УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ОНЦЛОХ ҮГС

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2020.10.29/ Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Түүний мэдээллийнхээ үеэр хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна. 


1. Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед Монгол Улс их бүрхэг. Манан будан ихтэй байсан. Тэрнийг бодоход өнөөдөр манан, будан сарниж яваа. Гэхдээ дууссан гэж хэлэхгүй. Хийх ажил их бий. 

2. Намайг маш олон хэрэг дээр гэрчээр дуудагдаж, асуугдсан. Тоогоо алдсан, би тоолоогүй. Дараа нь сэжигтэн болсон. Сүүлд нь яллагдагч болсон. АН-ын даргын сунгааны өмнө намайг яллагдагч гэж орон даяар цоллож байлаа. 

3. Өнөөдөр шударга бусын хонгил нураагүй. Толгойг нь л сольсон. Их бие хавьд нь зөндөө юм байх шиг байна. Тэр хөл гар хавиар нь зөндөө юм байх шиг байна. 

4. Би чинь жигүүрхэн, мигүүрхэн байгуулаад явдаг хүн биш л дээ. АН гэж том нам байгаа. Мундаг нам. Их олон хүсэл, их олон хүний бадрангуй тэмүүлэл төвлөрсөн нам. 

5. Намайг АН-ын дарга байхдаа намын байрыг зарсан гэдэг яриаг С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга байхдаа гаргасан. Би намын байрыг зараагүй. Сүүлд дуудлага худалдаа нэрээр долоо тэрбум төгрөг орчмоор Улаанбаатар банк худалдаж авсан байдаг. 

6. Би “Ачит Эх” компанийг эх орондоо төрдөө авч үлдэхийн төлөө л тэмцсэнээс бус Ц.Элбэгдорж, П.Цагаан нартай тэмцсэн зүйл байхгүй. Тэд Ерөнхийлөгч, Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 34 хувийг луйвардаад авсан байсныг өнөөдөр төр буцааж авч байгаад баярлаж байна. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой.

7. Намайг АН-аас гарсан гэсэн буруу ойлголт яваад байна. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар цөөхөн хэсэг нөхөд буюу удирдлагын түвшний цөөн хүмүүс, түүний цаана байгаа хүмүүс намайг намаас хасах шийдвэр гаргасан. Би арай хасаагүй байлгүй дээ. Би намаас гараагүй, намайг намаас хассан тэр үеийн удирдлагын зарим хүмүүс гаргасан. Гэхдээ тэд энэ шийдвэрээ засч, залруулах байх. 

8. Улс орныг дампууруулж, Монгол Улсын ирээдүйг балласан хүний нэг нь яах аргагүй Ц.Элбэгдорж. Би хэн нэгэн хүнтэй сөргөлддөг хүн биш. Үнэт зүйлийнхээ төлөө алалцдаг хүн. 

9. Ч.Сайханбилэг захидал бичиж суухаар энд хүрээд ирэх хэрэгтэй. Би эх орноосоо урвадаггүй. Анд нөхдийн харилцаа анд нөхдийн харилцаа. Эх орноо худалдах гэдэгтэй би эвлэрч чадахгүй. 

10. Би нураагүй гэж харж байгаа. Нөгөө тал дээр хууль хяналтын байгууллага дээр ч бүрэн гүйцэт цэвэрлэгээ хийгдээгүй л байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top