Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 26 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 24

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

МҮ Е ЧА МЭН ЖОУ ХОТЫН ЗАМ ДЭЭР ХҮНИЙ МАХ ХУДАЛДАХ

Ү СУН САЙН ЭР ШИ ЗИ ПО ХЭМЭЭХ ГАЗАР ЖАН ЧИНТЭЙ УЧРАХ НЬ

Өгүүлэх нь: Ү Сун эдгээр зочдыг зовоосон нь үнэхээр ёсонд үл нийлэв. Гагцхүү ах нар та бүхэн миний төлөөнөө энэхүү эдлэл юмыг худалдан, үнэ болгоогоод надад өгөхөөс гадна, миний ахын алдар тахьсан бичгийг галд хайлж өгөгтүн. Одоо өстнөөс өс хариулж дуусгав. Гагцхүү эмгэнийг хоёр толгойн хамт авч яаманд заалдмуй. Тэр цагт та бүгд гэрч болж өгвөөс барав хэмээгээд Ван эмгэни хоёр толгойн хамт авч яаманд бүгдээр ирэв. Үүнийг ноён үзээд гайхан байтал, Ү Сун Ван По эмгэнийг хоёр толгой аван танхим дээр ирсэнд харъяат ноён цөм нь өчиг учрыг сонсоод шархач гаргаж, эм Пань Жин Лянь, Ши Мэнь Чин нарын хүүрийг шинжүүлж ирэв. Ү Сун, эмгэн хоёрыг агтлан авч хадгалсныг олон хүн үзэв.

Тэндээс ноён дотроо ийн сэтгэрүүн: - Ү Сун болбоос урьд Жин Ян Ган уулын барсыг алж, олны аминд тус болсон нэгэн ач бас миний зэрэг хэргэмийг нэмэх хэмээн Дунжин хотноо бие хайрлалгүй явж их гавъяа бүтээсэн тул үүнийг хүнд ял хүлээлгэж болохгүй хэмээн бодоод шообин бичээч нарыг дуудаж, ийн өгүүлрүүн: - та нар энэхүү Ү Сунгийн гавьяа тусыг цөм мэдэх тул өгүүлж яахим, гагцхүү түүний хийсэн хэргийн учрыг, өргөдлийг олон хүний өчиг учрыг засан сийрүүлж, сайн эр Ү Сунгийн ах Ү Да Лангийн хилс хорлосон учирт сайн эр Ү Сунгийн амь нэхэж, зальхай эм Пань Жин Лянь, Ши Мэнь Чин хоёрыг алсан нь цөм ёс. Гагцхүү үүний дотор олон гэрчийн өчиг, шархачийн мэдүүлэг авч, Дүн Пин Фү хотын сайдад мэдүүлж, эдгээрийн биесийг дагуулан илгээгтүн хэмээсэнд албаны хүн нар хүлээн авч, яамнаас гарсныг бүү өгүүлэн, өгүүлэх нь: энэ Ү Сунд энэ хотын баян хоосон цөм сайн тул үүнийг явах замд архи барьж, мөнгө тусалсан нь маш олон тул мөнгийг их олж, өөрийн гар доор зарагдсан олон цэрэгтээ хуваан шагнаж, Дүн Пин Фү хотноо явав.

Удалгүй хүрч цэргийн ард яамны дотор орж бичгээ барьсанд Чэн Вэнь Жао хэмээх ноён бичгийг хүлээн авч учрыг мэдээд, даруй танхим сууж, тэдгээрийн өчгийг дахин нийлүүлж байцаагаад, Ү Сунгийн хүний толгой авсан сэлэм, нэгэн хос эр эм хүний толгой хоёр, бас мөнгө тавин лан, хүний яс хоёр хэсгийг хураан авч битүүмжлэн далдлаад, тэндээс эдгээр очсон хүн нарыг цөм гэдрэг буцааж, уг хотод аваачиж хэзээ дуудахыг хүлээлгэе. Бас нэгэнтэйгүүр Ши Мэнь Чингийн эм хүүхдийг энэ хотод хадгалан байгтун. Ү Сунгийн агталсан агтыг авч, нэгэн хөнгөн дөнгө өмсгөж, гянданд хорихоос гадна, түүний биед хэдэн цэргийн хүнээр будаа цай зөөлгөгтүн, Ван По эмгэнийг чанд агтлан авч, гянданд хорь. Энэ хэргийн учрыг Ян Гү Жы-д бичиг илгээгтүн, бас дээш журганд мэдүүлж хариу тушаахыг үзэж өөрөө гүйцэтгэн шийтгэмүй. Түүнээс гадна, доод албаны хүн нар энэ Ү Сунгээс өчүүхэн төдий мөнгө зоос албадан хяхаж авбаас хүндээр шийтгэмүй хэмээн тус тус тушаав. Тэндээс Чэн Вэнь Жао дотроо ийн сэтгэрүүн: - энэ Ү Сун сонсвоос үнэхээр баатар сайн эр. Үүнийг хүн алсан хүнд ял оноовоос үнэхээр хөөрхий хэмээн бодоод Дунжин хотын журганы тэргүүлэгч нь энэ Чэн Вэнь Жаогийн багш тул Ү Сунгийн төлөө гуйх захиа бичиж, нэгэн хүнийг тусгай илгээв. Түүнээс энэ хэргийн учрыг нэхэж, чухам ямар ял хийвээс зохих. Дээд эзэн хаанд хэрхэн айлтгаж, Ү Сунгийн амийг аврах зэргийг албан бичиг, захиаг хүргүүлсэнд тэр журганы түшмэл захиаг нээн үзээд, Ү Сунг хөнгөн ял оноож өршөөхийг гуйсан захиа тул шавийн сэтгэлийг харж, хоёр мянган газар цөлөх ял Ү Сунд оноогоод, зууч явсан эмгэнийг журамт хүний хооронд хорт эм өгч алсан нь учир хүнд тул огтчин алах ял, зальхай эм Пань Жин Лянь, Ши Мэнь Чин хоёр нэгэнтээ үхсэн тул хэлэлцэхгүй болгож, тус тус ял оноогоод хаанд айлтгасанд, цөм ёсоор болгож ирснийг Чэн Вэнь Жао үзээд, даруй Ши Мэнь Чингийн гэрийн ардыг буцааж, тэндээс дээд зарлиг бууж ирснийг Чэн Вэнь Жао энэ Ү Сун, ялт эмгэн Ван По нарыг гяндангаас гаргаж, танхимд авчраад тус тус олгосон ялыг дуудаж өгүүлрүүн: - та хоёрын хийсэн аргагүй буюу.

Ү Сунд хорин банз занчиж, хоёр мянган газар цөлөх ял оноож, ялт эмгэн Ван Пог огтчин алах ял оноож хэмээн зарлиг дуудаж, даруй Ван Пог хүн алах газар цэрэг хүрээлүүлж аваачив. Үүнд Ү Сунгийн биенд долоон жингийн төмөр дээсийг хүзүүнд зүүж, эмгэнийг алахыг үзүүлэхээр дагуулан илгээв. Тэндээс Ван Пог огтчин алаад, Ү Сунг Мэн Жоу хотноо цөлөхөөр явуулахыг завдав. Үүнийг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Ү Сунгийн гэр орон, хогшлыг үнэ олгон худалдаад, мөнгө хүргэж ирэв. Удсангүй хэдэн цэргийн хүнээр Ү Сунг харгалзуулан Мэн Жоу хотноо дагах бичгийн хамт хүргүүлэв. Явсаар Мэн Жоу хотын ойр хүрч үзвээс нэгэн будааны пүүсэнд орж, архи будаа идээд, нэгэн шөнө хонож, маргааш нь тэр пүүснээс гарч Мэн Жоу гийн зам хөөн явж, нэгэн их уулын нуруун дээр хүрвээс, тэр цаг маш халуун, зам явж зүдэрсэн тул тэд энд баахан амраад явсугай хэмээн хэлэлцэн байтал тэдний замд нэгэн өвсний байшин үзэгдэв.

