ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭ КРИТИК УТГАНДАА ОЙРТОХ ҮЕД
ЗАРИМ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын Засгийн газар коронавируст цар тахлын улмаас хэрэглээний цахилгаан, дулаан болон холбогдох бусад зардлыг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ бодит байдалтай хэр зэрэг уялдсан, түүнчлэн физик, технологийн салбарын нөхцөл байдлын талаар Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн захирал, доктор (PhD) П.Алтанцогтой ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар ярилцлагаа эхлэе. Коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас ахуйн хэрэглээний төлбөртэй холбоотойгоор хэд, хэдэн шийдвэр гаргасан. Шийдвэрүүдийн дотор 100 метр квадтрат хүртэлх байрны хэрэглээний цахилгаан, дулааны үнийг хөнгөлсөн. Эрчим хүчний хувьд хойд хөршөөсөө хараат явж ирсэн Монгол Улсад энэ шийдвэр хэрхэн нөлөөлөх вэ?
Эрчим хүчний хувьд хойд хөршөөсөө эрчим хүч импортлож ирсэн. Бидний хувьд оргил ачааллын үед ялангуяа хахир өвлийн цагт орос улсаас цахилгаан импортлох шаардлага гардаг. Энэ хүнд цагт хүндхэн шийдвэр гаргах шаардлага байсан байх. Ер нь өргөн хүрээгээр нь авч үзвэл олон зөв шийдлүүдэээс цахилгааны хөлсийг Засгийн газраас даасан асуудал чухал юм. Энэ бол хамгийн олон гэр бүлд, олон жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид туссан, нөлөөлсөн хэмжээгээрээ хамгийн том зөв шийдэл байсан байх.
Харин энэ шийдвэрийн дараагийн эхний өдөр цочмог хариу үзэгдэл эффект гарсан. Бидний цахилгааны хэрэглээ гэнэт хэт ихсэж хүндрэл учирсан. Олон хүн цахилгаан халаагуур хэрэглэж цахилгаан их хэмжээгээр импортлох шаардлага гарсан. Энэ нь бидэнд цахилгаан үйлдвэрлэл хэрэгцээнээсээ дутмаг, дулаалга муу байгааг харуулдаг юм.
-Засгийн газрын шийдвэр долоодугаар сар хүртэл үргэлжилнэ. Монгол Улс энэ хооронд эрчим хүчний хэрэглээний эрэлтээ хангаж чадах уу?
-Энэ хүндрэлийг хэрхэн давах вэ, хэрхэн хэвийн амьралдаа хурдан орох вэ гэдэгт бүгд санаа тавьж ажиллаж, амьдарвал чадах байх, давах байх. Нэг талаасаа бус бүх талаасаа зүтгэж л давна. Нарийн тоо, тооцоо шууд хэлж амжихгүй байна. Мэдээгээр цахилгааны диспетчерийн танилцуулгыг үзэж байхад критик утгандаа ойртох үе гарах юм. Ядаж тэр үед нь хэрэглээгээ зарим нь унтраах арга хэмжээ авах нь чухал. Одоо бид дөрвөн есөө өнгөртөл ухаалаг байвал ачаалал багасна. Тэгвэл долоодугаар сар хүртэл эрэлтээ хангахад ойртоно.
-Энэ шийдвэрийг гаргахад Засгийн газрын зүгээс энэ эрдэмтдийн үгийг сонссон уу?
-Би энэ салбарын чиглэлийн эрдэмтдийн үгийг сонссон гэж найдаж байна.
-Цахилгаан, дулааны үнийг тэглэх нь нэг хэрэг. Харин Улаанбаатар хотод байдаг хуучны орон сууцны асуудал өөр хэрэг. Хуучин орон сууцны тухайд дулаан алдагдлыг хэрхэн шийдэж болох вэ?
