“КОВИД-19” цар тахалд цаламдуулсан нэг жил

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Жил жилийн ийм л өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага оны шилдгүүдийг зарлаж, онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг уламжлалтай. Гэвч энэ удаад оны шилдэг гэхээсээ илүү үйл явдлыг чухалчлан тоймлох өнцгийг барьж байна. Учир нь энэ жилийг бүтнээр нь аваад үзвэл эхнээсээ дуустал “Ковид-19” цар тахлын нөлөөнд өнгөрүүлжээ. Цагаан сар, Улсын наадам, УИХ-ын сонгууль, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль улмаар иргэдийн ажил амьжиргаа “донсолсон” эдгээртэй холбоотой төр засгаас гаргасан шийдвэрүүд гээд цар тахал нөлөөллөө үл үзүүлсэн зүйл байна гэж үү. Цар тахлын аюул эдийн засагт ч өөрийнхөө мөрийг үлдээлээ. Тиймээс “Өглөөний сонин” өнөө жил болж өнгөрсөн үйл явдлуудыг сар сараар нь тоймлон эргэн сануулж байгаа хэрэг. Дашрамд дурдахад, өдгөө хэдийгээр дотооддоо цар тахлыг алдсан байдалтай буй боловч Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд найман сарын хугацаанд цар тахлыг нэвтрүүлэлгүй тэсэж чадсан юм. Тус тахлын нэгдүгээр давлагааг нэр төртэй давж гарсан нь монголчууд бидэнд бас нэг бахархах түүх болон үлдэж ч болох билээ.


Нэгдүгээр сар

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЛЭЭ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны заагт ард түмэндээ хандаж шинэ жилийн үг хэлэхдээ “2020 онд Тэтгэврийн зээлийг тэглэнэ” хэмээн амалсан. Тэр нь ч дорхноо үйл явдал болж Засгийн газрын нэгдүгээр сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаас тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан юм. Улмаар нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг батлав. Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулсан байдаг. Ийнхүү тухайн үед 228.6 мянган тэтгэвэр авагчийн 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг тэглэсэн билээ. Түүнчлэн зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон юм. Тэр үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 1-нд гаргах тухай яригдаж байв.

Хоёрдугаар сар

УХАНЬ ХОТООС 31 ОЮУТНАА АВЧРАВ

Хятад улсын Ухань хотод коронавируст цар тахал дэгдэхтэй зэрэгцээд Монгол Улсын Засгийн газар Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлж байв. Улмаар хоёрдугаар сарын 1-нд Ухань хотод сурч байсан 31 оюутан "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт ирсэн юм.

ХЯТАД УЛСАД 30 МЯНГАН ХОНЬ ХАНДИВЛАЛАА

БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, хөл хорио тогтоосон хүнд, хэцүү үед нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр алба ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь бэлэглэж байгаа тухайгаа зарласан. Энэ явдал БНХАУ-д шуугиан тарьж, Монголын нэр хүндийг хэсэгтээ өргөөд авсан. Бэлтгэл ажил явагдсаар энэ оны аравдугаар сарын 22-нд Хятадын Засгийн газарт 30 мянган хонийг бүрэн хүлээлгэн өгөх ёслол Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон юм. БНХАУ-д хүлээлгэн өгсөн 30 мянган толгой хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авч бүрдүүлжээ. Хятадын тал Монголоос ирсэн хандивын хонийг нядалж “Монголоос ирсэн хандив” хэмээх шошготойгоор Ухань хотод цар тахлын үед ажилласан Хятадын өнцөг булан бүрт суугаа эмч, сувилагч нарт хайрцаглан илгээсэн байдаг.

