Британи улсын бизнесийн төлөөллүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Монгол улс дахь Британийн Элчин сайдын яамны Уул уурхай, дэд бүтэц хариуцсан дарга А.Элбэгсайхан тэргүүтэй тус улсын уул уурхайн томоохон нийлүүлэгч компаниудын төлөөллөөс бүрдсэн баг Эрдэнэт үйлдвэрт ажиллав. Зочдын бүрэлдэхүүнд Transwest, General Metal Service, GSG LLC, MNTTT Group, Mongolia Investment, Sonoforte, Monhorus International, MMD зэрэг компанийн удирдлага, мэргэжилтнүүд багтан хүрэлцэн ирсэн байна. Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч эдгээр компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай техник, технологийн шинэчлэл, стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой юм. Тэд Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн айлчлалын хүрээнд зохион байгуулсан албан уулзалтад оролцож, өөрсдийн бизнесийн туршлага, давуу тал, цаашдын зорилтын талаар тус үйлдвэрийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл хийв.  

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганбат тус үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх үндсэн үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэл, дэд бүтэц, нийгмийн хөгжил, уул уурхай, металлург, химийн үйлдвэрийн цогцолбор үйлдвэрлэл технологийн парк, молибдены үйлдвэрийн төсөл зэрэг зургаан том төсөл хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, ханган нийлүүлэх компаниудын төлөөлөгчидтэй чиглэл тус бүрээр уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтын үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гадаад харилцааны бодлогын газар зохион байгуулж, үйлдвэрийн холбогдох цех хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top