Тэндээс цааш явж үзвээс нэгэн нуур буй. Бас нэгэн хэсэг шугуй модон буй. Тэр дотор нэгэн архи худалдах нэгэн бага пүүс баймуй. Эд нар энэ пүүсэнд орж, архи будаа идэх хэмээн ороод будааг идээд, тэр пүүснээс гарч цааш явтал, нэгэн хүн түлээ үүрэн явж байх лугаа тохиолдов. Түүнтэй мэнд мэдэж, бие биесийг асуун, энэ хүн өгүүлрүүн: - Ү Сун чи энэ уулын өмнөх хэсэг модны дунд нэгэн бүдүүн мод бий. Түүнийг дөрөв, таван хүн тэврэн ававч хүрэлцэхгүй. Түүний дэргэд нэгэн өвсөн байшин буй. Дотор нь орж үзэгтүн хэмээсэнд Ү Сун хэдэн цэргийн хамт очиж, тэр бүдүүн модыг үзээд байшингийн дэргэд нь очвоос нэгэн өвсөн байшин баймуй. Түүний цонхыг нүхэлж дотогш харваас нэгэн сайхан эм хүн сууж, толгойн тус алтан чимэг, биед ногоон цамц өмссөн, нүүрэнд оо энгэсгийг маш үзэсгэлэнтэй түрхсэн нь үнэхээр гайхамшиг тул Ү Сун эд нар орохыг завдваас тэр эм ийн: - олон гийчин ах нар манай гэрт бүр бууж амраад морилогтун хэмээмэгц тэд нар орж, цай уугаад, ийн өгүүлрүүн: - эхнэр танай энэ пүүсэнд архи мах буй буюу хэмээн асуусанд тэр эм өгүүлрүүн: - манай энэ пүүсний архи мах нь үнэхээр сайнаас гадна, жигнэсэн мантуу нь бүдүүн, хүний толгой адил, архины амт нь маш сайн, махны тарган нь цөм өөх хэмээхэд тэр хэдэн гийчин тийм бөгөөс бид архи ууж, мах идсүгэй хэмээн ширээ бэлтгэж, архи халуулан, мах авчирч тавганд агуулан авчирсанд цэргийн хүн өлссөн нь их тул юу ч үл мэдэв. Ү Сун нэгэн хундага архи ууж, нэгэн мантууг аваад хагалж амсаад өгүүлрүүн: - эхнэр танай энэ архи мах нь ямар усаар найруулсан архи, ямар амьтны мах буюу хэмээсэнд тэр эхнэр өгүүлрүүн: - архи нь энэ хойд нуурын ус хольсон архи, мах болбоос үхэр хонины мах хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - би сонсвол, Ши Зи По уулын замд хорт архи, хүний махаар үйлдсэн мантуу бий. Үүнээс хүн идэж ууж үл болмуй. Тарган махыг мантуу жигнэх, хар махыг усны загасан өгөх хэмээн сонслоо хэмээхэд тэр эхнэр өгүүлрүүн: - эрхэм гийчин та нар нь зам зүдэрсэн тул энэ шөнө манай гэрт өнжиж, маргааш явбаас зохимуй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - тийм бөгөөс танай гэрт хонох билээ хэмээгээд бас нэгэн мантуу авч хагалан үзвээс түүний дотор хүний бэлгийн үс мэт хэдэн хялгас гарахуйд Ү Сун өгүүлрүүн: - эхнэр чиний энэ мантуу хэрхэвч хүний мах билээ хэмээх зэрэг