-Энэ бол хамгийн чухал асуудал болоод байгаа. Хамгийн зөв асуулт асуулаа гэж баярлаж байна. Бид үүнийг үргэлж ярьж, шат болгонд хэлж танилцуулдаг юм. Засгийн газрын шийдвэр гарсан өдөр түүний маргаашийн цахилгаан хэрэглээ нь бидэнд цахилгаан үйлдвэрлэл хэрэгцээнээсээ дутмаг, дулаалга муу байгааг харуулдаг юм. Бидний хамгийн том хөрөнгө алдалт бол хахир өвлөө давах асуудал болдог. Энэ чиглэлд төр, Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг жилээс жилд өргөжүүлж ажиллах хэрэгтэй болдог. Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг зогсоож хотын агаарын бохирдолтыг сүүлийн жил хэрхэн багасгасныг бид бүгд харж байгаа. Энэ цахилгаан үйлдвэрлэл, сайжруулсан нүүрсний хэрэглээ бол мөн л салшгүй асуудал юм. Энэ асуудлуудтай холбоотой ажлыг мөн Физик, технологийн хүрээлэн хийдэг юм. Манай хүрээлэнгийн судлаачид хаягдал шилээр хөөсөн шил гарган авч байшин барилга, монгол гэрийн дулаан алдалтыг ихээхэн хэмжээгээр багасгах ажил хийгээд байна. Энэ нь хаягдал шилийг талх мэт хөөлгөн, манайд барилга барьж байгаа цагаан блокноос 3-5 дахин хөнгөн, дулаан алдалтаараа түүнээс 3-5 дахин бага, одоо барилга дулаалж байгаа цагаан хөөс шиг материал гарган авна гэсэн үг юм. Энэ нь шил учраас галд, мэрэгч амьтан, химийн бодисонд аюулгүй. Ийм материал манай оронд гарган авах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Ингэснээр их хэмжээний цахилгаан, хөрөнгө хэмнэх билээ. Хагас жилд сайжруулсан нүүрсний үйлдвэр барьсан сайхан жишээ байна.
-Танай хүрээлэн шилэн хөөсний судалгаагаар багагүй амжилт гаргасан. Энэ амжилтыг төр болон нийслэл хотын удирдлагууд хэр зэрэг тоов. Шинжлэх ухааны ололтыг хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр хэрхэн хамтран ажилласан бэ?
-Бид энэ төслийг хэрэглээнд оруулахаар 5-6 жил ажиллаж байна. Одоогоор амжилтад хүрээгүй л байна. Салбар яам дэмжиж байгаа. Мөн нийслэл хотын удирдлага, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, асуудлаа дэвшүүлээд байгаа. Энэ технологи бол хөрсөнд 1000 жил болдог бохирдуулагч шилийг устган ашиглаж байгаагаараа ногоон технологи юм. Европын ихэнх улсуудад Байгаль орчны яам нь ихээхэн татаас өгч дэмждэг. Хувийн хэвшлийн хэд хэдэн компанитай уулзсан.
-Шинжлэх ухааны салбар тэр дундаа физик технологийн хүрээлэнгийн ололт амжилт нийгэмд багагүй жин дардаг. Гаднын жишгийг харахад ч ийм байдаг. Өнгөрсөн хугацаанд физик, технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаа хэр хэмжээнд явж ирсэн бэ?
-Манай хүрээлэн онол, их энерги, материал судлал, биофизик, технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлүүдээр суурь болон хэрэглээний судалгааг хөгжүүлж ирсэн. Орчин үеийн физикийн чиглэлүүд болох квант орны онол, эгэл бөөмс болон цөмүүдийн харилцан үйлчлэл, нано хэмжээст материалын кристал ба соронзон бүтэц, фазын шилжилт, биофизикийн статистик онол, уургийн молекулын бүтэц байгууламж, компьютерын загварчлал зэрэг шинэ мэдлэг буй болгох онолын судалгааны зэрэгцээ уламжлалт болон орчин үеийн технологийг хослуулан онцгой шинж чанар бүхий материал гарган авах, техник технологийн өндөр үр ашигтай хувилбар сонгон нэвтрүүлэх зэргээр оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгоход чиглэсэн олон төрлийн судалгааг явуулж байна.
-Танай хүрээлэн гарааны бизнесээр дамжуулан зах зээл дээр гарах тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ. Энэ чиглэлээр гарааны компани байгуулсан уу?
-Манай хүрээлэн энэ чиглэлээрээ гарааны компани байгуулсан ч үйлдвэрлэл болоогүй л байна.
-Орчин цагийн компаниуд технократ байх шаардлага зайлшгүй гарч ирлээ. Харин манай нөхцөлд компаниуд шинжлэх ухааны ололтыг хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр хэрхэн анхаарч ирсэн бэ?
-Тиймээ, шинжлэх ухаан технологийн салбарын хурдацтай хөгжлийн үед компаниуд цаг алдалгүй шинэ технологи, дэвшилтэт материалыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх, шинэ төрлийн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардах болсон. Төр засаг ч бас шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж өгөхөөр ажиллаж байна. Харин энэ асуудалд удаашралтай хандаж байна гэж боддог. 2012 онд Инновацийн тухай хуулийг баталсан бол 2019 онд нэмэлт хэд хэдэн өөрчлөлтийг нэмж тусган хуульчилж өгсөн. 2012 онд батлагдсан хуулийн дараа байгуулагдсан анхны гарааны компанийн нэг энэ хуулинд долоон жилийн дараа өөрчлөлт ороход хөдлөх боломж байсангүй. Одоо Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Инноваци технологийн газар байгуулагдаж Шинжлэх ухааны академид бий болсон технологи, оюуны өмчөөс гадна бусад эрдэм шинжилгээний байгууллага, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хувь хүн бүтээсэн, хөгжүүлсэн технологийг дамжуулах, эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч манайд өгсөн ярилцлагадаа “бизнес нь шинжлэх ухааны салбарт, шинжлэх ухааны салбар нь бизнест итгэхгүй байсаар ирсэн” гэж хэлж байсан. Үүнтэй та хэр зэрэг санал нийлэх вэ?
-Бизнес гэдгийг өргөн утгаар нь ойлгох хэрэгтэй. Бид эхлээд энэ үгийг хэтрүүлж хэлбэл наймаа гэж ойлгож байлаа. Үйлдвэрлэл үүсэж байж л шинжлэх ухаантай холбогдоно, шинжлэх ухааныг хэрэглэж байж л бизнес хөгжинө. Ерөнхийлөгчтэй би санал нэг байна. Шинжлэх ухааныг хэрэглэсэн үйлдвэрлэл босно, тэр л бизнес цэцэглэнэ. Манайд шинжлэх ухаанд итгэж хөрөнгө оруулж байгаа бизнесмен одоо л бий болох гээд байгаа биз дээ. Шинжлэх ухаанд итгэсэн бизнест л шинжлэх ухаан итгэж үр дүнд хүрнэ.
-Одоогоос хоёр жилийн өмнө физик, технологийн хүрээлэн литийн йон батарей хөгжүүлж байгаа тухай сурвалжилж байлаа. Энэ ажлын үр дүн ямар хэмжээнд байгаа вэ?
-Литийн йоны батарейн төсөл дууссан ч бид электродын материалын судалгааг үргэлжлүүлэн явуулж байна. Ер нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, хураах төхөөрөмжийн хувьд хэрэглэгчийн шаардлагыг хангасан, төгс шийдэл одоогоор гараагүй. Том, жижиг ямар ч төрлийн батарейн хувьд цэнэгээ удаан барьдаг, хурдан цэнэг авдаг, найдвартай ажиллагаа хангасан зэрэг хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангасан байх электрохимийн систем, түүн дотроос электродын шинэ, өвөрмөц материалын судалгаа дэлхийн олон оронд эрчимтэй явагдаж байгааг хэлэх нь зүйтэй байх. Бидний хувьд лабораторийн хүчин чадалд тохирсон литийн йоны дахин цэнэглэгддэг батарейг өөрсдийн гарган авсан электродын материалаар хийсэн. Гарган авсан дахин цэнэглэгддэг литийн товчин батарейн хүчдэл нь 3.7-3.9 В, багтаамж нь 30-40 мА цаг байгаа нь энэ төрлийн худалдаанд гарсан батарейтэй ижил техникийн үзүүлэлттэй бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд байгаа юм. Тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлж чадвал хуруу зай, хавтгай зайг хийж, угсарч болно.
