Ерөнхий сайдын айлчлал нэг тэрбум ам.долларын урсгалыг оруулж ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 22

БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээр хийж, хоёр тал 10 баримт бичигт гарын үсэг зурсан нь эдийн засгийн харилцаанд өөрчлөлт авч ирлээ хэмээн Сангийн сайд онцолж байна. Талууд тохирч, ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг Хятадын тал 100 хувь санхүүжүүлэх ажээ. Урьд нь Хятадын талаас олгож байсан зээлийн нөхцөл хатуу байсан төдийгүй 100 хувь бие дааж, санхүүжүүлж байсан түүх үгүй юм. Мөн төслийн гүйцэтгэгчээр урьд өмнөх жишгээр Хятадын компаниуд давуу эрхтэй оролцож байсан бол энэ удаа Монгол, Хятадын оролцоо тэнцвэртэй байхаар тохиролцсон нь онцгой ач холбогдолтой яриа хэлэлцээ болсныг ч онцолж байна. Манай тал 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглах юм байна. Мөн энэ удаагийн айлчлалаар Хятадын талаас үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээ ихэсч, 60 сая юань өгөхөөр болсон нь бодлогын хувьд том хэмжээний өөрчлөлтийг авч ирлээ хэмээн С.Баярцогт сайд тэмдэглэлээ. Нэг удаагийн тусламжаар 60 сая юанийг Хятадын тал манайд өгч байсан түүх үгүй юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан айлчлал, гэрээ хэлцлийн үр дүнгээс харахад Монгол Улсад орох санхүүжилт, хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийн үнэлэмж нийт дүнгээрээ 800 саяас нэг тэрбум ам.долларт хүрч, ийм хэмжээний ашиг үр дүнг эх орондоо авч иржээ. Энэ бүхний эерэг үр дагавар жирийн ард түмэнд удахгүй мэдрэгдэж эхлэх нь дамжиггүй.


Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top