Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 12 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргав

М.Тэнүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон энэ оны эхний 11 сард  үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа 100 давсан хувиар биелүүллээ. Механик боловсруулалттай эд ангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 123,5 хувь, резинэн эдлэлийн төлөвлөгөөг 100,9 хувь, цутгамал бүтээгдэхүүний төлөвлөгөөг 103,7 хувиар биелүүлж, 61,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Засвар механикийн заводын Цутгуурын үйлдвэрлэлд хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам нэвтрүүлэн ажилласнаас хойш  цутгамал бүтээгдэхүүний төлөвлөгөө оны эцэст хүлээгдэж буй гүйцэтгэлээр 103 хувиар биелэх төлөвтэй байна.  Мөн шинэ шугам нэвтрүүлсний үр дүнд технологийн материалын төрөл болон тоо цөөрч, нэг тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг дунджаар 52 ам доллараар буурчээ. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын өөрийн өртгийг багасгаж байгаа үзүүлэлт юм.  

Түүнчлэн заводын хамт олон эхний 11 сарын байдлаар импорт орлох 44 нэр төрлийн 2201 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрт шинээр суурилуулсан SBS-38, HP-400 бутлах тээрэм, тэдгээрийн конусан хуягуудыг үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top