Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эдгээр албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Канадын Парламентийн сонгууль саяхан болж, сонгуулийн үр дүнд одоогийн Ерөнхий сайд Стивен Харперын нам ялалт байгуулж, Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж байгааг нь уламжлахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хатагтай М.Барродосоос хүслээ. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд байгуулсан “Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан солилцох тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичгийг ажил хэрэг болгоход техникийн болон санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа. Энэ асуудалд тусламж хүссэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний захидлын хариуг ирүүлсэнд талархаж буйгаа мөн илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэхүү уулзалтын үеэр үйл ажиллагаа нь нээлттэй, шударга, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн тогтвортой төрийн албыг хөгжүүлэхээр зорьж байгаагаа хэллээ. Мөн Монголын Төрийн албаны зөвлөл Канадын төрийн албаны комиссын загвараар хөгжиж, туршлагаас нь суралцах нь шинэчлэлийн том боломж байх болно гэж тэмдэглэлээ. Монгол Улсын Засгийн газар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг шинэчлэх бодитой ажил эхлүүлэхийн төлөө байгаа. Ийм зорилгоор энэ сарын 23-нд “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулагдах гэж байгааг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Төрийн албаны боловсон хүчнийг чадваржуулах, ур чадвараар нь сонгон шалгаруулах механизмыг төгөлдөршүүлэх, шийдвэр гаргахдаа баримт, тооцоо, судалгаа, бодит чадвар, чадамж дээр үндэслэсэн төрийн албатай болох нь чухал байгааг ч мөн дурдлаа. Ингэхдээ Канадын төрийн албаны шинэчлэлийн /МARIT загвар/ туршлагыг Монголд хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа онцлоод Канадын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг энэ шинэчлэлийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ. Канад улсын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч, хатагтай Мария Баррадос Монголын сайхан оронд дахин айлчилж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эрхзүйн талаар мэргэшсэн чадалтай хуульчид “Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганд оролцохоор ирсэн. Тэдгээр хүмүүс төрийн албыг хөгжүүлэх, шинэчлэх хамгийн шилдэг зөвлөгөө, туршлагаа хэлж өгнө гэдэгт итгэж байгаага тэмдэглэлээ. Мөн тус чуулганыг үргэлжлүүлэн ярилцлага, сургалт эхлүүлэхээр төлөвлөснөө дурдаад Монгол Улсын Төрийн албаны шинэчлэл бусад улсад орнуудынхтай харьцуулахад хурдан хугацаанд хийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэлээ. Үүний учрыг тэрбээр Канадын Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлж ач холбогдол өгч захидал ирүүлсэн нь үүнийг баталж байна. Ерөнхий сайдын гарын үсэг зурсан ийм захидал Канад улсад гарцаагүй биелүүлэх ёстой баримт бичиг байдаг хэмээн тайлбарлалаа. Монгол Улсын Төрийн албаны шинэчлэлд Канадын загварыг х нэвтрүүлэхийн төлөө хатагтай Мария Баррадос чин сэтгэл гарган ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд талархлаа илэрхийлээд энэ шинэчлэл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )