Тамга ч яахав, намаа гэсэн С.Эрдэнийг буруутгах аргагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 26

Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдал улам хурцдаж, энэ намыг ор сураггүй болоход ч хүргэх хандлага байна. Тодорхой шийдэлд хүрэхгүй бол Ардчилсан намын төлөө итгэл үнэмшлээ өгсөн мянга мянган иргэдийн сэтгэл юу ч үгүй үлдэнэ. Нам хэмээх байгууллага нь ялалтын төлөө, итгэл үнэмшлээ өгсөн иргэдийн сэтгэл дээр 100 хувь тогтдог. Хамгийн ноцтой нь энэ бүгдээ аажмаар алдаж байгаа байгууллагад үнэнч нөхөд алга, бүгд л өчүүхэн эрх ашгийн төлөө амьдарч ирсэн нь Ардчилсан намыг ийм байдалд хүргэв. Энд итгэл үнэмшлээ өгсөн эгэл жирийн гишүүд биш, тодорхой эрх мэдлийн төлөө явсан нөхөд л хамаатай гэдгийг дуулгах учиртай. Тухайлбал, Л.Болд, Ж..Батзандан гээд дурдвал цөөнгүй нөхөд энэ намыг унахад хамгийн том нөлөөлөл үзүүлсэн. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч үүнд хамаарна.

С.Эрдэнэ АН-ын даргаар ажиллахдаа намын суурь үзлийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн гэж болно. УИХ-ын гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар шууд л эрх баригчдын талд үйлчилж байсан учраас тэрээр намын дүрмийн дагуу арга хэмжээ авсан.

С.Эрдэнээс өөр хүн байсан бол ямар нэгэн аргаар хоёр урвагчаа тогтоон үлдээж болох байв. Гэтэл тэр тэгсэнгүй. Улс төрийн тоглолт хийнэ гэвэл С.Эрдэнэд боломж байсан. Эрх баригч намын даргатай тохиролцоход л болчих асуудал байв. Магадгүй тийм хүлээлт ч эрх баригч намын талаас байсан ч тэрээр зөвхөн үнэт зүйл дээр бат зогсож чадсныг өнөөдрийн улс төр харуулна. Намын үнэт зүйл ердөө л энэ. Намын гишүүн, дарга байхын хамгийн том шалтгаан энэ юм. Өнөөдөр С.Эрдэнэ Ардчилсан намын тамга тэмдгийн асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаад байгаа нь ч зүй ёсны хэрэг. Хүн бүхэн өөрсдийн эрх ашгийн төлөө нүүр буруулж байхад ганцаараа энэ үзэл бодолдоо бат зогсож байгааг харуулна.    

Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд АН ялагдал хүлээж намын тамга тэмдгийг С.Эрдэнэ өөрийн биеэр УИХ-ын гишүүн Ц.Туваанд гардуулан өгсөн. Тэгвэл энэ сарын 18, 19-нд АН Их хурлаа цахимаар хийж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулахаар болсон. Харин хоёр өдөр дараалан хуралдахаар товлож байсан намын Их хурал Улаанбаатар хотод цар тахлын шинэ голомт илрэн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан Их хурлын төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу цагийн хуваариа сунгаж хуралдан, хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн юм. Энэ үйл явдлаас үл хамааран, Ардчилсан намд өөр төрлийн улс төр явж байна.

Болж өнгөрсөн Ардчилсан намын Их хурлаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан намын түр удирдлагын хувьд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, Их хурлаа зохион байгуулж байгаа хэмээсэн. Харин Ардчилсан намын өмнөх дарга С.Эрдэнэ Ц.Туваанаа дүрмийн бус зүйл хийж байгаа учраас түүний гаргасан шийдвэрүүд хүчингүй гэдгийг хэвлэл мэдээллээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл, үндсэн дүрмийн дагуу дараагийн даргыг тодруулахгүйгээр эхлээд дүрмээ өөрчилж байгаа нь өөрөө дүрэм зөрчсөн үйлдэл гэдгийг дуулгасан юм. Мөн тамга ашиглаж хүн томилох, сонгууль удирдах, товлосон хурлуудыг хойшлуулах зэргээр дүрмийн бус зүйл хийж байгаа учраас өөрөө албан ёсны даргын хувьд тамгаа шилжүүлэхийг тушаасан гэдгээ онцлон дурдсан.

Харин намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан бүх зүйл дүрмийн дагуу явагдаж байгаа туай өөрийн байр сууриа дурдсан.

Энэ тухай тодруулахад С.Эрдэнэ “Намынхаа Үндсэн дүрмийг барьж ажиллах нь Улс төрийн намын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүрэг. Үүнийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь дүрэмд заасан заалтуудаас харагдана. Нэгэнт дүрэм зөрчсөн учраас дүрмийн бус байна гэж хэлээд байгаа юм. Ц.Туваан гэдэг хүнд би түр эрх шилжүүлсэн. Би намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй” хэмээсэн. Үүнээс харахад нэгэнт дүрэм журам байгаа бол түүнийг мөрдөх үүрэг хариуцлага гарцаагүй бий. Цаашлуулж харахад дүрэмд зааснаар бол өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын  бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгааг харуулна.

Харин түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны хувьд “2020 оны сонгуулиар манай нам УИХ-д олонх болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох Намын дарга, Дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай. Тэгэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ процесс болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байнагэдгийг дурдсан. Өрнөж буй үйл явдлаас харахад намынхаа үнэт зүйл, ирээдүйг нь харсан С.Эрдэнийг буруутгах арга алга.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (59.153.115.200) 2020 оны 12 сарын 26

Юун их хурал, мурал вэ? Наад нам шуу юмаа татан буулгаад тарцгаагаачээ хогийн, хөгийн тантангуудаа!

0  |  0
зочин(203.91.112.133) 2020 оны 12 сарын 26

Эрдэнэ гэдэг хүн намаа гэж бодлоо юу, Энэ нам чинь хэдхэн хүний өмч биш биз дээ, одоо болимоор юмаа. Намаа жинхэнээсээ самарсан ш дээ, Мянга мянган гишүүд нь яах юм болж байна\n

0  |  0
Энхбат(192.82.75.219) 2020 оны 12 сарын 26

Эрдэнэ Миеэгийн даалгавраар АН-ыг өндийлгөхгүй байх үндсэн үүрэгтэй. Хаян ЭТТ-н захирал болсон нь ч үүнтэй хамаатай. Эрдэнийн улс төрийн кареер дууссан гэдгийг өөрөө ч саын мэдэж байгаа

0  |  0
Top