хошигнон наадаж хэлсэнд, эхнэр ийн сэтгэрүүн: - зам явж цөлөгдөх хулгай болоод надаар тоглон наадах нь үлгэрлэвээс ноцоосон зулд нисэн ирж орох эрвээхий адил миний гэрт үхэхээ үл мэдэх нь энэ бүлгээ хэмээн бодоод хуурмагаар өгүүлрүүн: - эрхэм зочид мах будаа үл идэх ахул архийг үлэмжхэн зоогловоос ямар хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - эхнэр чи нь ийм аглаг газар ганцаар суудаг буюу. Чи гэрийн эзэн буй уу хэмээхэд эхнэр өгүүлрүүн: - миний гэрийн эзэн гадагш гарч, худалдаа хийхээр явсан хэмээгээд архи барьсанд, Ү Сун өгүүлрүүн: - эхнэр энэ архи муу архи амтгүй, үүнээс илүү сайн архи байна уу хэмээсэнд эхнэр өгүүлрүүн: - үүнээс сайн архи бий. Гагцхүү өнгө нь муу хэмээхэд Ү Сун: - тийм бөгөөс сайн, тэр өнгө муу архи авчрагтун, бас хэдэн жин мах авчрагтун хэмээсэнд, эхнэр баярлан яаран дотор байшиндаа орж, хорт авчран халааж, тэр гуравт барьсныг хоёр цэргийн хүн авч яаран уув. Ү Сун учир нь мэдээд эхнэрт ийн өгүүлрүүн: - эхнэр чи хэдэн жин мах авчрагтун, бид махыг архи лугаа хольж уумуй хэмээгч эхнэр гарч мах авчиръя хэмээн гарав. Ү Сун энэ чөлөөнд тэр архийг нэгэн газар асгаж, уусан мэт үнэхээр сайн архи хэмээн эхнэрт магтан байтал хоёр цэргийн хүний дотор нь тэнгэр хүрчигнэм дуу гарах, газар хагарах адил болж муужран унав. Ү Сун архи уусангүй атал яахин муужран унах буюу худлаар муужран унаж, ширээний доор хэвтсэнд эхнэр хоёр хүн дуудаж, энэ үхсэн гурван хүний махыг байшинд аваачиж, махыг шулагтун хэмээн өгүүлсэнд хоёр хүн тэд нарыг аваачих хэмээн дамжилваас Ү Сун мянган жин шахам хүнд тул даасангүй. Гагцхүү цэргийн хүнийг аваачаад махыг шулав.

Тэндээс эхнэр өөрийн бие хөдөлж, Ү Сунг үүрэх хэмээн боссонд Ү Сун даруй босон ирж, тэр эхнэрийг тэврэн авч газар унагаагаад дээрээс нь дарсанд тэр эхнэр Ү Сунг яахин дийлмүй. Гагцхүү доор нь дарагдаж амийг тэмцээд, гахай алах мэт хашхиран бахирахад гаднаас мөнөө түлээ үүрсэн хүн ирж, ийн өгүүлрүүн: - эрхэм авгай та аль газрын хүн, нэр овог хэн гэдэг, хааш очихоор яваа зэргийг асуусанд Ү Сун өгүүлрүүн: -би Жин Ян Ган хэмээх уулын барсыг алсан Ү Ду Тоу Ү Сун хэмээгч би. Уг нутаг Чин Хө Сянь хэмээх газрын хүн хэмээн хийсэн хэргээ хэлж дуусгасанд тэр хүн газар сөгдөн ийн өгүүлрүүн: - эрхэм ах та өчүүхэн хүний хэргийн амийг уучлан өршөөж тавигтун. Аажмаар