-Суудлын автомашин, бүх жин нь 3,5 тонноос илүүгүй ачааны автомашины дугуйны хээний гүн нь 1,6 мм-ээс багагүй байх ёстой-
Хэдийгээр монгол тооллоор намрын сар арай дуусаагүй байгаа ч гэсэн өвлийн амьсгал хэдийнэ орсон. Монгол орны нийт нутгаар бага ч гэсэн цас орж, гол мөрнүүд зайртан, мөсөн хуягаа нөмрөх тийшээ хандаж байна. Нийслэлд ч гэсэн ойрын өдрүүдэд цасан хялмаа орж, зам талбайд бага зэргийн халтиргаа үүссэн нь жолооч нарын ур чадварыг шалгаад авлаа. Манайхан хэт тайван байдлаасаа болж цас орж, гулгаа үүссэний дараа л өвлийн дугуйгаа солихоо гэнэт санаж, сандардаг. Тиймээс бид бүхэн энэ удаагийн сурвалжлагаараа автомашины өвлийн дугуйн үнэ ханшийг сонирхолоо.
Автомашинтай холбоотой зүйл гарахаар улаанбаатарчууд бид Өгөөмөр, Да хүрээ гэсэн цөөхөн хэдэн газрыг зорьдог. Цаг үе, хүмүүсийн амьдралын түвшнээ дагаад мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлдэг хүмүүс нэлээд олширсон ч техникийн захуудаар үйлчлүүлдэгүүд нь хэвээрээ л байгаа аж.
Да хүрээ зах хэдхэн жилийн өмнөхөө бодвол илүү цэвэрхэн, замбараатай болсон байна. Гэсэн хэдий боловч үйлчлүүлэгч нарын авто зогсоол асуудалтай хэвээрээ. Намайг очиход “Унаж яваа приус-20 машинаа зарах уу” гэж асуух машины ченжүүд бүчин авлаа. Тэдэн дундаас нилээд нүүрэмгий байрын нэг ах нөгөөдүүлдээ намайг “Манай дүү” гэж хэлээд машинд суучихлаа. Учрыг асуувал хилээр хуучин машин оруулахгүй болохоор машины эрэлт нэмэгдсэн гэнэ. Аххүүд үнэн учраа хэлж ойлгуулаад гол ажилдаа орлоо. Уг зах дээр машины дугуй зардаг газар урд хэсгээрээ байдаг бөгөөд худалдан авагч цөөхөн байна. Надаас ямар машины дугуй хайж явааг асуусан эмэгтэй сэтгүүлч гэдгийг минь сонсоод урам нь хугарав бололтой. Учир нь арваннэгдүгээр сар гарсаар дугуйны худалдан авалт буурсан байна. Энэ нь жолооч нар өвлийн бэлтгэлээ хангаад бараг дуусаж байгаатай холбоотой гэнэ. Худалдагч эмэгтэй сүүлийн таван жил энэ зах дээр тасралтгүй дугуй зарж байгаа. Хүний бараан дээр зогсдог учраас амьдралаа залгуулдаг гол ажил нь энэ. Жолооч нар өөрсдийн санхүүдээ тааруулан хэд гурван төгрөг бууруулахыг хичээдэг, худалдагч эмэгтэй алдагдалд орчихгүйн тулд аль болох буулгахгүй байхыг бодох нь гаслантай. Хамгийн ихээр зарагддаг дугуй бол суудлын автомашины дугуйнууд гэнэ. 185/65/15 гэсэн хэмжээтэй дугуй нэг ширхэг нь 30 мянган төгрөгийн үнэтэй. Харин 195/65/15 болохоор хэдэн хувийн хээтэйгээсээ шалтгаалан 40-50 мянган төгрөгөөр зарагдаж байна. Дугуйны хээний хувь гэдэг ойлголт нь хуучин буюу өмнө нь явж байсан дугуйн дээр л яригдах асуудал. Ихэвчлэн 70-80 хувь, 80-90 хувьтай дугуйнууд зарагддаг. Хэмжээний хувьд 205/65/15 80-100 мянга бол 215/65/15-тай дугуй дөрвөн хос нь 450 мянга байлаа. Энэ нь нэг бүрийнх нь үнэ 110-120 мянга гэсэн үг. Дугуйнуудаа аль болох ширхэглэхгүй, дөрвөн хосоор нь зарахыг хичээдэг ч аль аль талаа бодоод ширхэгээр нь борлуулахаас өөр аргагүй болдог гэдгээ хэлж байсан юм. Мөн огт яваагүй буюу “сахал”-тай япон дугуй 250-350 мянган төгрөгөөр зарагддаг ч ховор гэнэ. 205/65/15-тай хоёр ширхэг дугуйг гуйсаар 180 мянгаар авсан ахаас дугуйны үнэ хэр байгааг асуувал “Үнэхээр чанга” байна гэхээс өөрийг хэлсэнгүй.
Өвлийн дугуйны худалдааны ид үе есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын сүүл хүртэл ганцхан сар л байдаг аж. Үнэхээр ч энэ л цагт манай оронд анхны цас унаад гулгаа үүсчихдэг болохоор арга ч үгүй байх. Улаанбаатар хотынхоо түгжрэлийг эрхэм дарга нар маань ямар мэргэн аргаар байхгүй болгох бол хэмээн санааширсаар арай гэж Өгөөмөр зах дээр очлоо. Да хүрээг бодвол энд дугуй худалдаалж байгаа олон газар байна. Үнэ ханшийн хувьд яг л ижил байлаа. Дугуйны хэмжээ 18, 19 буюу бага оврын жип болоод ирэхээр үнэ нь нэмэгдэж, нэг бүр нь 250 мянгаас буухгүй аж. Худалдагч, худалдан авагч нар өнгөрсөн жилээс дугуйн үнэ нэмэгдсэн гэдгийг дуу нэгтэй хэлж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтад “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт” гэсний гурав дах хэсэгт суудлын автомашин, бүх жин нь 3,5 тонноос илүүгүй ачааны автомашины дугуйны хээний гүн нь 1,6 мм-ээс багагүй байх ёстой гэж заажээ. Нэг үгээр бол хээний гүн нь заасан хэмжээнээс багассан бол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглож болно гэсэн үг гэнэ. Мөн улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашиглаж болохгүй гэдгийг Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Магван хэллээ. Нэг үгээр цас орж гулгаа үүчихээд байхад зуны дугуйтайгаа, хэдийгээр өвлийн дугуй ч гэсэн хээ нь илэгдсэн байвал жолооч таны машиныг ашиглахыг хориглох боломжтой. Тиймээс машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, дугуйгаа улиралд нь тааруулан сольж хэвшихийг замын цагдаа нар анхааруулж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
бүх л бараа үйлчилгээний үнэ өссөн. Очиж очиж эмчилгээний үнэ өсөөд байхдаа яахав дээ