-Танай хүрээлэн олон судалгаа хийдэг. Дээрх судалгаануудын дотор устөрөгчөөр ажилладаг автомашинд зориулсан цахилгаан үйлдвэрлэх судалгаа анхаарал ихээр татдаг. Энэ судалгааныхаа талаар дэлгэрэнгүй хуваалцаач...?
-Устөрөгчөөр ажилладаг машины цахилгаан моторыг “түлшний элемент” гэдэг. Түлшний элемент нь нэг талаас батарейтай ижил химийн урвалын энергийг цахилгаан энергид хувиргах төхөөрөмж боловч, гаднаас устөрөгчийг түлш болгодгоороо ялгаатай. Бидний хувьд автомашинд зориулсан буюу нам температурын түлшний элементийн катализаторыг гарган авч, лабораторийн загвар дээр ажиллуулан судалдаг. Түлшний элементийн хувьд ч бас дэлхийд судалгаа шинжилгээний ажил үргэлжлэн явагдаж байгаа. Ялангуяа автомашин үйлдвэрлэгч том компаниудын хувьд өрсөлдөөн их байдаг тул энэ судалгаан дээр хөрөнгө оруулалт харьцангуй их байдаг. Батарейн хувьд ч тэр, түлшний элементийн хувьд ч тэр бидний судалгаа бол эдгээрийг бүрдүүлэгч хэсгүүдийн нэг деталийг авч үзэн, түүний бүтэц, шинж чанар, зүй тогтлыг судалж байгаа юм. Бидний судалгаан дээр үндэслэн үйлдвэр, практикт нэвтрэх, массаар үйлдвэрлэх зэрэг нь дараагийн асуудал болно байх.
-Физик, технологийн хүрээлэн ч гэлтгүй Монгол Улсын шинжлэх ухааны салбарт онолын талын судалгаа давамгайлж ирсэн. Судалгааны үр дүнгээр ч бүс нутагтаа дээгүүрт ордог. Харин онолын судалгааг хэрхэн хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр бодитой санал санаачилга бий юу?
-Маш товчхон хариулахад онолын судалгаа болгоноос тэр дор нь хэрэглээ шаардах хэцүү. Олон жилийн дараа хэрэглээ болж болно. Шууд биш гэхэд нөгөө онолынхоо ажилтай хавсран хэрэглээ болж болно. Гэхдээ л шинжлэх ухаанд хийсэн нэг төгрөг арван төгрөг болж ирдэг гэж том бизнесүүд хэлдэг биз дээ. Өнөөдрийн бидний хэрэглэж буй бүх зүйл шинжлэх ухааны онолын судалгаанд тулгуурлаж зохион бүтээгдэж байдаг. Өмнө дурдсан литийн йоны батарей, хөөсөн шилэн бүтээгдэхүүнүүд бол материал судлаачдын суурь судалгааны үр дүн дээр боссон инновацийн бүтээгдэхүүнүүд юм. Сэргээгдэх эрчим хүчний тал дээр ч гэсэн онолын судалгаа тооцооны үр дүн дээр хэмжилт, туршилт явуулж өнөөдөр дулааны алдагдлын загварчлал, монгол орны нарны эрчим хүчний тооцоо загварчлалыг гаргаж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангаж байна.
-Шинжлэх ухааны салбар гэлтгүй монголын нийгмийн бүхий л салбарт хүн хүчний нөөц, бололцоо тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. Физик, технологийн хүрээлэнгийн хувьд боловсон хүчний нөөц хэр зэрэг байдаг вэ?
