Шүүхийн тухай хуулийн завсарлагыг АН-ын бүлгийн хүсэлтээр сунгалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 28

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.28) цахим хуралдаан 13 цаг  57 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг гурав хоногоор сунгах горимын санал гаргав. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Байнгын хорооны дарга  хуульд заасан эрхийн дагуу гурав хоногийн завсарлага өгсөн. Шинэ оны өмнө цаашлаад цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ийм чухал хуулийн төслийг хэлэлцэх нь зохимжгүй. Мөн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр Улсын Их Хурлын гишүүд, Ажлын хэсэг нэлээдгүй сайн ажиллаж 39 зүйл, 223 хэсэг заалтыг өөрчилж, 100 гаруй хэсэг, заалтыг шинээр нэмэх, зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэсэн байна. Гэхдээ УИХ хуулийн төсөл дээр дахин сайн ажиллаж, нягтлах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг үзсэнийг тодотгов. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацааг дахин 3 хоногоор сунгах тухайгаа мэдэгдлээ. 

Горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Бямбацогт нар үг хэлэв. Тухайлбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг 2020 оны 04 дүгээр сард шийдсэн. Ажлын болон дэд ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр маш сайн ажилласныг онцлов. Мөн тэрбээр, хуулийн төслийн талаар 60 хуудас зарчмын зөрүүтэй санал гарсантай УИХ-ын гишүүд, АН-ын бүлэг танилцаад, ажиллаж байгаа байх. АН-ын завсарлага, болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болоод уг хуулийн төслийн хэлэлцүүлэг сар гаруй хугацаагаар саатаж байгааг тодотгоод уг хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авснаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top