. Түүнд Х.Баттулгаас өөр түших хүн ч одоогоор алга. Тэгээд ч Х.Баттулгын өөдөөс өрсөлдсөн хэн ч амжилт олоход нэн хэцүү гэдгийг Н.Энхбаяр ч маш сайн мэдэж байгаа учраас үерхлээ маш ашигтайгаар төгсгөхийг хүснэ. Улстөрчдийн үерхэл удах биш, нэг л өдөр нуруу нуруугаа харуулна. Гэхдээ Н.Энхбаяр намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд хүн илгээхгүй байж гэмээнэ үерхлийн үнэ цэн нь оршино. Энэ бол Ерөнхийлөгчийг тойрсон улс төрд өрнөж буй өнөөдрийн уур амьсгал. Маргааш салхи хаашаа эргэхийг мэдэхгүй ч учир зүггүй хазайхгүй нь ойлгомжтой болж байна. Улс төр өөрөө цаг хором бүрээр хувьсан өөрчлөгдөж, урваж шарваж байдаг зүйл учраас хамтрагчдын хандлагаас ихээхэн шалтгаална.

Н.Энхбаяр өөрөө Ерөнхийлөгчөөс хууль эрх зүйн хувьд дэмжлэг авах ч энэхүү сонгуулийн давалгаанд хүүгээ гаргаад ирэх магадлалтай боломжийн өмнө зогсож байгааг тэр мэдэлгүй яахав. Энэ утгаараа Э.Батшугарт боломж нээгдэж байна. МАН-ын хувьд  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Ж.Сандагсүрэнгээс өөр боломжит дүр байхгүй. Түүний хувьд Д.Сумъяабазараа дагаж, албан тушаал өгсөх санаатай байгааг эх сурвалж дуулгаж байсан. Хэрвээ албан тушаал өгсөөд явбал нөхөн сонгуульд үзүүлэх амжилт илтэд буурна. Чухам хөрсөн дээрээ сууж байгаад өрсөлдвөл яах бол гэсэн эргэлзээ байгаагаас ялах магадлал тун бага.

Э.Батшугарын УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 22 гаруй мянган иргэнээс авсан санал эцгийнх нь нэрэнд өгөв үү, өөрт нь өгөв үү гэдгийг эргээд нэг харчих хэрэгтэй. Нөхөн сонгуулийн чимээнд АН-аас Л.Эрхэмбаяр, өнгөрөгч сонгуулиар өвдөг шороодсон О.Магнай гээд олон хүн шоргоолж шиг үймэж байгаа. Гэхдээ тэд Сонгинохайрханд үнэлэгдэх дүр биш гэдгээ удаа дараа харуулсан учраас цагийн гарз. О.Магнай гэхэд 7324 сонгогчийн санал авсан гэхээр чамлалттай. Хамгийн шаанстай байж болох Кёкүшюзан Д.Батбаяр гэхэд л 8000 орчим хүний санал авсан байдаг. МАХН-аас Б.Тулга гэхэд 12172 хүний саналтайгаар хоёр мандаттай тойрогт гуравт эрэмблэгдсэн дүр байж л байна. Б.Тулга уу, Э.Батшугар уу гэдэг сонголт Н.Энхбаярын өмнө тулгарна.

Тэгвэл Сэлэнгэ аймагт мөн УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан бол Орон нутгийн сонгуульд илүүрхсэн гээд МАН бүх шатанд засаглан захирч байна. Ж.Эрдэнэбат МАН-аас ялалт байгуулсан учраас эрх баригчид суудлаа авч үлдэх санаа бий. Гэхдээ тэд нөхөн сонгуулийн суудлуудад тэгтлээ шунахгүй байгааг бүхий л зүйлээс харж болно. Чухам ямар учир байгааг мэдэх юм алга. Магадгүй, эх сурвалжийн дуулгасан ахиад УИХ-ын хоёр ч гишүүний бүрэн эрх хөндөгдөх, ахиад ч бий гэх. Үнэмлэхүй ялалтын суудлыг нөхөн сонгууль нэрээр нэг нэгээр нь мэрж авах Ерөнхийлөгчийн бодлого байхыг хэн үгүйсгэх юм.

