Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ын тэргүүн нартай 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр цахим уулзалт зохион байгуулав. Хуралд Монгол Улсаас хилийн чанадад суугаа 46 ДТГ-ын тэргүүн нар оролцов.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 онд гадаад харилцааны салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулж, гадаад бодлогын хэрэгжилтийг дүгнэж, 2021 онд салбарын өмнө тавигдаж буй зорилтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлж, үүрэг чиглэл өгөв.
Сайд Н.Энхтайван “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын Үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр тусгагдсан зорилтууд, ГХЯ-ны 2020-2024 оны Стратеги төлөвлөгөөнд заагдсэн ажил, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхээр одооноос идэвхийлэн ажиллахыг үүрэг болгов. Мөн гадаадын улс орнууд “Ковид-19” цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, ард иргэдээ вакцинжуулах, эдийн засгийг сэргээх, гадаад худалдааг хэвийн горимоор ажиллуулах, цар тахалтай тэмцэж буй талаарх сайн туршлагыг судалж нэвтрүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллахыг ДТГ-ын тэргүүнүүдэд үүрэг болгов.
Түүнчлэн энэ онд тохиож буй Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ой, Монгол Улс НҮБ-ын гишүүн болсны 60 жил ойг тус тус тохиолдуулан ГХЯ-наас зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )