Өрхийн эмнэлэг дээр ХУРУУГАА УНШУУЛААД эмийн сангаар үйлчлүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 07

-Хөнгөлөлттэй эмийн цахим жороор үйлчлэх 1053 эмийн сан бүртгэгдлээ-


ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙГ ХҮССЭН ҮЕДЭЭ ИРЖ АВАХ БОЛОМЖТОЙ

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон олон иргэн, эмийн сангууд цахим үйлчилгээнд холбогдож эхэллээ. Одоогийн байдлаар 1600 гаруй эмийн сан хүсэлт ирүүлснээс 1053 эмийн сан цахимд шилжжээ. ХУД-ийн нутагт орших “Азифарма “эмийн сан үйлчлүүлэгч ихтэй байв. Тус эмийн сангийн жор баригч Х.Баасанжаргал “Зарим иргэд шууд эмийн сан дээр хурууны хээгээ уншуулах гээд ирдэг. Өрхийн эмнэлэг рүү нь заагаад явуулдаг. Өмнө нь  хүний регистрийн дугаарыг ашиглаад жор бичүүлээд, даатгалаас мөнгө нэхэмжилдэг зөрчил гардаг байсан. Хурууны хээгээр эм олгодог болсноор ийм зөрчил арилна. Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтыг гаргахдаа 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлж олгож байна. Өмнө нь санхүүжилт дуусна гэдэг шалтгаанаар сарын эхний өдрүүдэд хүмүүс дугаар үүсгэж, бухимддаг байсан. Одоо  бол тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлж, гэрээт эмийн сангаасаа авах боломжтой болсон. Таны уудаг эм дуусаагүй бол заавал сарын эхний нэг, хоёр хоногтоо дугаарлах шаардлагагүй боллоо” гэв.


ЭМИЙН ДЭЭД ҮНИЙГ E-BARIMT ДЭЭР ҮНДЭСЛЭСЭН

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 4-ний өдөр  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт очиж  хөнгөлөлттэй эмийн асуудлаар албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон юм. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эмийн дээд үнийг эмийн сангуудын e-barimt дээр үндэслэн тогтоосон бөгөөд зах зээл дээрх нэгж үнийг тогтоосон учраас энэ бол хамгийн бодит үнэ. Хайрцгаар нь эмийн үнийг тогтоодог бол нэг удаа уух хэмжээгээр тогтоосноороо давуу талтай. ЭМД сан өөрөө хязгаартай. Бүх эмийг хөнгөлөх боломжгүй. Өндөр үнэтэй эм дээр хэрэгцээ шаардлагыг нь харж байгаад хөнгөлөлтийг тогтоосон. Эмээ сонгохдоо 2019 оны амбулаторийн үзлэг дээр суурилж зонхилон тохиолдох 111 өвчнийг онцолсон. Сонгосон эмнүүд нь зайлшгүй шаардлагатай, манай оронд бүртгэлтэй, жороор олгодог, эмнэл зүйн үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн шалгуурыг тавьсан. Чихрийн шижин, зүрх судас, бөөрний зэрэг мэргэжлийн салбарт ажилладаг эмч нарын санал зөвлөмжийг тусгасан” гэлээ.


ЦАХИМ ЖОРЫН ХУГАЦАА ДОЛОО ХОНОГИЙН ХҮЧИНТЭЙ

Эрүүл мэндийн байдлын улмаас хэвтэрт байдаг өвчтөн, асаргаанд байдаг өндөр настай иргэд хурууны хээгээ уншуулж эмийн жор бичүүлэх боломжгүй учир тэдний судалгааг өрхийн эмнэлэг дээр нь хүлээн авч байна. Өнөөдрийн байдлаар хурууны хээгээ уншуулах боломжгүй гэртээ асаргаанд байдаг 19600 иргэний мэдээлэл Өрхийн эрүүл мэндийн төвд бүртгэгдсэн. Иймд яаралтай өрхийн эмнэлэгтээ мэдээллээ бүртгүүлэх хэрэгтэй юм. Хөнгөлөлттэй эмийг цахим жороор бичиж байгаа тул иргэд цаас барьж эмийн сан орох шаардлагагүй, кодоо хэлээд гурав хүртэлх эмээ эмийн сангуудаас авах боломжтой. Тухайн жорд бичигдсэн бүх эм нэг эмийн санд байхгүй бол өөр эмийн сангуудаас кодоороо бичүүлж авах боломжтой юм. Цахим жорын хугацаа долоо хоногийн хүчинтэй. Одоогоор Өрхийн эрүүл мэндийн төв, улсын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, хувийн эмнэлгүүд өөрсдийн программ хангамж дээр жор бичих боломжтой. Тэдгээр эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэн хурууны хээгээрээ баталгаажуулж жор бичүүлэх ёстой болсон аж.


A, B БУЮУ ХӨНГӨН ӨВЧНИЙ ЭМИЙН ЖОРЫГ ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭС АВНА

ЭМДЕГ-ын Тусламж үйлчилгээний газрын дарга Х.Сувд-Эрдэнэ  "ЭМД-ын байгууллагаас шинэчилсэн эмийн жагсаалт дээр жор бичих эмч нарыг A, B, C, D  гэж ангилсан. А, В бол өвчнийхөө хөнгөн үед өрх, сумын анхан шатны түвшинд эмчлэх боломжтой, C, D нь өвчин даамжирсан ч амбулаториор эмчлэх боломжтой өвчлөл юм. Энэ сардаа ажил жигдэртэл бүх жор баригч нарт бүх төрлийн эмийг олгох эрхийг нээж өгсөн. Хөнгөлөлттэй эмийн жор бичих эрхийг 6500 эмчид олгосон. ЭМЯ-наас баталж гаргадаг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт байдаг. Энэ жагсаалтад анхан шатны эмнэлгийн эмч нар л эмийг бичнэ. Хоёрдугаар шатлал, гуравдугаар шатлалын эмч нар эмүүдийг өвчтөнд зөвлөнө гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ ангиллын дагуу оруулсан” гэв.  Өрхийн эрүүл мэндийн төв нь өөрийн гэсэн онцлогтой. Зарим нэг даралтын эмийг иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд өрх дээр бичих боломжтой байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байна. Өмнө нь нэг өдөрт гурван ширхэг эм уу гэх мэт тоо хэмжээгээр хуваарилдаг байсан. Одоо эмч нар цахим систем дээрээ нэг удаагийн буюу өдөрт хэдэн удаа эм уух, тухайн тунгаараа хэдэн өдөр үргэлжилж уух зэрэг бүртгэлийг хийх аж. Энэ нь бүртгэл нь цаанаа эм бүрд эмнэл зүйн стандартыг тогтоох юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top