ТЕЛЕ ХИЧЭЭЛД ШИЛЖИВ

Цар тахлын нөлөөллөөс үүдэн Монгол Улс хоёр Хятад улстай хилээ хаасан юм. Түүнчлэн улсын хэмжээнд Онц байдал зарласантай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд анх удаа хичээлийн хөтөлбөрийг теле хэлбэрээр хүргэж эхэлсэн билээ. Харин өнгөрсөн есдүгээр сараас өвчний байдал намжмал байгаатай холбоотойгоор танхимын сургалтад шилжсэн боловч Улсын онцгой комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг дахин эхлүүлээд байна.

Гуравдугаар сар

“АНХ-ОТГОН” ИЛЭРСЭН НЬ...

Монгол Улсад “Ковид-19”-ын анхны тохиолдол илэрснийг УОК өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд зарлаж байлаа. Тодруулбал, Москва-Улаанбаатарын онгоцоор гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэнээс вирус илэрч Дорноговь аймагт тусгаарлаж байв. Түүнтэй ойрын хавьталд байсан иргэдийг яаралтай тусгаарлаж, явсан газрын маршрутыг нь гаргаж зарлаж байсны үр дүнд тухайн голомттой холбоотой өөр тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тухайн үед УОК-оос аймаг, сумдаас хувийн тээврээр гарах, орох хөдөлгөөн, хот хоорондын нийтийн тээвэр, орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг долоо хоног зогсоож байсан юм.

Зургаадугаар сар

УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР МАН ДАХИН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХ БОЛОВ

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН дахин үнэмлэхүй ялалт байгууллаа. Тодруулбал, сонгуулийн дүнгээр парламентад МАН 62, Ардчилсан намаас 11, “Та бидний эвсэл”-ээс нэг, “Зөв хүн электорат” эвслээс нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн тус тус сонгогдсон юм. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байгаа юм. Эрх баригчдын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд суурилан “Хүчээ нэгтгэе” уриатайгаар сонгуульд оролцсон нь дэмжлэг авахад нэлээд түлхэц үзүүлсэн гэж судлаачид дүгнэсэн байдаг. Харин 2016 оны “даагаа нэхэж” товчхондоо саналын савалтаар амжилт үзүүлэх боломжтой хэмээн таамаглаж байсан АН-ын хувьд дотоод эв нэгдлээ бүрэн хангалгүй сонгуультай золгосон нь тааруухан үр дүн үзүүлсэн юм.

Долоодугаар сар

УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУД

Сонгууль дамнан болсон улстөрчидтэй холбоотой шүүх хурлууд долдугаар сард шийдвэрээ гаргаж шувтарсан гэхэд болно. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад долоодугаар сарын 6-нд анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь мөн зургаан сараар хасахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн долоодугаар сарын 7-нд анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баярт долоодугаар сарын 23-нд анхан шатны шүүхээс таван жилийн ял өгсөн. Мөн тухайн сарын 17-нд С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өндөрлөж С.Баярцогтод 10 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. 2020 он УИХ-ын сонгуульд Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Д.Ганболд нар нэр дэвшсэнээс Ж.Эрдэнэбат ялалт байгуулсан билээ. Тиймээс ч эдгээр улстөрчдийг “Улс төрийн хоригдлууд” гэх яриа ч гарсан байдаг.

ҮЗЭГЧГҮЙ НААДАМ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам мөн л цар тахлаас шалтгаалан энэ жил үзэгчгүйгээр зохион байгуулагдсан. Тодруулбал, Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун цогцолбор”-т зохион байгуулсан юм. Өнөө жилийн наадамд Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж улсын аварга цол хүртэв. Харин Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн. Гэвч наадмын дараагаас допингийн дуулиан дэгдэж аварга Н.Батсуурь ард түмнээсээ уучлал гуйсан юм. Эргэн сануулахад, үүний өмнөх наадамд түрүүлсэн аварга Э.Оюунболд ч мөн допингийн асуудал нь удтал хэл ам дагуулсаар энэ жилтэй золгоод байна.