-Хүндхэн асуудал болох гээд байгаагийн нэг. Физик, технологийн мэргэжил сурах оюутан цөөрөөд байна. Залуучууд маань халширалгүй, сонирхож эзэмших байхаа.
-Физик, технологийн хүрээлэнд судалгааны техник, технологийн шинэчлэл хэр зэрэг хийгдсэн бэ?
-Томхон багаж төхөөрөмж бол 2007 оноос хойш хөрөнгө оруулалтаар ирээгүй. Лабораторийн хэмжээнд багаж төхөөрөмж бол сүүлийн 10 жилд гадаад, дотоодын төслийн санхүүжилтээр хэд хэдэн лаборатори, багаж авч байна.
-Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухааны салбарт илүүтэй анхаарна гэдгээ зарлалаа. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн цогцолборын шавыг тавилаа. Хүрээлэнгүүд нэг дороо байхын ач холбогдол нь юу юм бэ?
-Энэ бол зөвхөн нэг дороо байх тухай асуудал биш. Лабораторийн өрөө тасалгаа ямар байх шаардлагатай, ямар багажид ямар шаардлага тавигдах ёстой юм гээд анхаарах зүйл их бий. Төр засаг шинжлэх ухаанд анхаарал тавьж, шинжлэх ухаанч шийдвэр гаргаж байж л улс орон хөгжинө. Нөгөө талаас орчин үед шинжлэх ухааны салбар дундын судалгаанууд эрчимтэй хөгжиж байна. Үүний жишгээр манай хүрээлэн дээр хими, биологи, физик зэрэг салбар дундын судалгааны ажлууд явагдаж байна. Тэгвэл шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер байгуулснаар хүрээлэнгүүд маань материаллаг баазаа нэгтгэн ашиглаж, судалгааны одоогийн түвшинг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийг хурдасгахад чухал ач холбогдолтой болох байх гэж найдаж байгаа.
-Ирэх жил Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний 100 жилийн тэгш ой тохионо. Физик, технологийн хүрээлэн энэ ойг угтаж ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Ирэх жил олон тэгш ой тохионо. Таны хэлснээс гадна Шинжлэх ухааны академийн 60 жил, манай хүрээлэнгийн 60 жил зэрэг ой тохионо. Төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж тэгш ойдоо бэлэг барина.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Үнэндээ 5-6 жил хөөцөлдөөд хэрэглээнд нэвтрүүлж чадаагүй бол муу байна. Хөөцөлдсөн гэж худлаа ярьж байгаа хэрэг. Хөөцөлдсөн нэрээс цаашгүй. Тэгээд ч хэрэглэгчдэд хэр тоогдох юм бол доо.
судалж байна судалж бна гэсээр л дэлхийн хөгжлөөс хоцордог. Нэг л их судалсан хүмүүс. Хэзээ ч юм хийхгүй худлаа л амаараа том том баана.
ярьдаг бус хийдэг шинжлэх ухаанд мөнгө хаямаар бна
Бид уг нь нүүрсний нөөцтөй улс одоо энэ боломжоо ашиглаж цахилгаан үйлдвэрлэж авдаг биш гаргадаг улс баймаар гэтэл чадахгүй байна хэдэн жилийн дара нүүрсийг түлүүлэхгүй болж мэднэ
Манайхны үндэстний сэтгэлгээнд ихээхэн асуудал байна. Монголд нэг үйлдвэрлэл бий болгох талаар ярихдаа бараг л шинжлэх ухааны нээлт шиг юм болгон зарладаг. Нөгөөх нь их л сайндаа аль эрт хэрэглээнд нэвтэрсэн, хятадаас оруулж ирэх нэг хямдхан технологи л болж шувтардаг. Маркетингийн нэг арга юмуу хаашаа юм. Анхнаас нь сүр дуулиан болголгүй хувийн хэвшлээр дамжуулан үйлдвэрүүдийг хөгжүүлэх тухай асуудлыг бодлогын түвшинд тавих цаг болжээ.