Монгол шиг бүх юм боломжтой газар гэж үгүй бололтой. Өргөн уудам нутагт нь юу ч хийж болно. Боом өвчнөөр үхсэн малын сэг булахаас эхлээд цөмийн хаягдал ч булшлах боломжтой. Боломжгүй юм алга гэнэ. Дэлхийн хэвлэлүүд сүүлийн үед үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн зүйл, ялангуяа цөмийн хаягдлаа монголчуудад аваачаад тушаачихвал цаадуул чинь мөнгөнд нь болоод шууд авна гэх маягийн юм бичих боллоо. Овоо босгоогүй бол шувууд хаанаас цуглав гэж. Манай дарга нар элдэв юм ярьж энд тэнд зочлохдоо цөмийн хаягдлын талаар ам алддаг биз. Ерөнхий сайд Сү.Батболд, УИХ-ын гишүүн О.Чулуунбат мэтийн хүмүүс ийм хардлагад өртөж байлаа. Одоо ч энэ хардлага хэвээрээ. Төв, Дорноговь аймагт аль хэдийн цөмийн хаягдал авчраад булчихсан гэж хүртэл цуурч байна, хүмүүс. Ор үндэсгүй зүйл гэдгийг одоогоор хэн ч нотлоогүй байгаа. Тэгвэл гадаадын зарим хэвлэл, тухайлбал Хятадын нэгэн сонинд бас л Монголд Японы атомын цахилгаан станцын хог шаарыг авчирч булах гэж байгаа тухай бичжээ. “Фукушима”-гийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн улмаас гэмтэлд ороод байна. Хоёр ч станцаа зогсоосон. Одоо осол аваар багатайхан шиг цөмийн хаягдлыг нь хаа нэгтээ булах тухай яригдаж байгаа гэнэ. Японд урьд нь цөмийн хаягдал булшилдаг газар байсан боловч технологийн шаарлага хангахаа больсон юм байх аа. Тэгээд япончууд тэдгээр ажиллах боломжгүй болсон станцуудынхаа цөмийн хаягдлыг хийх газаргүй болохоороо Монголыг сонгож авчээ. Төлбөрт нь манай улс 12 тэрбум ам.доллар авах юм байна. Ийм их мөнгийг монголчууд бараг барьж ч үзээгүй гэх маягаар Хятадын хэвлэлд бичжээ. Муу л бол хар овоохой гэгчээр сүүлдээ Монгол маань их гүрнүүдийн элдэв шуугианы зугаа болсон юм болов уу даа.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )