Ажлын байраа хадгалж буй ХУВИЙН ХЭВШЛИЙНХНЭЭ дэмжье

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Хэдэн үеэрээ нүүдэллэж ирсэн хөл хорионд орж үзээгүй монголчууд дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын энэ үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорионд байна. Нэг үгээр хэлбэл дэлхий нийтээрээ сэрэмжлүүлж байхад даанч хайхрамжгүй явсан монголчууд цар тахлыг дотооддоо алдаж, хилийн дээс алхуулсан учраас хүсээгүй зүйлстэйгээ бид хүчээр нүүр туллаа. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажил үүргийн тусгай хуваарьт шилжиж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа “0” зогсолтод шилжлээ. Одоогийн байдлаар хүнсний зах, дэлгүүр, эмийн сан гэх мэт цөөн байгууллага л онцгой дэглэм дор үйлчилгээ явуулж байгаа. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнгүй болж, бүгд хөл хорионы дэглэмд ороод байна. Энэ нь иргэддээ чиглэсэн халдвар тархахаас сэргийлэх үндсэн аргын нэг боловч, иргэдийн сэтгэлийн мухарт цалин, тэтгэвэр, ипотек, бизнесийн зээл, түрээсүүд толгойны өвчин нэгэнт боллоо. Нэг үгээр хэлбэл бүх төрлийн зээл иргэдийн нуруунд дарамт болон очиж байгаа юм. Цаашлаад лангуу, дэлгүүр, байр сав түрээсэлж амьдардаг, бизнесээ явуулдаг иргэдийн санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй хугацаагаар хөл хорионд орлоо.

Монгол Улсын Засгийн газраас хөл хорио, хатуу чанд дэглэмтэйгээ хамтатган эрсдлийн үеийн санхүүгийн болон иргэд, аж ахуйн нэгжээ тэтгэх төлөвлөгөө гаргасан байх ёстой. Өнөөдөр Засгийн газар хуралдаж эцсийн байдлаар цар тахлын үед эдийн засгийн ямар арга хэмжээ авч ажиллахаа зарлах учиртай юм.

Өнөөдөр хоёр сая шахам иргэн ямар нэгэн байдлаар банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй гэсэн статистик тоо байдаг. Энэ хэрээр олон зуун мянгаар тоологдох түрээс төлөгчид үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа ч хойшид байдал хаашаа ч эргэж болно. Тэр цаг үед би яах ёстой вэ. Банкныханд байгаа бүхнээ хураалгаж, түрээсийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас түрээслэгчид бүгд гудамжинд гарах уу гэдэг хатуу сонголт зайлшгүй тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл онц байдлын хугацаа хэрхэн сунахыг таах аргагүй нөхцөл нэгэнт үүссэн. Тэгэхээр зээлтэй иргэд ямар ч хөдөлмөр хийх боломж алга, түрээс төлөгч нарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас Засгийн газраас зээлдэгч, түрээслэгч нарт зориулсан шийдвэр гаргах нь зайлшгүй шаардлагын нэн тэргүүний зүйл боллоо. Цаашлаад татвар, нийгмийн даатгалаас эхлээд иргэдээ болон бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол ковидын хүнд буулган доор тэд цагаан тугаа өргөхөд ойрхон байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалыг төр дааж, банкны зээлийн төлөлтийн хугацааг сунгасан зөв жишгээ үргэлжлүүлэх байх гэдэг итгэл иргэдийн дунд байгаа юм.

Олон улсад ч иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих бодлого гаргаж, асар их мөнгөн тэтгэмж хүртэл үзүүлж байна. Бид олон саяар тооцогдох тэтгэмж халамж нэхээгүй. Гагцхүү түрээс зогсоох, зээл түүний хүүгийн дарамтыг энэ онцгой нөхцөлд хөнгөлж өгөх нь төрийн бодлогын нэг хэсэг байх учиртай гэж байгаа юм. Өнөөдөр монголчууд түрээс, зээл төлөх бүү хэл хоногийн хоолоо яаж залгуулах вэ гэдэг асуудалтай нүүр тулсан нь нуух аргагүй үнэн. Тиймээс шийдвэр гаргах түвшинд энэ асуудлыг хурдан хэлэлцэж, шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо. Арилжааны банкууд болон түрээслэгч нарт хүнд шийдвэр боловч цар тахлыг хамтдаа даван туулахын тулд бид заавал даван туулах нөхцөл гэдгийг ойлгох ёстой. Хүн бүрийн энэ дарамтад арилжааны банк, ББСБ, түрээслэгчид уян хатан хандах сэтгэл бий гэдэгт иргэд итгэсээр байгаа юм. Төрийн зүгээс төрөл бүрийн татваруудаа царцаачихад болчихно доо гэсэн хүмүүс маш олон байна.

