Хөл хорио тогтоомогц махны үнэ огцом нэмэгдэж иргэдийг багагүй сандаргаад авсан. Уурлаж бухимдсан иргэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол санал хүргэж албаныхан газар дээр нь ажиллаж махны үнийг нэмсэн иргэд, аж ахуйн нэгжийг 5-20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт тавьж буй. Өчигдрийн байдлаар тус газарт нийт 54 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн бөгөөд гомдлын дагуу Улаанбаатар хотын таван дүүргийн зах, хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Иргэд “Махны үнийг өдөр ирэх бүр мянган төгрөгөөр нэмээд байна, 400 төгрөгөөр зарагддаг өндөг 700 төгрөг гэж байна, зарим газарт хонины ястай мах есөн мянга давлаа” гэх зэрэг гомдлыг тавьжээ. “Худалдагч нар шалгалтынхан ирэхээр үнээ буулгаж хэлээд байдаг. Ялангуяа шинэ жилийн баярын үеэр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн” талаар ч хэлж байв. Энэ сарын 7-ны байдлаар Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500, хонины цул мах 8800, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8800, ямааны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнэ гэхэд хонины мах 6500-7500 төгрөг, үхрийн мах 8500 төгрөг, ямааны мах долоон мянган төгрөгний үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны дээд үнэ 10500 төгрөг болж 500 төгрөгөөр, хонины цул махны дээд үнэ 8800 төгрөг болж 200 төгрөгөөр тус тус буурсан бол бусад махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны доод үнэ 6500 төгрөг болж 500 төгрөгөөр, ямааны мах долоон мянган төгрөг болж 1000 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 8500 төгрөг болж 300 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 5.6 тонноор өсөж 28.9 тонн мах нийлүүлэгджээ. Барс-2, Хархорин, Дүүхээ төв, Хан-Уул дүүрэгт байрлах Лавай, Органик, Яармаг, 52 зах, Сүхбаатар дүүрэгт байрлах Аму, Хүсэл, Бүрэн, Бэлх зах, худалдааны төвүүдэд жижиглэнгийн худалдаанд үхрийн ястай мах 10 мянгаас 12 мянган төгрөг, цул мах 11 мянгаас 13 мянга төгрөг, хонины мах ястай нь найман мянгаас есөн мянган төгрөг байсан бол цул мах 8500-9500 төгрөг, адууны мах долоон мянгаас 9500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Энэ нь өмнөх өдрийхөөс мөн л 500-1000 төгрөгөөр өссөн дүр зурагтай байна. Тэгвэл "Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1500-1650 төгрөг, хоёрдугаар зэргийн гурил 950-1000 төгрөг байгаа нь өмнөх өдрөөс 50-100 төгрөгөөр нэмэгджээ. Харин нэгдүгээр зэргийн гурил 1250-1300 төгрөг, цагаан будаа 2000-3400, элсэн чихэр 2200-2500 төгрөг байсан бөгөөд үнийн хувьд тогтвортой байв. Хоол хүнсний өргөн хэрэглээний төрөл болох ногооны тасгаар монгол төмс 900-1000, монгол лууван 1500, монгол сонгино гурван мянгаас 3300 төгрөгийн үнэтэй байсан бол хятад сонгино 1800-2500 төгрөг байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )