ББСБ-ын харилцагчдын тоо 2.6 саяд хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

Энэ оны III улирлын байдлаар нийт 533 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 19.3 хувиар өссөн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 47.1 хувь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна.

Нийт зээлийн үлдэгдлийн 85.5 хувийг иргэдийн зээл, 14.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлжээ. Зээлийг чанараар ангилахад 86.7 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.4 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 552 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.6 саяд хүрчээ.

Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин  өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурч 2.9 хувьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top