АНУ-д гэхэд жилдээ 75 мянган ам.доллараас бага орлогтой иргэддээ сар бүр манай мөнгөн ханшаар 1.8 сая төгрөг олгож байна. Тус улс иргэд, аж ахуйн нэгжээ дэмжихэд зориулж хоёр их наяд ам.доллар зарцуулаад байгаа аж.

Тэгвэл манай нүүрсний гол өрсөлдөгч Австрали улс нийт 6.5 сая иргэнд зориулж, 750 австрали доллар олгож байгаа бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийт иргэддээ 550 австрали долларын тэтгэмж олгож байгаа юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхэлж байгаад боломжгүй болсон иргэд гээд гол төлөв зорилтот бүлэгт олгож байгаа ч бүх ажил хөдөлмөр эрхлэж байгаа иргэддээ мөнгөн тэтгэмж олгож байгааг зориуд онцлох хэрэгтэй. Австрали долларыг манай мөнгөн ханшаар авч үзэхэд 750 австрали доллар нь 1.5 сая төгрөг, 550 австрали доллар нь 1.1 сая төгрөг гэхээр өндөр тэтгэмж сонсогдож таарна. Дэлхийд халамжаараа алдартай Герман улс гэхэд таваас доош ажилтантай Аж ахуйн нэгжид 9000 евро, 10 ажилтантай Аж ахуйн нэгжид 15 мянган евро олгох зэргээр иргэд, аж ахуйн нэгжээ тэтгэсэн бодлого дор тэтгэж, тордон ажиллаж байна. Хүн ам, эдийн засгийн хувьд манай улстай харьцуулах аргагүй ч олгож байгаа мөнгөн дүнгээс харахад л нэгийг хэлж хоёрыг бодогдуулах биз ээ.

Өнөөдрийн нөхцөлд хувийн хэвшлийнхэн хамгийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна. Ажилчдаа цалингүй амраах, чөлөө өгөх, үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоох гэх мэтчилэн эдийн засгийн арга хэмжээ авч эхлэв. Цалингүй гэртээ суугаа энэ хүмүүсийн хоногийн хоолны мөнгийг хэн хэрхэн өгөх вэ гэдэг үнэндээ толгойны өвчин болчихлоо. Амин дэмтэй хоол хүнс бүү хэл хоногийн хоол гэдэг монголчуудын зарим хэсэгт үнэхээр хүндээр тусаж байна. Амьд хүн аргатай гэдэг ч цар тахлын үед арга мухарддаг юм байна гэдгийг олон хүн хэлж байгааг сонслоо. Үүний зэрэгцээ байгаа ажлын байраа хадгалахаар зүтгэж байгаа хувийн хэвшлийнхэн ч бий. Үнэндээ үйл ажиллагаагаа зогсоогоод хүнээ цалингүй гэрт нь суулгах шиг амар шийдвэр байгаа ч ийм хүнд цаг үед цалингийн 50 хувиар тооцон, хөдөлмөрлөх нөхцлийг мөн 50 хувиар бууруулан ажиллуулж байгаа хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Тэд ашгийн төлөө бус хүнээ ажилтай, цалинтай байлгахын тулд эрвийх дэрвийхээрээ гүйцгээж байна. Эдийн засгийн ачааны хүндийг үүрэлцдэг Монгол Улсын чинь хувийн хэвшлүүд цагаан тугаа өргөхөд ойрхон байна шүү.

Өнгөрөгч хавар цар тахалтай холбоотойгоор “Хүүхдийн мөнгө”-ийг сар бүр 100 мянга болгож өсгөсөн, өнгөрөгч аравдугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн гэх мэт ёс төдий арга хэмжээ бол авсан. Иймээс өндөр эрсдэлтэй үед иргэд, Аж ахуйн нэгжид хангалттай тэтгэмж олгож чадахгүй ч ядахад банкны зээлийг зогсоож, түрээс төлж байгаа иргэддээ онцгой анхаарал хандуулах, яаралтай арга хэмжээ авахыг иргэд хүсэж байна. Хүнд үеийг хамтдаа үүрээд, туулаад гарна гэсэн итгэл нь бөхөөгүй байгаа хувийн хэвшлээ дэмжмээр байна. Үүнийг цаг алдахгүй хэрэгжүүлэхийг иргэд олон нийтээс шаардсаар байгаа нь төрийн сонорт хүрсэн байх. Түрээслэгчид, зээлдэгчид чинь бүгд гэртээ хөл хорионд байна. Хувийн хэвшлийнхэн чинь бүгд “0” зогсолт руу шилжчих гээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top