Төрийн эрх барих, Хууль тогтоох байгууллагын гишүүд тойрог тойрогтоо бага сага тулгамдсан асуудал шийдвэрлээд яваад байдаг ч тэдний үндсэн ажил, зорилго биш юм. Тэр тусмаа цас зуд, өвчин зовлонд ч халаглаж гүйгээд байх эрх зүйн үндэс байхгүй. Гэхдээ манай гишүүд сүүлийн гучаад жил эсрэгээрээ мөнгө төгрөг тараах, бэлэг сэлт өгөх, асуудал шийдвэрлэх замаар ажиллаж ирсэн нь үнэн. Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэнд хавдар туссан ч, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд иргэн шинэ гэр барьсан ч гишүүд маань оролцож, хандив тусламж өргөж ирсэн.
Хууль тогтоох байгууллагын гишүүдийг хууль эрх зүй, үндсэн үүргийн чиглэлд ажиллуулах тухай бас л гучаад жил ярьж байгаа ч тэд үндсэн чиг үүргээсээ улам л холдсоор. Өөр ч аргагүй нийгэмд амьдарч байна. Сумын иргэдэд гарын бэлэг өгөхгүй бол, өвдсөн зовсон нэгэн тойргоос нь хүрээд ирэхэд туслахгүй байхын арга алга. Хэрвээ туслахгүй бол, бага ч атугай гар сунгахгүй бол эргээд сонгогдоно гэж санахын гарз. Бараг л өс хонзон өвөрлөх хэмжээнд сургажээ. Анхнаас нь ийнхүү муу зан сургасан учраас өдгөө яах ч арга алга. Хүүхдийн баяр болно, 100, 200 сая төгрөгөөр бэлэг тарааж байна, Ахмадын баяр болно, мөн хэмжээнд бэлэг сэлт тарааж байна. Ган зуд, ойн баяр, овооны наадам гээд тэдний оролцохгүй зүйл гэж байхгүй. Энэ бүх урилга заллагад эрхэм гишүүн ганзага хоосон очих ч ёсгүй.
Харин тайван цагт ийн хөл алдаж байсан түшээд маань цар тахал, хөл хорионы үед иргэддээ хэрхэн гар сунгав гэдэг нь ихэд анхаарал татлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төрийн ордонд оруулсангүй хэмээн бухимдаж байснаас Хөвсгөл рүү гар сунгаагүй байх. Хэн ч танихгүй шинэхэн гишүүн Г.Дамдинням аанай л Төрийн ордон руу ажилтай явж байхад Замын цагдаа намайг таньсангүй хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд хүртэл алтан хошуу өргөснөөс Дархан-Уул аймагт тусламж үзүүлсэнгүй. Хаа холын Ж.Энхбаяр халуун цэг дээр ажиллав. Ийнхүү амар тайван цагт ам хэлээ билүүдэж, энд тэнд тууз хайчилж, төрөөс хэрэгжүүлсэн ажлыг өөрийн юм шиг ярьж явдаг нөхөд таг дуугүй өнгөрөв.“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг энэ байх.
Уг нь энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар халдварын онцгой бүсэд ажиллаж байгаа албаны хүмүүст эхнэрийн хамт 20 сая төгрөг гардуулан өгч уриалсан ч ангийх нь нөхөд уриалгаас тэгтлээ ташуур авсангүй. Энд тэндгүй л амны хаалт, хамгаалалтын хувцас мэтхэнээр нэрээ гаргахыг хүссэн байх. Үнэн хэрэгтээ бодит байдал дээр захын хороололд өдрийн өчүүхэн орлогоороо ам зууж байгаа сонгогчийн гэрт “Аяга хоол” дөхүүлсэнгүй. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд харъяаглагдах “Болд төмөр ерөө” компани “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 50 мянган амны хаалт, 500 сая төгрөгийн тусламж үзүүлэв. Мөнхүү тус компани Сэлэнгэ аймагт 200 сая төгрөгийн хандив тусламж үзүүлсэн юм. Арга ч үгүй байх. Тэр л ус нутгийг ухаж, тоолж барахгүй их мөнгө олж байгаа хүнд 500 сая төгрөг бол мянган малаас өнчин ишиг зүсэлж өгч байгаатай л адил зүйл. Гайхахын хэрэггүй.
Харин Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус аймгийн Сүхбаатар, эрсдэл өндөртэй Алтанбулаг сумын зайлшгүй тусламж шаардлагатай өрхүүдэд хүнс, түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүний багцыг хувийн зүгээс хүргүүлсэн нь олны талархалд нийцсэн юм. Энэ бодит хөрсөн дээр яах аргагүй нийцсэн өглөг байсан учраас олон нийтийн талархлыг хүлээсэн хэрэг. Уг нь “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусла” гэдэг дэндүү үнэн үг. Яг л ийм цагт тэвдсэн ард түмэнд юм юм л хэрэгтэй хоног өдрүүд өнгөрч байна. Хэдхэн сарын өмнө нүдээ ухаад өгөхөд бэлэн амлаж явсан нөхөд тэр тусмаа дуугүй байв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
тиймээ энэ хүнд үед л хүмүүст туслах хэрэгтэй дээ УИХ-ын гишүүд нэг өдрийн цалин хөлс битгий нэг сарын цалин хөлсөө хандивлаж болно доо