Ялсан ч, ялагдсан ч учраа олдоггүй Ардчилсан нам

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Ялсан ч, ялагдсан ч учраа олдоггүй, засагласан ч замхарсан ч замаа олдоггүй улс төрийн хүчин байсаар байна. Бодит мэдээллээс харахад өчүүхэн хувийн эрх ашгаа өмнөө тавьж байгаагаас үүдэлтэй аж. Нөгөө талаар “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэх ч үг бий. Учир нь АН 2016 оноос хойш хэдэн хэсэгт хуваагдаж, нэр бүхий гишүүд нам байгуулах нь байгуулж, бие даах нь дааж, хувь хувийн улс төр хөөж явна. Үүний тусгал нь өдгөө хөдөө орон нутагт ч нэгэнт халдварлажээ. Үүний нэг тодхон жишээ нь Хөвсгөл аймгийн АН юм.  

Хөвсгөл аймгийг ардчиллын өлгий нутаг гэдэг ч сүүлийн жилүүдэд ардчилсан шошготой нөхдийг бус МАН буюу улаан талд сонголт хийж ирсэн. Энэ нь ардчилалд дургүйдээ бус намынх нь үйл ажиллагаа, зарим хүмүүстээ байсан болов уу гэж боддог. Харин өнгөрөгч Орон нутгийн сонгуулиар тус аймагт Ардчилсан нам 22 суудал авч, ялалт байгуулсан ч өнөөдрийг хүртэл Засаг даргаа томилж, орон нутгийн удирдах багаа бэхжүүлж чадаагүй байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргад АН-аас нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжилсан нөхөр нь аймгийн АН-ын дарга Ш.Идэрбаясгалан аж. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжилсангүй, буцаав. Үүний цаана ямар нэгэн учир шалтгаан байж таарах учраас энэ талаар тодруулах гэсэн боловч АН дотооддоо энэхүү шалтгаанаа ихээхэн нууцалж байна. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол Засаг даргад нэрээ дэвшүүлээд байгаа Ш.Идэрбаясгалан нь төрийн албанд гурван жил ажиллаагүй юм байна. Тэрбээр өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам, тээврийн хөгжлийн сайд асан А.Гансүх нарын дэмжлэгтэйгээр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд түр зуур мэргэжилтнээр ажилласан гэх намтар төдий зүйлтэй учраас Ерөнхий сайд буцаасан байх магадлалтай аж.

Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26.5.2-т зааснаас харахад “Аймаг, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” хэмээжээ. Тэгэхээр нэгэн насаараа бизнесийн байгууллагад ажиллаж ирсэн Ш.Идэржавхлан Ерөнхий сайдын босгыг давах боломжгүй болж байна. Ардчилсан намынхан Засаг даргад горилогчийнхоо энэ мэт хууль бус зүйлийг дотооддоо нууцлан зүтгүүлж байгаагийн ард Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг ихээхэн байгаа гэх.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэдийгээрээ Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжиж болох ч хууль зөрчих эрх гэж үгүй. “Монгол ялна” хэмээх уриатай, хууль мөрдүүлнэ гэх “зэвсэг”-тэй Х.Баттулга, Ерөнхийлөгчийн сонгууль угтаж, энэ мэт хууль бус зүйлтэй хутгалдсан нэр зүүхгүй нь ойлгомжтой. Тэгээд ч Ерөнхийлөгчид Засаг даргын томилгоонд оролцох эрх үүрэг аль аль нь байхгүй.  

Хүн амаар цөөнгүйд тооцогдох бүхэл бүтэн аймагт Засаг дарга болчих хууль ёсны, боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай нөхөд баймаар юм. Намын дүрэмд бол “Ялсан намын дарга Засаг дарга болно” гэж заасан байдаг ч энэ бол Үндсэн хууль биш. Зөвхөн нам хэмээх Төрийн бус байгууллагын дотоод дүрэм юм. Тэгэхээр намын дүрэм журам ярьж, заавал хуульд нийцэхгүй хүнийг Засаг даргад зүтгүүлж байхаар нам дотор өсөж дэвжиж яваа залуус ч байна, ажлын дадлага туршлагатай дунд насныхан ч байна. Тэр ч бүү хэл сүүлийн жилүүдэд сум орон нутгийг чадварлаг удирдаж, амжилтад хүрсэн залуус ч байна. Намын дарга Засаг дарга болно гэсэн хууль Монгол Улсад алга. Тэгэхээр заавал намын даргаа Засаг дарга болгоно хэмээн Монгол Улсын хууль зөрчин зүтгүүлэх нь мухардалд орохоос өөр зүйл болохгүй. Цаг үе, эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа энэ цагт орон нутгийг өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийг нэн даруй бүрэлдүүлэн, ажилд нь оруулах ёстой. АН-д итгэл үзүүлсэн аймаг орон нутгийн иргэд ч үүнийг л хүсэж байгаа. Түүнээс тэдэнд хэн дарга болох нь сонин биш. Намын дүрэм, Монгол Улсын хууль хоёрт тэнгэр газар шиг ялгаа бий. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Зөвхөн хувийн эрх ашгийн үүднээс ард түмний сонголтыг үл хүндэтгэн, засаг захиргаагаа бүрдүүлэхгүй, чирэгдүүлэх нь ч зүйлд нийцэхгүй хэрэг биз ээ.

