Утаа буурсан, буураагүй гэсэн талцал өнгөрсөн жилийг бодвол байхгүй болжээ. Нүдэнд харагдахуйц өөрчлөлт гарсан учраас арга ч үгүй биз. Ердөө жил гаруйханы өмнөөс нийслэлд сайжруулсан түлшийг түлж эхэлснээр Улаанбаатарын утаа эрс багассан. Шинэ, сэргэг ажил бүрийн араас хэл ам дагаж байдгийн адилаар Тавантолгой түлш компанийн уг ажил ч олны хэл ам дагуулсан. Харин тус компанийн зүгээс иргэд рүү чиглэсэн олон шинэлэг ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан нь үр дүнгээ өгч байна.
“Хэрэглэгчдэд үйлчлэх алба” байгуулж айлуудын яндан хөөлөх, пийшин, зуухыг засварлах их ажлыг энэ намар хийснээр хүмүүсийн угаартах эрсдэл багасч, сэтгэл амар амьдрах боломжийг бүрдүүлж байгаа. Гэвч манайханы хэнэггүй, бүхнийг бэлэнчлэх гэсэн байдлаас олон зүйлийн бэрхшээл үүсдгийг тус албаны Хяналтын ажилчид хэлж байна лээ. Угаартахаас сэргийлэх, түлшээ зөв түлэх зэрэг анхааруулгын мессеж явуулах, утсаар нь залгаж хэлэхээр өөдөөс нь хэл амаар доромжилох байдал гаргадаг гэнэ.
Тэр ч бүү хэл угаар мэдрэгчээ унтраах, зай нь дуусахаар хүүхдүүдээрээ тоглуулчихсан байдаг аж. Тэгээд Хяналтын ажилчид угаар мэдрэгчдээ зайг нь 1500 төгрөгөөр худалдан авч хийхийг сануулахаар “Та нар аваад өгчих” гээд хэнэг ч үгүй сууж байдаг ч тохиолдол гардаг аж. Үр хүүхэд, өөрсдийнх нь эрүүл мэнд, амь насны төлөө тусгай ажилчид гаргаад өдөр, шөнөгүй анхаарал хандуулж байхад ганц нэгэн ийм ухаан муутай хүмүүс байдаг нь харамсалтай ч хүмүүсийг аюулаас урьдчилан сэргийлэх ажил хийж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг хэмээн ярих энэ эмэгтэйг Б.Одгэрэл гэдэг.
Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх салбарын ажилтан бөгөөд наймдугаар хорооны дөрөвдүгээр хэсгийг хариуцдаг. Нэг хяналтын ажилтан 200 айл хариуцаж ажилладаг бөгөөд хөл хориотой энэ өдрүүдэд айлуудынхаа бүртгэлтэй дугаар руу түлшээ зөв түлэх, угаарын хийнээс сэргийлэх зэрэг зөвлөмж, зааврыг мессеж явуулж, утсаар ярьж ажиллаж байгаа гэнэ. Сайжруулсан түлшний үнийг бууруулсан эхний өдөр хяналтын ажилтнууд борлуулалтын цэг дээрээ тооллого хийж, карт уншуулж байгаа эсэх, бүртгэлгүй карт байна уу гэдэг дээр хяналт тавин ажиллаж байна. үнэ буурсан эхний хоёр өдөр хүмүүсийн худалдан авалт нилээд их байсан ч сүүлийн өдрүүдэд аажмаар буурчээ. Энэ нь иргэдийн ойлголтын зөрүүтэй холбоотой байх гэдгийг тэрээр онцолсон. Учир нь эхний өдрүүдэд үнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл бууруулсан гэдгийг сайн ойлгоогүй хүмүүс хэдхэн хоног үргэлжлэх байх гэсэн бодолтой байснаас ийм явдал гарсан байх гэдгийг ч онцолж байна лээ.
Баянхошууны Жанцан, Тойрог орчмын утаа эрс багассан нь мэдрэгдэж байна. Хоёр, гуравхан жилийн өмнө энэ орчмоор урдах замаа бараг харахгүй нөхцөлд хоолой ам гашуун оргисон их утаан дундуур сүүмэлздэг байлаа. Одоо харин огт утаа байхгүй болсон гэж хэлж болохгүй ч холын бараа харагдахтайгаа, хоолой гашуун оргих юмгүй болж. Иргэн Н.Батзаяа Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо буюу Жанцангийн автобусны буудал орчимд сайжруулсан түлш борлуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Түүний хамгийн түрүүнд хэлж байгаа зүйл бол иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан гэнэ. Учир нь өнгөрсөн жилийн өдийд өдөртөө 10 орчим тонн түлш ямар ч асуудалгүй зарагддаг байсан бол энэ жил тийм биш байгаа юм байна. Үүнд нийтийг хамарсан хөл хорио, зам хаасан байдал ч нөлөөлсөн байх гэдгийг хэлж байна лээ. Сайжруулсан түлшний борлуулагч нар борлуулсан түлшнийхээ арван хувиар цалинждаг гэнэ. Харин үнийг тавин хувиар бууруулснаар тэд нарын орлого дагаад тавин хувиар буурах вий гэсэн айдастай байгаагаа нуусангүй.
БОРЛУУЛАГЧДЫН ЦАЛИН БУУРАХГҮЙ
Бид энэ талаар "Тавантолгой түлш" компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняагаас тодруулахад борлуулагч нарын цалин, хөлсөд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй гэнэ. Учир нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр гаргасан тогтоолд нэг тонн түлш борлуулахад цалин, урамшуулал нь 15 мянган төгрөг байхаар тусгасан байдаг аж.
Нэг үгээр бол нэг тонн түлшний зах зээлийн үнэ хэд байхаас үл шалтгаалан борлуулагч 15 мянган төгрөгийн цалин авна гэсэн үг. Энэ тогтоол одоо болтол хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд түлшний борлуулагч нарын цалин, урамшууллын зардлыг жил бүрийн улс, нийслэлийн төсөвт тусган баталдаг байна.
Сайжруулсан түлшний үнийг тавин хувиар бууруулсан нь иргэдийн сэтгэлд ихээхэн нийцэж байгаа аж. Усны тэрэг түрсээр борлуулалтын цэг дээр ирсэн аххүүг Баярхүү гэдэг. Тэрээр картаа уншуулан бэлэн мөнгөөр тооцоо хийгээд гурван шуудай түлш авлаа. Тэднийх таван ханатай гэрт амьдардаг бөгөөд төслийн зуухтай учраас түлш бага зарцуулдаг гэнэ. Тиймээс гурван шуудай түлшээр бараг 4-5 хоног галладаг аж. Хэдийгээр өрхийн орлого нь эрс зогсож, хөл хорионд орсон байгаа ч сайжруулсан түлшний үнийг тавин хувиар бууруулсан энэ шийдвэр яг өөрийнх нь амьдралд шууд дэм үзүүлж байгаа учраас баяртай байгаагаа хэлж байна.
Жинхэнэ нүдээ олсон шийдвэр байсан учраас өрх бүрийн санхүүд бага ч гэсэн дэмжлэг болж байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
наадахаа хэчнээн ярьдгийн? одоо түгжрэл гээд том асуудлаа яриач, Дарханы замаа бариач