Цар тахал дотоодод тарснаас үүдэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд чамгүй хугацаа өнгөрч байна.
Халдварын голомтыг тогтоох, хумихын тулд цаашид энэ арга хэмжээ үргэлжилж мэдэх юм. Харин хөл хорионы энэ үед улаанбаатарчуудын түлшний ганцхан хэрэглээ болсон сайжруулсан шахмал түлшний нөөц, хэрэглээ, борлуулалт хэр байгааг сурвалжиллаа.
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөөмөөгийн хэлж байгаагаар нийслэлд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшний 95,300 тонн нөөц байгаа аж. Мөн борлуулалтын 610 цэг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хэт өндөрлөг, төв замаас алс газруудад 67 борлуулалтын цэгийг нэмж ажиллуулахаар болсон байна. Учир нь бүх боруулалтын цэг төв замаа дагсан байдаг. Харин хөл хорионы энэ үед иргэд холоос түлшээ тээвэрлэхэд машин олдохгүй байхаас эхлээд олон асуудал үүсэж байгаа учраас ийн шийджээ. Борлуулалтын хувьд ноднин жил барьж байсан бодлогоо хэвээр үргэлжлүүлж нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай түлш л борлуулж байгаа юм байна. Харин 55 метрээс илүү зай талбайтай байшин, сууцтай бол тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд өргөдөл гаргаж нэмэлт түлж авч болох аж. Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 255 машинаар гүйцэтгэж байгаа юм байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороололд шахмал түлш борлуулах зургаан цэг ажилладаг. Тэдний нэг иргэн Ц.Бат-Эрдэнэтэй бид бүхэн утсаар холбогдож борлуулалт хэвийн байгаа гэнэ. Гэхдээ хол хорионоос өмнө хүмүүс гэртээ харих замдаа ганц, хоёр шуудайгаар нь авдаг байсан бол одоо долоо хоногийнхоо хэрэглээг нэг мөсөн авах нь их болжээ. Ингэснээр 2-3 хоногийн борлуулалт хурдан дуусаж дараагийн өдрүүдэд хүлээх байдалтай болсон байна. Ц.Бат-Эрдэнэ өдөрт таван тонн түлш борлуулдаг бөгөөд одоо зарим өдрүүдэд 10 тонныг борлууж байгаа аж.
“Тавантолгой түлш” компанийн зүгээс амны хаалт, бээлий тогтмол хэрэглэж, үйлчлүүлэгч нарт ч тийм шаардлага тавь гэсэн чиглэл өгчээ. Харин иргэдийн зүгээс картаар борлуулахаа больсон нь дээр гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа ч албаны хүний хэлж байгаагаар их хэмжээгээр нөөцлөх нь ихсэж, зохиомол хомсдол үүсгэх магадлал өндөр учраас картаар үйлчлэхээс өөр боломжгүй юм байна. Тэгвэл тус дүүргийн зургаадугаар хороонд байрладаг Ж.Жаргалсайханы цэг өдөрт 10 тонныг борлуулж байгаа нь айл өрхийн тоотой холбоотой гэнэ. Энд мөн л иргэд нэг гарсан дээрээ олон шуудайгаар нь авах сонирхолтой байгаа аж. Харин картаа хаясан, аваагүй иргэд мэр, сэр ирж байгаа бөгөөд тэр бүрт нь хоосон буцаалтай биш гээд ганц нэгээр нь өгөөд явуулж байгаагаа учирлаж байлаа.
Картаа аваагүй, хаясан хүмүүс хэрхэн картаа авах талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Даваабаатараас тодруулахад “Дүүрэг тус бүр дээр агаар, орчны бохирдол хариуцсан хүн байгаа. Хорооноос нь бүрэн судалгааг нь ч өгсөн. Тиймээс хүсэлтээ өгөөд шинээр авч болно. Харин хаяж үрэгдүүлсэн бол манай компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүсэлт гаргаад 3000 төгрөг тушааж авна” гэсэн тайлбарыг өглөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын ажилтнууд айлуудаар урьдчилан сэргийлж явахаа больсон. Тэгвэл нөхцөл байдалдаа тааруулан хэрхэн ажиллаж байгаа талаар Сонгинохайрхан дүүрэг дэх ХҮТ-ийн салбарын зохион байгуулагч Ө.Ариунзаяагаас тодрууллаа. Тус төвийн нэг ажилтан 200 өрх хариуцдаг байна. Харин хөл хорио тогтоосноос хойш нэг өдөрт 50 өрх рүү анхааруулгын мессеж явуулж, утсаар холбогдож байгаа аж. Энэ өдрүүдэд угаарын эрсдэлтэй хоёр дуудлага ирсэн бөгөөд пийшингийнх нь хүхээ битүүрсэн байсныг Засварын багийн хүмүүс очиж бүрэн янзалжээ.
УОК-оос тус компанийн түлш тээвэрлэлтийг ямар нэгэн асуудалгүй явуулж байгаа, нөөцлөлт хангалттай байгаа учраас борлуулалтын цэгүүд түлшээр тасрах мэтийн асуудал огт гарахгүй гэдгийг албаны хүмүүс онцолж байгаа юм. Мөн ард иргэдийг түлшийг их хэмжээгээр нөөцлөх гэж асуудал үүсгэлгүй тайван байж, орон гэртээ зуух, яндангийнхаа битүүмжлэлийг сайтар анхаарч, дор бүрнээ сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Ямар ч байсан хүнд хэцүү энэ цаг үед улаанбаатарчууд гал алдах айдасгүйгээр амьдарч болохоор хангалттай нөөцтэй, түлш үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )