УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар цахим хэлэлцүүлэгт оролцлоо

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 12

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Шведийн Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-тэй хамтран “АСДҮОУХ-ийн дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэлийн танилцуулга ба КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсад болсон сонгуулийн сорилт, бэрхшээлүүд” сэдэвт цахим хэлэлцүүлгийг (2020.12.11) зохион байгуулав.

Тус хэлэлцүүлгийг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас-Замора, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, АСДҮОУХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лина Риккила Таманг нар “Дэлхийн ардчиллын төлөв байдал”, “Монгол Улс дахь ардчиллын төлөв байдал”-ын талаар илтгэл хэлэлцүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын ардчиллын төлөв байдал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сэдвийн хүрээнд 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжин 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш Монгол Улсын хүрсэн ололт, амжилт, үүний зэрэгцээ улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс хамааран тулгарсан сорилт бэрхшээлүүдийг тоймлон ярьж, эдгээрээс үүдэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэнийг тэмдэглэв.

Тэрбээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг багцлан танилцуулахдаа эдгээр нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь төрийн эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэртэй тогтолцоог хангах механизмыг Үндсэн хуульд суулган баталгаажуулахад, тодруулбал, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж, Үндсэн хуулиас өөр бусад хуулиар эрх олгохгүй байх, Ерөнхий сайдад Засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох, чөлөөлөх эрх олгосноор эрх мэдэл, хариуцлагыг нэмэгдүүлэх, байгалийн баялагтай холбоотой асуудалд эрх тэгш байдлыг баримтлахаас гадна одоо болон хойч үеийнхнийг эрүүл орчинд амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх байгаль орчны хамгаалалтыг хангах, шүүхийн тогтолцоог боловсронгуй болгож, шүүгчийн хараат бус байдлыг хангах зэрэг зохицуулалтуудыг Үндсэнд хуульд хуульчлан оруулж өгсөнд оршиж байгааг онцоллоо.

Тус цахим хэлэлцүүлэг нь Монгол Улсын ардчиллын одоогийн төлөв байдал, ололт, сорилт бэрхшээлүүдийн талаар зөв ойлголт өгч, мэдээлэл хуваалцахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн нь дэлхий дахинд тогтвортой ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилго бүхий олон улсын Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд Монгол Улс тус хүрээлэнгийн гишүүнээр 2011 онд элсэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top