У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДААРАА УЛИРАВ

Сонгуулийн дүнгээр олон болсон МАН У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираан томиллоо. Шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа бүрдүүлж, Ерөнхийлөгч, чуулганаар хэлэлцүүлж сайд нар долоодугаар сарын 8-нд тангаргаа өргөсөн юм. Засгийн газрын танхимд Ерөнхий сайдаас гадна ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл томилогдсоноос бусад нь бүгд мэргэжлийн салбарын, улс төрөөс ангид хүмүүс байсан гэдгээрээ онцлог болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа бүрдүүлснийхээ дараа чуулганд үг хэлэхдээ “Сайд нарт концесс, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлье. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана” хэмээж байв.

Наймдугаар сар

ЗАРИМ АЙМГУУДАД ГАН БОЛОВ

Өнгөрсөн зун улсын хэмжээнд хэд хэдэн аймагт ган болж малчдын амьжиргаа дордох нөхцөл бүрдсэн юм. Тодруулбал, холбогдох судалгаагаар ган болсны улмаас Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна. Эдгээр аймгуудад өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэл ч байгаа юм. Хамгийн харамсалтай нь, эдгээр ган болсон газрын мал махны үнэ эрс доройтож “Ямааг 20 мянган төгрөгөөр аваач” гэсэн ч авах газаргүй байгааг малчид хэлж байв. Ийнхүү өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор Засгийн газар энэ сарын 16-нд болсон ээлжит хурлаараа эдгээр газруудад улсын нөөцөөс үнэгүй өвс олгож, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон юм. Нийт 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3800 тн өвс, 1900 тн тэжээл олгож үнийн зөрүү болох 600 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байдаг. Түүнчлэн Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим сум, отрын малчдад зориулж ХХААХҮЯ-нд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтсон юм.

Есдүгээр сар

ИРГЭД АНХ УДАА УУЛ УУРХАЙГААС НОГДОЛ АШИГ ХҮРТЭВ

Улс төрийн сонгуулийн арга хэрэгсэл төдий үзэгдэж ирсэн Тавантолгойн 1072 хувьцаа амь орсон нь энэ жилийн онцлох үйл явдал байлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК дөрөвдүгээр сарын 24-ний өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2,512,768 иргэн өөрт ногдох нэгж хувьцаандаа 90 төгрөгийн ногдол ашгийг авах боломж бүрдсэн юм. Улмаар энэ ажлын бэлтгэл ажил явсаар есдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдийн дансанд ногдол ашиг шилжиж эхэлсэн юм. Ногдол ашгийн мөнгөнөөс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 10 хувийн татварыг суутган байршуулсан байна. 1072 хувьцаа нь бүтэн байгаа иргэд татварын 10 хувийг хасуулан 86832 төгрөг авсан. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 85 хувийг төр, үлдсэн хувийг аж ахуйн нэгжүүд, иргэд эзэмшдэг билээ.

Аравдугаар сар

УИХ-ААС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ ХОТЫН ДАРГА БОЛОВ

Аймаг, нийслэлийн 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр НИТХ-д Ардчилсан нам найман суудал авсан бол Хөдөлмөрийн үндэсний нам гурван суудалтай болсон юм. Харин үлдсэн суудалд нь МАН-ын төлөөлөгчид сонгогдов. Өөрөөр хэлбэл, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд Ардчилсан нам, ХҮН нам гэсэн сөрөг хүчинтэйгээр ирэх дөрвөн жилийг үдэхээр болсон. Сонгуулийн дараагаас “Хэн дараагийн хотын дарга болох вэ” гэдэг чимээгүй өрсөлдөөн нэг хэсэг явсан. Гэвч эцсийн дүнд МАН-аас нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Д.Сумъяабазарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж парламентын гишүүнээр сонгогдоод байлаа. Тиймээс тэрбээр хотын дарга болохын тулд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн анхны хүн болж байна.