Өдгөө халаагаа өгөөд буй аймгийн Засаг дарга Л.Ганболд ч мөн хууль зөрчин томилогдсон хэмээн маргаан дагуулж байв. Тодтогвол, төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдож, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын батламжилсан тогтоолыг хүчингүйд тооцож байв. Энэ асуудал шүүхийн бүхий л шатанд урт хугацаанд явж, эцэст нь хүчээр шахам Засаг ноёных нь суудалд үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шатанд явж байх хугацаандаа Засаг даргаар ажиллаж байсан хугацаагаа төрийн алба хаасан хугацаандаа оруулах замаар шийдвэрлэсэн байдаг. Хууль завхаруулж хүчээр үлдсэн хэрэг.

Өдгөө үүсээд буй нөхцөл байдал ч яг энэ замаар явж байна. Тэгэхээр Засаг даргад горилогч Ш.Идэрбаясгалан ч Л.Ганболдын туршлагаар дайраад үзэхээр шийдсэн бололтой. Энэ мэт хууль бус зүйлийг даруй таслан зогсоох хэрэгтэй гэдгийг хаа хаанаа хэлж буй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dorjxyy(67.163.50.64) 2020 оны 12 сарын 10

Ardchilcan. Nam. Gej. Mongoliig. Yimyylegch. Ard Tymnii Tolgoig. Ergyylj Yimeen. Tarij. Dyndaac. Ni. Xojoo. Eercdee. Ashig Xojoo Xarcan. Tyyndee. Yliarcan. Byleg. Hexdyyd.

0  |  0
Зочин(103.57.95.102) 2020 оны 12 сарын 05

УИХ-ын эрхэм гишүүн 40 литрийн БИДОН гуайг АН-ын даргаар тавьчихвал л бүх юм тун сайхан болно доо

0  |  0
Баасансүрэн(202.126.88.237) 2020 оны 12 сарын 03

Ард түмэн ардчилсан намд итгэл үзүүлж мөнч их горьдсондоо. Одоо харамсавч барахгүй юм. Л.ТҮДЭВ гэж тийм аугаа хүн ерөнхийлөгчид өрсөлдөхөд ардчилалыг дэмжих гэсэндээ Очирбатыг дэмжиж тэнэгтэж байлаа. Үхэн үхтэлээ харамсана би.

0  |  0
Zochin(202.126.90.154) 2020 оны 12 сарын 03

hulgaich nariin bulegleluudiin negdel geh ym uu daa

0  |  0
zochin(202.179.25.71) 2020 оны 12 сарын 02

AH neree oorsdoo ch ym hiideggui orooliigii ch hiilgedeggui 30 jil hoshnogo uhaastai namiin uzel barimlal gej baihgui zugeer l nud ergeldeed shuls amaa uschuulen mongo mongo uurhai uurhai gesen ene ybaa nasandaa ergeheesee negent ongorson zombiinyyd .\n

0  |  0
хх(103.26.195.46) 2020 оны 12 сарын 02

ардчилсан нам гэж аль хэдийн үхсэн нам болсон элбэгдорж баяртай нийлж оюутолгойг идэж ууснаас хойш аз\nхүзүүний элбэгээ нөгөө устгаад найз нь сосорбарам нь нам нь ингээд үхлээ гээд л тэгсэн сосорбарам буцаад элбэгдоржоо тэврээд эхэлсэн иим нам гэж байдаггүй юм

0  |  0
Зочин(202.9.46.1) 2020 оны 12 сарын 02

монголд гай зовлон шаналал авчирсан бузар намыг үзэн ядаж байна.

0  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 12 сарын 02

АН -г ялсанч ажлыг нь хийлгэдэггүй ялагдсанч ажлыг нь хийлгэдэггүй нэр хүндийг нь унагаах зорилготой хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа оруулсан үл бүтэх этгээдүүд болон тэдний гар хөл болсон нусан палдгууд мөнч их байна даа.

0  |  1
Top