учраа айлтгая. Таны их алдарыг би хэдийнэ сонссон хэмээн мөргөхөд Ү Сун тэр хүнийг үзвээс мөн нэгэн сайн эр байдалтай. Биендээ цагаан цамц, хөх өмд, хөлдөө өвсний шаахай өмссөн хүн. Үүнд Ү Сун тэр хүний үгийг дагаж, эхнэрийг тавьсанд тэр хүн ширээ засан архи бэлтгэж, Ү Сунд барьсанд Ү Сун өгүүлрүүн: - эрхэм дүүгийн бие байдлыг үзвээс мөн ч нэгэн сайн эр бололтой. Нэр овог чинь хэн, ямар газрын хүн, яахин энэ хаалган ууланд суудаг хэмээн асуухад, тэр хүн өгүүлрүүн: - дүүгийн нэр Жан Чин, уг нутаг энэ өмнө асан, нутагтаа байхад Гуан Мин Сы хэмээх сүмийн ойр сууж, ногоо тарьж амь зуудаг билээ. Гэтэл тэр сүмийн хэдэн хуушаантай сэтгэл эвдэрч, тэднийг алаад, сүмийг хуушаан нарын хүүртэй гал тавьж, энд оргон ирж, зам тосон дээрэм хийж, хүн алаад махаар мантуу жигнэж, амь зуудаг болов. Өчүүхэн дүү энэ өдөр хотод орж, архи наймаалан авч ирэх замд нэгэн үл таних өвгөн тохиолдож, түүний дамнасан юмыг дээрэмдэх хэмээн түүн лүгээ ноцолдвоос тэр мөн сайн эр тул хэн хэнээ дийлсэнгүй. Түүнийг хотод хүргэж ирэв. Эдүгээ энд сууж ийн ажил хийж, амь зуумуй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - чиний энэ эхнэрийн нэр овог хэн, үүний нэр нь Сунь Эл Нян хэмээмүй. Эцэг нь үүнд элдэв увдис зааж өгсөн шид ба хүндлэн хүн. Үүнийг Мү Еэ Ча хэмээх цол өгчээ. Өчүүхэн дүү энэ эхнэрийн бахирах чимээг сонсоод орж үзвээс эрхэм ахыг энэ эм таньсангүй ийм хэрэг болов. Түүний гадна би энэ эмд гурван зүйлийн хүнийг хорлож болохгүй хэмээн өдөр бүр захидаг. Гурван зүйл аль буй хэмээвээс бадар барьж гэрээс гарсан тойн хуврагийг хорлож болохгүй, тэр нь ертөнцөөс гарагсад. Хоёр нь сая тэнгэр цочих, газар хөдөлгөх хүнийг заяатай хорлосонгүй, энэ хүн Янь Ань Фү хотын Лао Жун Жин Лүэ Шян Гүнгийн яамны тэргүүлэгч дарга, нэр нь Лу Да, гурав нь Жэн Гуань Шиг гурав нударгалж алаад Ү Тай Шань ууланд ороод үсийг нь гаргаж хуварга болов. Түүний өмссөн нь их гоёлог цэцэг навчаар чиммүй. Үүнийг хүн бүр Хуа хуушаан Лу Жы Шэнь хэмээх цол өгчээ. Энэ хүнийг хорт эмийг архинд хольж мөн амийг бүрэлгээд махыг нь шулах хэмээж байтал би орж ирээд үзвээс түүний гарт барьсан шийдэм нь төмөр хүнд нь жаран жин байх тул сайн эрийн амь бие хөөрхий хэмээж, архи хорыг арилгах хэмээн эм цутгаж өгөөд, сэхээрэн авч, тэнгэрт мөргөн, хүж барьж ах дүү бололцов.