Арваннэгдүгээр сар

ЦАР ТАХАЛ ДОТООДОД ДЭГДЭВ

Арваннэгдүгээр сарын 11-ний өглөө Улсын онцгой комисс “Ковид-19” цар тахал алдагдсантай холбоотойгоор мэдээлэл хийж Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн юм. Тодруулбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад орж дуусаад, гэртээ очсоны дараа дөрөв дэх хоног дээрээ коронавирусний халдвар авсан нь шинжилгээгээр илэрсэн байдаг. Тухайн үед монголчууд цар тахлыг хэдийн магтаж энгийн амьдралаар амьдарч байлаа. Тиймээс ч караоке, байрны орц, дэн буудал, сургуулийн орчин гээд шил шилээ даган халдвар гарсан мэдээлэл дуулдаж эхлэв. Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан, Архангайд ч халдварын байдал мэдрэгдэж иргэд түгшлээ. Үүнээс хойш Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаануудаас шил шилээ дарсан олон шийдвэр гарсан. Халдварын голомтуудыг илрүүлж аюулгүй болгох зорилгоор хөл хорио тогтоосон юм. Гэвч цаг хугацаа өнгөрөх хэрээр эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөл хориог сулруулахыг шаардах шаардлага олширч эхэлсэн. Ингээд энэ сарын 14-ний өдрөөс хөл хориог сулруулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байв. Гэтэл Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын голомт хурдтай тэлж байгаатай холбоотойгоор энэ сарын 21-нд Засгийн газар дахин 14 хоногоор хөл хориог сунгаад байна. Өчигдрийн байдлаар Монгол Улсад дотооддоо алдсан “Ковид-19” вирусний 656 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээрээс эдгэрсэн 711, эмчлүүлж байгаа 400 өвчтөн байгаа билээ.

Арванхоёрдугаар сар

ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ҮНИЙГ ТЭГЛЭЖ, САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮНИЙГ 75 ХУВИАР БУУРУУЛЛАА

Цар тахлыг дотооддоо алдсантай холбоотойгоор иргэдийн амьдралд бодитой сөрөг нөлөө үүсэж эхэлсэн юм. Ялангуяа өдрийн орлогоороо амьдардаг өрхүүдийн хоол хүнсний хэрэглээ тасалдах нөхцөл бий болж, ЖДҮ, үйлчилгээний төвүүд хаалгаа барихдаа тулсан. Засгийн газраас эмзэг давхаргын иргэдэд олгох хүнсний талоныг нэмэгдүүлэх, зарим төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч эхэлсэн. Гэхдээ хамгийн бодитой үр дүнтэй ажил нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний зардлыг ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл төр хариуцлах шийдвэр байлаа. Тодруулбал, энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газар зарим шийдвэр гаргасан юм. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэхдээ “Монгол Улсын хувьд олон хүнд нөхцөлтэй тулгарч, эдийн засаг маш хүнд байгаа. Засгийн газар хуралдаж, зарим нэг шийдвэрийг гаргалаа. Өмнө нь улсын түүхэнд гарч байгаагүй шийдвэр гэдгийг онцолъё. Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцна. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, криптовалюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бөөний болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид, интернет, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа есөөс бусад аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг төр хариуцна. Монгол Улсын бүх айлуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл бүх цахилгааны төлбөрийг тэглэж байна. 100 метр хүртэл метр квадраттай айл өрхийн арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл дулаан, ус, хогны мөнгийг тэглэж байна. Нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл буурууллаа” гэж байлаа. Энэ шийдвэр өдгөө хэрэгжээд явж байна. Сонирхуулахад, 123800 аж ахуй нэгж, 900 мянга гаруй айл өрхүүд хамрагдах бөгөөд тэглэсэн төлбөрүүдийн санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байгаа. Ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гарах аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.46) 2020 оны 12 сарын 28

Хуцаж байгаан шүү. Үхсэнийх нь улс төрийн хоригдол. Монголын баялгийг гадныханд зарсан хулгайчууд биздээ.

0  |  0
Top