УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн тогтолцооны тухайд холимог тогтолцоо, энэ дотроо пропорциональ давамгайлах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу байгааг дахин мэдэгдлээ. Тус бүлгийн хувьд сонгуулийн тогтолцооны 50 хувь нь пропорциональ, 26 хувь нь мажоритар байх ёстой гэж үзэж байгаа бөгөөд 50 хувиа намын нэрээр дугуйлах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Мөн 50:26 дотроо шилжих бололцоотой гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай өчигдөр тус бүлгийн дэд дарга Л.Гантөмөр мэдээллээ.
Түүнчлэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг өгөхөөр шийджээ.
Сонгуулийн санал хураалтыг автомат машинаар тоолохоор болж, 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан ч өнөөдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороо автомат машин худалдан авах талаар ямар ч арга хэмжээ аваагүй гэнэ. Аль улсаас ямар автомат машин авах вэ гэдгээс шалтгаалж, горим тааруулах зэрэг олон нарийн ажил хийх ёстой учир ирэх наймдугаар сард багтаан, энэ ажлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэж байгаа аж. Санал хураалтыг автомат машинаар уншуулах болж байгаа учир иргэд цахим үнэмлэхтэй болсон байх шаардлагатай юм. Гэтэл иргэдийн үнэмлэхийг цахимжуулахад зориулж улсын төсөвт 11 тэрбум төгрөг суулгасан ч өнөөдрийг хүртэл тендер зарлаагүй байгаа аж. Тиймээс иргэдийг цахим үнэмлэхтэй болгох ажлыг шуурхай эхлүүлэх үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгөхөөр болжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )