Түүхэн дэх хамгийн том мөнгө угаах схемийг илчилсэн Ховард Вилкинсон “Аллард”-ын шагналыг хүртлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Авлигын эсрэг, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг хүмүүст олгодог “Аллард”-ын шагналтныг тодруулах сонгон шалгаруулалт энэ жил  80 орны 525 нэр дэвшигчийн дунд зохион байгуулагдлаа.

Энэ жилийн шагналын эзнээр Данске банкны мөнгө угаах хэргийг илчилсэн,  “шүгэл үлээгч” Ховард Вилкинсон болон Мальта улсын  эрэн сурвалжлах сэтгүүлч Дафне Каруана Гализиа нарыг тодрууллаа.

Ховард Вилкинсоны тухайд   Балтийн Данске банкны худалдааны нэгжийг удирдаж байхдаа  түүхэн дэх хамгийн том мөнгө угаах схемийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн, эх сурвалж, шүгэл үлээгч юм.

Данийн Вант улсын хамгийн том банк болох  Данске нь  таван сая орчим харилцагчтай Скандинавын орнуудын тэргүүлэх банкуудын нэг. Тус банк  Эстон, Латви, Литв зэрэг зүүн Балтын орнуудад үйл ажиллагаагаа тэлсний дараа Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэгтэй холбогдсон байдаг.

Данске банкны Эстон Улс дахь салбарын дансаар 4 орчим тэрбум ам.доллараар хэмжигдэх хууль бус мөнгө дамжин өнгөрсөн нь анх ил болсны дараа иж бүрэн шалгалт хийхэд хоёр дахин их буюу 8.3 тэрбум ам.доллар болж нэмэгдэж байв. Улмаар мөнгөний хэмжээ нэмэгдсээр хамгийн багадаа 230 тэрбум ам.доллароор хэмжигдэх мөнгө угаасан асуудал яригддаг.

 Данске банкны Эстони дахь салбар руу ОХУ-аас рубль шилжүүлж, ам.доллар  болгон хөрвүүлэн, улмаар Bank of America, JP Morgan, Deutsche Bank гэсэн гурван  банкны тусламжтайгаар Нью-Йорк руу шилжүүлдэг  тухай мэдээлэл  2018 оны есдүгээр сарын 19-нд цацагдсан байдаг. Уг мэдээллийн эх сурвалж, шүгэл үлээгч нь Ховард Вилкинсон юм.

Мөн энэ жилийн “Аллард”-ын шагналын эзнээр шалгарсан  Мальтын эрэн сурвалжлах сэтгүүлч, Дапне Каруана Гализиа нь авлига, гэмт хэргийн талаар блог хөтөлдөг байсан. Тэрээр 2017 онд  Мальтад машинд нь байрлуулсан бөмбөгний тэсрэлтэд өртөж амиа алдсан юм.

Түүнийг хэвлэлүүд “One-Woman WikiLeaks” хэмээн тодотгон нэрлэж байв. Тэрээр “Панамын бичиг баримт”-д Мальта улсаас багтсан нөлөө бүхий хүмүүсийн талаар мэдээлэл бэлтгэж байсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top