Тэндээс тэр ах Эл Лун Шань уулын Бао Жү Сы хэмээх сүмийн Чин Мянь Шөү Ян Жы хэмээгч хүнтэй тэр уулыг эзэлж, тэндээс тэнд суугаад өчүүхэн миний биеийг хэдэн удаа дуудуулан, захиа илгээсэн нь миний бие очих аргагүй хэмээхэд Ү Сун өгүүлрүүн: - би бас энэ хоёрыг уул эзэлж суув хэмээн дам хүнээс сонссон билээ хэмээхэд Жан Чин өгүүлрүүн: - гагцхүү энэ хуушааны амь хөөрхий болжээ. Түүний бие өндөр нь найман чи мөн нэгэн сайн эр бололтой. Гагцхүү би хожим ирж, тэр урьд хорлогдсон тул эмнэх аргагүй, махыг нь шулж худалдсан. Түүний биед өмсөж явсан хуушаан малгай, гэрээс гарсан бичиг цөм энд буй. Бас таван зүйлийн эдлэлээр үйлдсэн хоёр их сэлэм, хүний гавлаар үйлдсэн зуун найман тоотой эрхи энэ хоёр цөм чухам эрхэм юм, олдох нь үгүй. Түүний гадна энэ хоёр сэлмээс шөнө бүр их дуу гарах бөгөөд үүнд өчүүхэн би энэ хэр түүний хорлогдсон амь хөөрхий хэмээн өдөр шөнийн бодлого санаанаас гарахыг байв. Үүнийг үл өгүүлэн, өгүүлэх нь: аливаа газрын фү жоуд суудаг дууч эмсийн амийг хордож болохгүй. Тэд нар болбоос зочид гийчдийн өмнө хойно гуйж, элдвээр аргалан амь зуудаг эмс бүлгээ. Тэдэнд яахин зоос мөнгө олдох буюу. Тиймийн тул тэднийг хорлож үл болмуй. Сайн эрийн алдарт муу. Гурван зүйл нь ялтан хүнийг хорлож болохгүй. Ялтны дотор сайн эр бас бий хэмээн машид захьсан нь миний үгэнд эс оров. Харин зол заяагаар ахын амийг хорлосонгүйд маш их баяр болов хэмээлцсэнд Мү Е Ча инээн өгүүлрүүн: - би нь чухамдаа энэ авгайг хорлоё хэмээсэн санаа үгүй. Харин элдэв самуун үг хэлж, элэг доог үзсэн үүнийг хорлох хэмээн хортой архи өгсөн нь үнэн хэмээхэд Жан Чин өгүүлрүүн: - энэ нь нэгэнтээ амь гарсан хэрэг. Гагцхүү хоёр албаны хүн хөөрхий. Эрхэм нөхөр минь дагуулан явсан хоёр хүний амийг аварч болох буюу хэмээгээд хоёр яа игийн дэргэд очиж үзвээс тэр хоёр үхсэн тул амийг аврах аргагүй. Тэр байшинд агуулсан хүний арьс махыг дүүжилсэн нь ихийг үзээд хоёр албаны хүн нэгэнт хордогдож үхэв хэмээн сэтгэж, нэлээд санаа зовж байтал Жан Чин өгүүлрүүн: - Ү Сун Дү Тоу одоо ял хийж цөлөгдөхөөр хүргэгдэн яваа нь тэр газар хүрвээс амар амь гарах нь бэрх. Гагцхүү миний үгийг дагаваас надад хэлэх нэгэн үг буй хэмээхэд Ү Сун маш баярлан байхад, Жан Чин архи бэлтгэж Ү Сунгээс асууруун: - ах та ямар хэрэг хийж, яахин цөлөгдөх ял олов хэмээн асуусанд Ү Сун ах Ү Да Ланг хорт эм Пань Жин Лянь, Ван По эмгэн хоёр хорлож алаад, Ши Мэнь Чин Пань Жин Ляньтай сэтгэл нэгдэж, янаг амраг болсонд Ши Мэнь Чинг бэргэн Пань Жин Ляньтай алсан учирт хоёр мянган газар цөлөгдөхөөр яваа учраа нэгд нэгээр хэлээд жанчингээс хэлэх үгийг асуув. Энэ Жан Чин Ү Сун хоёр юу хэлэлцэх, Жан Чин юу хэлэхийг хойд бүлэгт үзэгтүн.Ү Сунгийн Мэн Жоу хотод очиж, яахин түйвүүлэх, Ань Пин Жай хотын хүн магтсан нь үлгэрлэвээс зааныг нударгалж алаад чирэн хаях, лууг нэгэн гараар хөтлөх, барсыг үхэр мэт алах тийм их хүчтэй хэмээн магтав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top