Тус тойрогт АН-аас Д.Эрдэнэбат, С.Баярцогт, Д.Үүрийнтуяа нар өрсөлдөж байсан бол өдгөө хоёр нь хорих ангид ял эдэлж байгаа учраас Д.Үүрийнтуяа даагаа нэхэж таарна. МАН-аас мандатгүй үлдсэн Б.Цогтгэрэл нэр дэвших өндөр магадлалтай. Орон нутгийн сонгуулиар алаглаж, хүч тэнцүүхэн шахам бүрдсэн орон нутгийг өөрөө удирдах байгууллагын нөлөө МАН, АН-д адил тэгш гэж болохоор. Хүч тэнцүүхэн тулаан болох ч аанай дээрх шалтгаанаар цэнхэр талдаа өнгө тэлэхийг байг гэхгүй.

Д.Үүрийнтуяа Ерөнхийлөгч Х.Баттулгын Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр ажилладаг нь маш том түлхэц. Тэгвэл Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сэлэнгэчүүдээс 14844 хүний санал авсан гэхээр асар том дэмжлэг юм. Харин Д.Үүрийнтуяагийн хувьд УИХ-ын сонгуулиар 13449 сонгогчийн санал авсан гэхээр чамлахааргүй үзүүлэлт. МАН-аас мандат авч чадаагүй бие даасан Б.Цээпилдорж, МАХН-аас Ш.Эрдэнэбат нар гэхэд тус бүр 7000 гаруй хүний санал авсан байдаг. Тэдний хувьд нөхөн сонгуульд үзнэ гэвэл том өрсөлдөгчид хэдий ч бүгд МАН-ын угшилтай, тэднээс санал хуваана.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (59.153.115.159) 2020 оны 10 сарын 31

Геометрт нэг бүтэн тойрог 360 градус байдаг. 360 градус эргэнэ гэдэг нь буцаад байсан байрандаа ирнэ гэсэн үг. Харин 180 градус гэвэл яг эсрэг зүгт харнаа гэсэн л үг дээ. Их тоо бичвэл бүр их эсрэг болно гэж энэ сэтгүүлч гуай өөрийнхөөрөө сэтгэсэн юм болов уу даа. Математик мэдэхгүй бол тоо тавих гээд хэрэггүй дээ.

0  |  0
zochin(202.9.46.50) 2020 оны 10 сарын 30

Ulsiin.turiin emch hurenge idej bga MAN gishuudtei dorvitoi tootsoo hiihgui bol MAN ner hund dooshoo orloo.Eder bur terbumaar.sayaar n idsen barimt delgegdej bn shuu

0  |  0
МАН-ыг дэмжигч(64.119.17.58) 2020 оны 10 сарын 31

songinohaihanchuudaa munhchuluun hereggui shuu orond ni tulga dr zaluu shuu

2  |  0
Зочин(202.9.46.254) 2020 оны 10 сарын 30

Зиндаа логик муутай л таамаг дэвшүүлж...Сэлэнгэд 2 гишүүнийг нь шоронд илгээсэн Баттулгын нэр төмсний шороотой хутгалдсан.Батбаяр СХД гарах битгий хэл нэр дэвших магадлал муутай.

0  |  0
Доной(202.9.40.74) 2020 оны 10 сарын 30

Darvaan Tsogtgerel demii biz dee

0  |  0
Зоригоо(103.26.194.223) 2020 оны 10 сарын 30

СХД САМДАННЯМЫН МӨНХЧУЛУУН гэж хүн байнаа байна.ЭНХБАЯРЫН хүү БАТШУГАР СХД юу хийсэн юм мэдэхгүй юм л байна.Сайн хүний нэрийг 3 худалдаад явж бга НӨХӨР шүү дээ?

0  |  1
Зоригоо(103.26.194.223) 2020 оны 10 сарын 30

Схд Самданнямын Мөнхчулуун гэж хүн бас байнаа байна.

1  |  1
Иргэн.(37.120.129.18) 2020 оны 10 сарын 31

Юун Цогтгэрэл, Үүрийнтуяа, бас Батбаяр ч юу билээ.Горьдох муухай.

1  |  0
Иргэн.(37.120.129.18) 2020 оны 10 сарын 28

Юун Цогтгэрэл, Үүрийнтуяа, бас Батбаяр ч юу билээ.Горьдох муухай.

0  |  0
Зочин(202.21.108.240) 2020 оны 10 сарын 28

СХД ийн иргэдийг боловсроогүй ядуу байлгах сонирхол улс төрчдөд байдаг юм шигээ тэгээд элдэв хог өгөөд л гараад ирнэ.

1  |  0
Top