Орох орон, намын даргагүй АРДЧИЛСАН НАМ

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

-Хоёр ч парламентын сонгууль дамжиж ялагдал хүлээсэн Ардчилсан нам эдүгээ намын даргагүй, өөрийн гэсэн орох оронгүй өдөр хоногийг өнгөрүүлж байна- 


Ардчилсан нам хоёр ч парламентын сонгууль дамжиж ялагдал хүлээсэн гол шалтгаан нь намын эв түнжингүй байдал, нам доторх хагарлын дээр тэр гээд хэлчих лидергүй болсон явдал юм. Үүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Ардчилсан нам дотор өрнөсөн улс төрийн үйл явдлаас харж болно.

Энэ гээд хэлчих, тэр гээд заачих лидергүй болсон тус нам ямар сайндаа л С.Жавхлан, О.Баасанхүү нарыг урьж, тойрог өгч байх вэ дээ. Дээр нь аль хэдийнэ өрх тусгаарласан Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарын улстөрчдийг намдаа эргэж орохыг хүсэж, өнгөрсөн УИХ-ын сонгуульд хамтарч оролцох саналыг тухайн үед Ардчилсан намын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ тавьж байлаа. 

Гэвч тус намынхан 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдлаа энэ онд давтаж, өнөөдөр парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна. Нэгэнт шат, шатны сонгуульд ялагдал хүлээсэн тул намын дотоод дүрэмд заасны дагуу удирдлагууд нь хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ажлаа өгч, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваандаа тамгаа шилжүүлсэн билээ. Хэдийгээр Ц.Туваан ч адилхан хариуцлага хүлээх ёстой ч дараагийн Ардчилсан намын даргыг сонгогдож, ажлаа хүлээж автал намын даргын үүргийг түр гүйцэтгэж байгаа юм.

Харин өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ гэх асуулт хариултгүй хэвээр байна. Гэсэн ч тус намыг "толгойлох" том амбиц тээсэн олон улстөрч өөрсдийнхөө хүслийг ил болон далд хэлбэрээр дайсаар байна.

Үүнд, Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, О.Амартүвшин нараас гадна саяхан Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нам нь хүлээн зөвшөөрвөл "дарга"-ын сунгаанд оролцохоо мэдэгдсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нараас гадна хэд, хэдэн улстөрчийн нэр яригдаж эхэллээ. Тэгвэл Ардчилсан нам ирэх долоо хоногийн даваа /2020.11.16/ гарагт намынхаа Их хурлыг товлоод байна. Энэхүү хурлаараа намын даргад нэр дэвшигчид болон тэдэнд тавих шаардлага, шалгуураа тодорхой болгох юм. Ингэхдээ Ардчилсан намын шинэ даргыг нийт гишүүд, сонгогчдынхоо саналаар бус зөвхөн Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн саналаар сонгоно гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 

Улс төрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан нам даргагүйгээс гадна орох оронгүй байгаа явдал нь тэдний нэг зовлон гэж хэлж болно. Намаа ялалтад хүргэж чадаагүй С.Эрдэнэ намын даргын ажлаа хүлээлгэж өгөхдөө "Ардчилалын өргөө"-өө ч буцааж авсан байдаг. Үүнээс болж Ардчилсан нам өөрийн гэсэн байргүй болсон юм. Одоогоор Төв намын сангийн эсрэг талд С.Зориг агсны хөшөөний урд байх хоёр давхар байрандаа "орогнож" байна. Түүнчлэн зарим нь "Бодь" цамхагийн 10 давхарт түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа билээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.179.31.251) 2020 оны 11 сарын 09

Алуурчин эба хужаа батүүлийг шоронд хориочээ.

0  |  0
Иргэн(66.181.161.107) 2020 оны 11 сарын 09

С.Одонтуяа дарга болох нь зөв дөө. Ухаалаг эмэгтэй.

0  |  0
Top